Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол боллоо

Twitter Print
2016 оны 07-р сар 10-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам маргааш албан ёсоор эхэлнэ.

Өнөөдөр Төрийн далбааны өдрийг тэмдэглэж байна. Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болов. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд оролцлоо.

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй алба хаагчид оролцлоо. Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлав.

Арга хэмжээг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын болон цэрэг-агаарын атташе нар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, нийслэлийн иргэд үзэж сонирхлоо.

Ёслолын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа!

Эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид аа!

Хүндэт зочид, нийт иргэд ээ!

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, манай ард түмний эрхэм баяр, Монгол наадмын эхлэл, Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Төрт ёсоо хүндлэн дээдэлж, төрийн сүлдэндээ сүслэн залбирдаг ард түмний маань их баяр эхэлж байна. Манай үндэсний баяр наадам төрийн далбааны өдрөөр эхэлдэг нь ихэд билигшээлтэй.

Эртнээс улбаатай Монгол төр гурван цагийн хэлхээнд өнө мөнхөд оршиж, улс орны маань бие даасан байдал, хөгжил цэцэглэлтийн суурь болсон эх оронч үзэл, үндэсний ухамсрыг иргэд, залуу үедээ уламжлан үлдээхэд энэхүү баярын учир утга чиглэгдэж байгаа юм.

Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөөг бататган бэхжүүлж, эвийн хүч, шударга ёс, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэн дээдэлж, хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэхэд Монгол төрийн энэхүү уламжлал хүч нэмэр өгөх нь гарцаагүй юм.

Ийнхүү язгуур түүх, үндэс угсаа, эх хэл, соёл уламжлал, төрт ёсоо бишрэн хүндэтгэдэг манай ард түмэн үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Төрийн далбааны өдрийг найм дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Алтан соёмбот төрийн далбаагаа НҮБ-ын шилтгээн, эх дэлхийн умард, өмнөд туйл, Гималайн оргил, сансрын уудамд мандуулж, “Монгол” гэсэн эрхэм нэрийг дэлхий дахинаа цуурайтуулж яваа бидний эх орон нэгтнүүд, цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид, нэрт тамирчид, урлаг, соёлын зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд та бүхэнд Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Монгол зоны түүх, соёл, уламжлал, зан заншил, ухаарал бахархлын охь болсон Монгол наадам маань Алтан соёмбот төрийн далбааны өдрөөр эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн албан хаагчдын сүр жавхлант цэргийн ёслолын жагсаал, цоглог яруу цэргийн хөгжмийн маршаар эхэлдэг нь учиртай.

Монгол эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил, дэвшлийн төлөө хөдөлмөр, зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн ахмад үеийнхэн, ахмад дайчид болон хүндэт зочид, нийт иргэддээ “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлж, ажлын их амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол төрийн өлмий бат оршиж, Монгол цэргийн сүлд хийморь, цог золбоо өнө мөнхөд мандан бадрах болтугай!

“Ура” нөхөд өө!” гэлээ.

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй алба хаагчид оролцлоо. Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өргөв. Ёслолын үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Төрийн цэргийн удирдах бүрэлдэхүүнтэй мэндчиллээ.


Мөн өнөөдөр Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.