Хурмастын хур, нар тэгширсэн наадам…

Twitter Print
2016 оны 07-р сар 14-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчийн нэгэн их Д.Нацагдорж өдгөөсөөс 81 жилийн өмнө буюу 31-хэн настайдаа бурхан болохоосоо хоёрхон жилийн өмнө буюу 1935 оны улсын их баяр наадмын өмнөхөн яагаад ч юм бэ “Амьд явбал улсын наадам үзнэ” хэмээн дуун алдсан гэдэг. Тэгвэл тэрхүү гүн утгатай, басхүү ухаарал хайрласан, энэ сайхан орчлон хорвоод амьд явж, Монгол наадмын тэнгэр дор дахин нэг жаргаасан эх орон танаа бэлгэ дэмбэрэлтэй сайхан үгийг чадан ядан хэлхэж есөн цацал өргөм үү. Бүтэн жил сэтгэл догдлон хүлээж, түмэн олноороо Хүй мандлын дэнжийг алаглуулж, хэдэн талаараа барилгаар хашигдсан ч Цэнгэлдэх хүрээлэнгээ өргөчих шахан уухайн түрлэг хадаадаг Монгол наадам үнэхээрийн сайхан болоод өнгөрлөө. Монголын уран сайхны нэгэн кинон дээр “Охид хөөрхөн төрөх боллоо. Цаг сайжрахын тэмдэг” гэж хэлдэг хэсэг бий. Түүн шиг Монгол наадам жилээс жилд утга төгөлдөр, урам сэргээж дуу алдуулсан үйл явдлуудаар дүүрэн болдог болжээ. Хөх толботнуудын анхлан байгуулсан Хүннү гүрэн хийгээд Их Монгол Улс байгуулагдсан, Ардын хувьсгал мандсан зэрэг олон тэгш ой тохиосон энэ жилийн наадам Цэнгэлдэх хүрээлэнг пиг дүүргэн алаглуулсан гадаад, дотоодын үзэгчдийн сэтгэлийг жинхэнэ утгаар нь хөвсөлзүүлэн татсан нээлтийн ёслолоосоо эхлээд л Монгол наадмын гайхамшиг, баяр хөөрөөр амьдралын жаргал мэдрүүлэн эхэлсэн юм. Монгол Улсын Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар Хүн гүрэн байгуулагдсан, Модун Шанью гүрний эзэн болсноос эхлээд Их эзэн Чингис хаан мэндэлсэн, эзэнт гүрнээ байгуулж дэлхийн талыг нэгэн их эмх цэгцэнд оруулсан гээд Монголчуудын туулаад ирсэн агуу их намтар түүхийг Цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дээр “Үүнээс илүү яаж ч бүтээх билээ” гэтэл ид хавтай найруулан тавьж наадамчин олныг цэнгүүлэв. 

Энэ жилийн наадмын нээлт үнэхээр утга төгөлдөр, өнгийн баясгаланд умбуулсан шигээ таван тивээс Монголыг зорин ирсэн зочид гийчдийн хөл хөгжөөн дүүрэн байснаараа аргагүй л Монголыг дэлхий сонирхож эхэлсний яруу тодорхой нотолгоо болов. Наадмын эхний өдөр 20 мянган төгрөгийн үнэтэй тасалбарын үнэ Цэнгэлдэхийн гадуур 40-50 мянган төгрөгөөр шурхийгээд алга болж байсан нь Монгол наадмын нээлтийг сонирхох хүсэл ямар их байсны нотолгоо бизээ. 11-ний өглөө ёстой л Монголчуудын хэлдгээр “Нар, хур тэгширч” байсхийгээд л хэсэгхэн үүл гарч сэвшээ салхи үлээгээд жинхэнэ утгаараа хурмаст тэнгэр хүртэл “Өнөөдөр хөх Монголчуудын наадмын өдөр. Тиймээс нар хураа тэнцүүхэн илгээе” гэх мэт байсан даа. 

Гурван тэгш ой тохиосон энэ наадмаар уламжлал ёсоор 1024 бөх барилдаж Монгол бөхийн түүхэнд олон содон амжилтын эзэн болсон Улсын заан Ч.Санжаадамба өөрийнхөө таван наадмын азгүйтэл, ард олны таван жилийн их хүслийг хавтай сайхан хариулж 10 даван түрүүлж Монгол Үндэсний бөхийн 22 дахь аварга цолтон болсон нь чухамдаа Монголчуудыг сэтгэлийн жаргаланд умбуулсан юм. Ер нь энэ жилийн наадмын бөхийн тухайд наймын давааны төгсгөлд Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нарын барилдаан жаахан будлиантай болсноос өөрөөр өөлөх юмгүй сайхан наадам болов. Монголын Үндэсний бөх 14 начин, таван харцага, нэг заан, нэг арслан, нэг аваргаар хүрээгээ тэлж, Улсын шинэхэн аварга Ч,Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва, арслан П.Бүрэнтөгс нар Монгол наадмын ивээн тэтгэгчид болон нутгийн зөвлөлүүдийнхээ бэлэглэсэн цоо шинэхэн Ланд-200 машины эзэн болцгоож ялан дийлсэн баяр хөөр болон, сэтгэлд зангирсан гомдол харууслаа тайлцгаав.

