Дээрхийн гэгээнтний өлмий бат орших болтугай

Twitter Print
2019 оны 07-р сар 06-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Буддын шашны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн Далай лам Данзанжамцын 84 насны сүүдэр энэ өдөр тохиож байна. Бурханы шашны тэмдэглэлт баяр ёслолууд дотроос Григорийн цаг тооллоор тэмдэглэдэг цорын ганц баяр нь энэ юм. 

Сүсэгтэн олноо Энэрэнгүйн Будда Авалокитешварагийн (Жанрайсиг) дүр гэгддэг Дээрхийн гэгээнтний хорвоод мэндэлсэн энэ өдөр сүм хийдүүд даяараа хурал ном хуран Далай багшдаа эрүүл энхийг хүсэн ерөөдөг билээ. 

Түвдийн болон бурханы шашин ном өргөн дэлгэр тархлыг олсон Монгол, Буриад, Тува, Халимаг, Бутан, Балба зэрэг орнуудын сүсэг бишрэлийн тэргүүн Дээрхийн гэгээнтэн 1935 оны долдугаар сарын 6-нд Түвдийн зүүн хойд хэсгийн Амдо мужийн Тагцэр гэх жижиг тосгоны тариачин гэр бүлд төрсөн гэдэг. Харин өмнөх XIII Далай лам хоёр жилийн жанч халж, тэнгэрт одсон байлаа.

Далай лам есөн хүүхэдтэй айлын тав дахь хүү болон төрөөд Лхам Донров гэх нэр авсан байна. 1937 онд Далай ламын хойд дүрийг тодруулах эрлийнхэн тэднийд очиж шалгаад XIII Далай ламын болон өмнөх 13 гэгээнтний хойд дүр  гэж тодруулжээ. Бяцхан Далай намын төрсөн нутаг тэр үед Хятадын хяналтад байсан бол Түвдийн засаг захиргаа орон нутгийн эрх баригчидтай гэрээ хэлэлцээр хийж байгаад түүнийг Поталод 1939 оны аравдугаар сард авчирч 1940 оны хоёрдугаар сарын 22-нд Далай ламын сэнтийд залсан гэдэг.

Ингээд гэгээнтэн Цэцэн Жамбал Нагваан Иш Дэнзэн Гочоо нэр авч шашны уламжлалт сургаальд суралцаж эхэлсэн байна. Түүний хоёр багш рэнбүүчий нар сэтгэн бодох, Түвдийн урлаг ба соёл, санскрит, анагаах, буддын гүн ухаан гэх “таван том шинжлэх ухаан”, “таван жижиг шинжлэх ухаан” гэгдэх яруу найраг, хөгжим, драмын урлаг, зурхай, илтгэх урлаг зэрэгт суралцаж, 24 насандаа гурван том хийдийн их сургуульд ном хаялцаж, төгсөлтийн шалгалтаа өгөөд  гэвш лхарамба цол авсан байна.

Харин шашны сургаальд суралцаж асан дөнгөж 15 насандаа гэгээнтэн Түвдийн Үндэсний ассамблейн хүсэлтээр 1950 оны арваннэгдүгээр сарын 17-нд Түвдийн Засгийн газар, төрийн тэргүүн болсон аж. Хятадын ардын чөлөөлөх арми Түвдэд түрэмгийлэл үйлдэж, улс төрийн нөхцөл байдал хүнд байсан энэ цаг үед түүнд яах аргагүй ийм хариуцлагатай үүрэг ногджээ. 

1950-иад оны дунд үеэс Түвдэд Хятадын эсрэг хөдөлгөөн эхлэн удаа дараагийн эсэргүүцэл газар авсаар 1959 онд зэвсэгт бослого гарахад Хятадын эрх баригчид харгислан дарсан цаг үеэс хойш Далай лам Энэтхэгт дүрвэн гараад Дарамсала хотод амьдарч байна. 

Энэтхэгт Далай лам Түвдийн дүрвэсэн Засгийн газрыг байгуулан удирдсан бөгөөд дүрвэгсдийн хүүхдүүдийг сургах сүлжээ, Урлагийн институтууд болон Түвдийн судалгааны дээд төвийг үндэслэн байгуулсан байна. Дээрхийн гэгээнтэн бурханы шашны номлол, Хүний эрхийн түгээмэл тунхагт тулгуурласан ардчилсан Үндсэн хуулийг ирээдүйн эрх чөлөөт Түвд улсын загвар болгон 1963 онд тунхагласан байна.

