Улс орон маань утга учиргүй улс төржилтийн пянг даахгүй шүү

Twitter Print
2016 оны 07-р сар 07-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр УИХ-ын шинэ бүрэлдхүүн маань тангаргаа өргөв. Хугацаа алдах хэрэггүй юм. Наадмаас өмнө Засгийн газраа бүрдүүлээд шуурхай ажилдаа орох гарцаагүй шаардлага бий. Наадмаар шинэ сайдууд индэрт суухын тулд биш, ерөөс хойш тавих аргагүй хоолойд тулсан олон ажил бий билээ. 

МАН-ын Засгийн газрыг аль ч нам ялгалгүй, тэр дундаа гол сөрөг хүчин болох АН бүхий л талаар дэмжиж ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Зөв ч бай, буруу ч бай шүүмжилж, эсэргүүцэж байдаг, шүүмжлэхийн тулд сөрөг хүчин байдаг мэт аашилдаг нялхын өвчингөөсөө АН өнөөдөр салах цаг болсон. 26 жил боллоо. Эр биед хүрвэл хүрэхээр хугацаа өнгөрчээ. 

Бүхий л талаар дэмжиж ажиллана гэхээр сайнтай муутай нь дэмжих тухай ойлголт бас биш юм. Үгсээд хуйвалдаад эхлэх тухай бол бүр ч биш. Бид нийтлэг эрх ашиг дээрээ нэгдээд эвлээд явах чадваргүй болчихсон хэт явцуурдаг улс төрөөсөө салах тухай яриа юм. 

Өнөөдрийн улс орон маань тэгэж утга учиргүйгээр талцаж, сөргөлдөхийн пянг даахааргүй болчихсон байгаа шүү. Өр зээл, өвчин зовлон, гацсан эдийн засаг, ядуурсан түмэн гээд... 

ГЭХДЭЭ, нэг зүйлийг хэлэхээс өөр аргагүй байна. Өнөөдрийн Монголд оронд бүхэл бүтэн системийн өөрчлөлт хэрэгтэй. Түүнээс биш "Урсгал засвар" шаардлага хангахааргүй болсон. Харамсалтай нь Засгийн эрхэнд гарсан МАН-ын нүдэнд харагдаж буй бүрэлдхүүнд системийн өөрчлөлт хийж чадах хэмжээний чадавхи харагдахгүй байна. 

Тийм томоохон хэмжээний суурь өөрчлөлтийг үзэл санаа тээгчид хийдэг болохоос өнөөдрийн Засгийн эрхэнд гарсан МАН-ын нөхдүүд шиг технократууд, овжин улс төрчид, ашиг хонжоо хайгчид хийдэггүй. Гэвч тэднээс өөр сонголтгүй учир тэднийгээ л шахаж, шаардах болно доо. 

Б.Наминчимэд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.