"Бор гэртээ богд" суухын жаргал буюу Америк тусгаар тогтнол

Twitter Print
2018 оны 07-р сар 04-нд 14:04 цагт
Мэдээний зураг,

Аливаа угсаа гарвал, улс үндэстэн бүхэнд “бор гэртээ богд, хар гэртээ хаан” лугаа “хөл хөсөр, гар газар тухлан суух” шиг эрхэм дээдийн жаргал үгүй. Өнөөдөр америкчууд Тусгаар тогтнолын өдрөө (Independence Day) тэмдэглэн өргөн дэлгэр цэнгэн хөгжилдөж байна. Олонхи америкчууд гэхдээ долоон сарын дөрвөн (Fourth of July) хэмээн энгийн нэрлэдэг энэ өдөр угтаа колончлогчдын баяр. Шинэ тив нээж, уугуул үндэстэн улаан арьстнуудыг шахан зайлуулсан гэдэг утгаараа тэр, тэгээд ч колончлогчдын хоорондын үхэн сэхэхийг үзсэн ялалтын баяр билээ. Тиймээс ч их учиртай, өрөөл бусдын хамаарал, дарлал мөлжлөгөөс мултарч, туурга тусгаарлахын төлөө тэмцэл гэхээсээ илүү эрх мэдэл, ашиг сонирхлын төлөө тулааны үр дүн байлаа.

Тухайн үед өнөөгийн АНУ-ын нутаг дэвсгэрийн дорнод эргийг барин суурьшсан Британийн 13 колони Английн хаан ширээ, парламентийн эсрэг зэвсэг барин тэмцсэнээр тусгаар тогтнол гэсэн итгэл үнэмшил олж авсан түүхтэй. Угтаа нэг л угсаа үндэстнүүд, гэвч нөгөө хэд нь шударга байгаагүй гэж үзсэнээс дайн эхэлсэн аж. Энэ бол 1775 он байлаа.

Дайн тулааны дунд харин колончлогчид өөрсдийн эхлүүлсэн тэмцлээ зөвхөн эрх тэгш шударга ёс тогтоохын төлөө бус, английн дарангуйлалаас чөлөөлөгдөж, эрх чөлөө олж авах сайхан боломж болохыг ойлгож ухаарсан байна. Энэ тухай ч Тусгаар тогтнолын тунхаглал бичигт яруу тод тусгасан байдаг бөгөөд чухам энэ баримтад анх удаа Америкийн нэгдсэн улс гэсэн нэр ус зааж өгсөн аж.

Уг баримт бичгийг (Declaration of Independence) Тивийн Хоёрдугаар конгрессийн ерөнхийлөгч Жон Хэнкок (John Hancock) болон уг конгрессийн нарийн бичгийн дарга Чарльз Томсон (Charles Thomson) нар 1776 оны долдугаар сарын 4–ны өдөр соёрхон баталж, гарын үсэг зурснаар Америк хэмээх нэгэн улс гүрнийг зарлан тунхаглах болсон билээ.

Хүн төрөлхтний түүхэнд онцгой чухал байр суурь эзэлдэг баримт бичиг хэмээн үзсээр ирсэн Тунхаглалын төслийг Томас Жефферсон, Жон Адамс, Бенжамин Франклин, Рожер Шерман, Роберт Ливингстон нарын таван хүнтэй комисс зохиосон гэж албан ёсоор үздэг хэдий ч Томас Жефферсон ганцаараа шахуу гардаж гүйцэтгэсэн байдаг байна.

Ингээд Тунхаглал бэлэн болсон хойно тусгаар улсаа зарлаж,  баталгаажуулан нийтдээ 56 хүн гарын үсэг зурсан байдаг бол тэднээс олонхи нь худалдаа наймааны ашиг харсан амбицтай эрхэмүүд байсныг түүх гэрчилдэг байна. Гэтэл тэднээс тавыг нь англичууд урвагч хэмээн баривчилж буудан хороосон байдаг бол олон хүн дайнд хамаг байдгаа, амь насаа хүртэл алдаж дууссан гэдэг. Сонирхолтой нь, АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдох хувь тавилантай байсан Жон Адамс, Томас Жефферсон хоёр хожмоо яг 50 жилийн дараа хоёул хачин жигтэй тохиолоор 1826 оны долдугаар сарын 4-ний Тунхаглал баталсан ойн өдар нэгэн зэрэг нас барсан аж. Энэ тухай зөн билгийн олон янзын таамаглал, цуу яриа байдаг бол “Тусгаар тогтнолын тунхаглал”-ыг ч мөн тайлбарлагдашгүй паранормал үйл явдлууд тойрч гараагүй гэдэг байна. Үндэсний үнэт зүйл хэмээн тооцдог Тунхаглалын эх бичгийг инертийн хийгээр дүүргэсэн сум нэвтрэхгүй шилэн хоргонд хадгалдаг бөгөөд уг баримт мэдээллийг тойрсон хэд хэдэн кино бүтээл гарсаны дотор Николас Кейжийн тоглосон  цуврал бүтээлүүд байдаг билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.11.121) 2016-07-04 12:53
      • 0
      • 2

      hmm deeremchdiin bayar bizdee muu fuck you facist america

      Хариулах

    • гость

      (202.179.11.10) 2016-07-04 12:51
      • 0
      • 2

      нээрээ л бор гэртээ богд хар гэртээ хаан байх нь ядуу байсан ч өөрийн гэртээ сэтгэлийн сайхнаар амьдрахыг хэлдэг бизээ АНУ бол тонон дээрэмдэж бий болсон улс учир тэр ген нь кодлогдож үлдэн одоо ч тэр зангаараа л байгаа

      Хариулах