Монголчууд жилээс жилд наадаж сурцгааж байгаа нь энэ жил Цэнгэлдэх хүрээлэнгийн гадуур бөртийх ч хог новшгүй, ёстой л шинэлсэн айл шиг өнгөтэй байснаас тодорхой харагдаж хэн хүнгүй магнай тэнэгэр, сэтгэл баясгалантай наадав. Монгол наадмын гол идээ болдог хуушуур 1000 төгрөг, айраг литр нь 2500-3000 төгрөгийн ханштай ч амт шимт, эрүүл ахуйн талаасаа хяналт шалгалт сайтай, тэр хэрээр сэтгэлд нийцтэй байсныг хэлэх ёстой. Зулай төөнөх халуун наргүй, хаашаа л харна өнгө алаглуулсан Хүй мандлын дэнж дээр хурдан хөлгүүдийн жинхэнэ гал гарсан уралдаанууд ээлжлэн явагдаж сүмогийн их аварга Д.Дагвадоржоос эхлээд хийморь цог нь бадарсан олон уяач алтан тууртныхаа буян хишгийн торгон жолоог өргөцгөөв. Ялангуяа Монголчууд хэн хүнгүй Хүй мандлын дэнж дээр очиж магнайдаа тоосгүй ирсэн ижилгүй хурдан Соёолонгийн сувдан хөлсөнд хүрэх гэж хошууран гүйлддэг жамаар энэ удаа ч Хүй мандлын дэнжийг хөл гишгэх газаргүй болтол нь дүүргэсэн бөгөөд их аварга Д.Дагвадоржийн  бор соёолон түрүүлэн ирж хурсан олныг сэтгэлийн жаргалд умбуулсан нь аргагүй л хийморьтой эр хүн, хурдан шандаст хөлгийн найрсал болж бас нэгэн шинэхэн түүхийг бүтээсэн юм. Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон насны морины уралдаанд  293 хурдан буян шандас сорьсноос ийнхүү Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Д.Дагвадоржийн бор соёолон магнайдаа тоосгүй хурдлан ирсэн нь шинэхэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тодорхойлсноор Монгол түмний аз хийморь, босоо цагаан заяа хойшид өөдлөн дэвжихийн өлзий хутгийн үүдийг нээж ч магадгүй бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болсон юм.  

Энэ жилийн наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж, Монгол түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн нь бас нэгэн сюрприз байв. Ер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сурын талбай дээр очиж түмэн олонтойгоо мэндчлэхдээ ч “Монгол түмнийхээ буян заяанд үеийн үед биширч, мөргөж явах болно” хэмээн дахин дахин мэдэгдсэн нь найм дахь удаагаа Монгол наадам нээж, цагаан эсгий дээгүүр сүр жавхлантай алхсан хүний ард түмэндээ хандсан гүн хүндэтгэлийн илэрхийлэл болсон юм. 

Утга, үзэмж төгөлдөр Монгол түмний эв нэгдэл, аз жаргалын илэрхийлэл болсон наадам түмэн сайхнаар дүүрэн болсон ч олон түмний сэтгэлийн баярыг үргээсэн, ёс жудаггүй ганц хоёр үйлдэл гарсныг ч хэлэхгүй өнгөрч болохгүй. Тухайлбал хүчит бөхийн наймын даваанд учраа тааран барилдсан улсын арслан Н.Батсуурь өрсөлдөгч Б.Пүрэвсайханг нидэрч ёс зүйгүй авирласан нь Монгол наадмын торгон ногоон дэвжээнд байж боломгүй үйлдэл мөн. Энэ мэт Монгол бөхийн ёс жудаггүй зарим нэгнийг эс тооцвол торгон ногоон дэвжээг чимэглэж, үнэн хүчийг үзсэн барилдаанаар дүүрсэн наадам болоод дууслаа. 

Хурдан морь, эрхий мэргэн харваачдын талаар удахгүй дэлгэрүүлэн хүргэх болно. 

Д.Энхтүвшин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.