Далай лам өрнө, дорнын 40 орчим орноор айлчлан шашин, соёл урлаг, бизнесийн  төлөөлөгч нартай харилцаа холбоо тогтоожээ. Дээрхийн гэгээнтэн Түвдийн гүн ухаан ба шашны номнолоор олон ном бичсэн байна. Түүний зүтгэлд нь 1989 онд Нобелийн энх тайвны шагнал олгож байлаа. Мөн Азийн  Нобель гэгдэх Хүний эрхийн төлөөх Филиппиний Магсейн шагналыг Далай лам авсан юм. Дээрхийн гэгээн Америкийн хүмүүнлэгийн Альберт Швейцарийн шагнал, Германы Леопольд Лукхмын шагнал, АНУ-ын “Цөмийн зуун” сангийн “Энхийг сахиулах үйлсийн тэргүүлэгч” шагнал, Энэтхэгийн Үндэсний энхийн бага хурлын “Энх тайван ба эв нэгдлийн төлөө” шагнал,  Германы Сарториусын сангийн тэргүүн шагнал, АНУ-ын Конгрессийн Алтан медаль зэрэг нэр хүндтэй шагнал авч байжээ.  1994 онд Орост айлчлан  “Улс түмний найрамдлын одон”-гоор шагнагдан Төрийн думд нь үг хэлж байсан түүхтэй. Канад 2006 онд Далай ламыг хүндэт иргэнээ болгожээ. 

Буддын номнолоор Далай ламын хорвоогийн зам төгсөхөд сүнс нь дараагийн төрөл, шинэ төрсөн хүүхдэд очдог үздэг бөгөөд түүний хйод дүрийг нь  Түвд, Монгол, Хятадаас тусгай лам нар тодруулдаг. Дээрхийн гэгээнтний өмнөх төрөл XIII Далай лам дараа өөрөө төрөх нутаг орноо бичин үлдээсэн байсан бөгөөд тэр нь ч ном ёсоор батлагдсан гэдэг билээ. 1937 онд шинэ Далай ламыг тодруулах лам нар Тагцэр гэх тосгонд ирэхэд  “Хойд төрөл орсон жижигхэн хүүхдүүд өмнөх төрлийнхөө хэрэглэж байсан эд зүйлсийг сайн мэднэ. Мөн тэд хэн ч заагаагүй байхад шашны ном судраас уншдаг. Миний ярьж хэлсэн зүйл бүхэн лам багшийн хойд төрлийг олсон гэх итгэл өгсөн байж” хэмээн XIV Далай лам “Миний газар нутаг, миний ард түмэн” номондоо бичсэн байлаа. 

Далай лам хорвоод мэндэлсний энэ өдөр сүсэгтэн олноо амьд бурхан хэмээн дээдлэгдсэн Дээрхийн гэгээнтний өлмий бат орших болтугай хэмээн ерөөл дэвшүүлье.

Гандан аалаа согсуутан

Гандан аалаа дорший ваа

Лигваа ламаа шагваа дээ

Жавуу дэдэг аймийтан

Санжаа номины чойжий доо

Дэмбээ номины чойжий буу

Чойнид шавир жамъяан бэ

Дэний намбар шийний нүй

Равжир дүйжир нямдуушин

Дармаа эрээвэр морьнийтон

Жууман салбар чойвортон

Милий логдон бийрэндоовуу

Дүйжий тамжид мэдэрдоо

Энэхүү хураангуйг нэг уншваас Очироор огтлогч нэрт их хөлгөн судрыг гурав уншсантай дүйцмой.

Билгүүн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийн тус эрдмийн тайлбар, үүнийг уншваас, уншуулбаас, бичвээс, бичүүлбээс найман түмэн, дөрвөн мянган номын цогцсын тус эрдмийг магтан уншсан бүтээсний буяныг олж, энэ насанд нас буян, эрхтэн хийморь дэлгэрч, аливаа үйлс бүтээд, эцэс хойтод бодь хутгийг олох нь дамжиггүй хэмээн номложээ. Энэ буянаар эх болсон хамаг амьтан Бурханы бодь хутгийг олох болтугай.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.