АСЕМ: Хэн юу хэлэв?

2016 оны 07-р сар 15-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Швецарийн Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Амман- Монгол Улсыг төвийг сахих бодлого баримталдгийг дэмждэгээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Швейцарь Улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Аммантай уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож Монгол оронд морилон саатаж байгаад нь Швейцарийн Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.

Швейцарь Улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Амман АСЕМ-ийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад нь Монголын талд хариу талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр өнгөрсөн нэгдүгээр сард болсон Давосын Эдийн засгийн чуулганы үеэр уулзаж байснаа дурсацгаасан юм. Швецарийн Ерөнхийлөгч мөн Монгол Улс байнга төвийг сахих бодлого боловсруулан хэлэлцүүлгийн шатанд явж байгааг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Хоёр тал уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлж, ардчилал, хүний эрхийн салбарт хамтран ажиллаж байгаадаа харилцан сэтгэл ханамжтай байдгийг тэмдэглэж байсан юм.

Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов- Улаанбаатар-Астанагийн чиглэлд шууд нислэг үйлдэх боломжийн талаар ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов бараалхлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцон ярилцсан юм. Энэ үеэр Улаанбаатар-Астанагийн чиглэлд шууд нислэг үйлдэх асуудлыг шийдэх боломжийн талаар мөн хөндөж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай дотно сайн харилцаатай байдгаа дурдаж, эсгий туургатан, нүүдэлчин соёлтой ард түмнүүдийн хувьд ижил төстэй зүйлс байдгийг онцлов.

Мөн ирэх 2017 оны 6 дугаар сард Казахстанд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Казахстаны Ерөнхийлөгчтэй дахин уулзах боломж байгааг дурдацгааж байв.

Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо- Эдийн засаг, худалдааны салбарт чухал нөлөөтэй хэлэлцээрүүдийг хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицотой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа уламжилсан юм.

Тэрээр, Монгол Улс, Словак Улс нь уламжлалт, найрсаг харилцаатай, нэгэн үед ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгон хамтдаа шилжилтийн үеийг амжилттай даван туулж, ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, хөгжүүлж чадсаныг цохон тэмдэглээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжээгүй байгаа тул тодорхой шалтгааны улмаас хэрэгжээгүй Үндэсний зөвлөлийн дарга болон Ерөнхий сайдын айлчлалыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа тухайгаа илэрхийлээд БНСлУ Европын Холбооны Зөвлөлийг 2016 оны 7 дугаар сараас эхлэн даргалах болсонд баяр хүргэхийн сацуу Монгол Улсыг Европын Холбоотой хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

Мөн тэрээр хоёр талын уламжлалт харилцааны хүрээнд Эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээр, “Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” хэлэлцээр болон “Харилцан давхар татвар ноогдуулахгүй байх тухай” хэлэлцээрийг байгуулах чиглэлээр ажиллаж байна. Словак Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эрмэлзэл Монгол Улсад байгааг илэрхийлж, хамтын ажиллагааг ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг байнгын механизмуудын хүрээнд хөгжүүлэх боломжтой талаар мэдэгдлээ.

Ерөнхий сайд Роберт Фицо хоёр талын харилцааны хүрээнд Эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх эрх зүйн баримт бичгийг боловсруулан эцэслэх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч байна гээд энэ тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлж байлаа.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСУ-ын Ерөнхий сайд Роберт Фицотой хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоны зэрэгцээ Европ, Азийн бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Кипр Улсын Никос Анастасиадес- АСЕМ-ийн зохион байгуулалт сайн байгааг онцлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Кипр Улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадестай уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд Кипр Улсын Ерөнхийлөгчийг АСЕМ-ийн уулзалтад амжилттай оролцож, Монгол оронд тавтай саатан морилохыг ерөөлөө.

Киприйн Ерөнхийлөгч  Никос Анастасиадес АСЕМ-ийн уулзалтын зохион байгуулалт сайн байгаад Монголын талд  талархал илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг дурдлаа. Мөн хоёр талын хамтын ажиллагааны бусад асуудлуудаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочныг нүүдэлчдийн зан заншил, соёл, уламжлалыг харуулсан наадмыг үзэн сонирхохыг урьсан юм.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.