Одоо ч дэн дун биднийг угтах их дэн дун

Twitter Print
2016 оны 07-р сар 02-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Монголчууд сонгуулийн шокноос хараахан гараагүй бололтой, жаахан дэн дун. Өнөөдрөөс харин санаа бодлоо солилцож, хуруу чичлэн өөр өөрийнхөөрөө үнэлэлт  дүгнэлт өгч эхлэх цаг ирж байх шиг байна. Гол өгсөөд давхичих нь даа, тэдний хотоор нэг оръё, баавайгаас нэг үг сонсоодхоё,тэр нэг чулч эртээд юу гээд байлаа гэх жишээний. Ядахад өнөөдрөөс гашуун нясуун юм чөлөөтэй авч болдог өдөр, оройхондоо бүр ч дэн дун байх төлөвтэй. Сарын эхний нэг хоног, бас сонгуулийн өдөр давхцаж, дээр нь дундах нэг хоногийг нь нэмж, гурав хоног сойчихсон болохоор арга байж уу. Тэгээд л сэтгэл чилээж суугаа.

Үнэмлэхүй ялалт байгуулж, Засаг төрийг дангаараа атгах болсон Ардын намынхан нуль “бацаанууд” болсон учир чилийсэн энэ дөрвөн жилд биднийг юу хүлээж байгаа бол. Ёстой дэн дун өнгөрөх биз.

Сонгууль өндөрлөсний маргаашнаас, баяр хөөрөөр бялхан цалгих “ардынхнаас” бусад нь нэг л ажин түжин. Монгол улс төр засаггүй болсон гэмээр завсрын үе харин их салхи шуурга дэгдэхийн өмнөх мэт аниргүй дүнсгэр.

Одоо ер нь засаг гэж байна уу? Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ хуваарийн дагуу ирэх долоо хоногийн даваа гаригт Засгийн газрын хуралдаан болох ёстой ч юугаа хэлэлцэх тодорхойгүй байгаа юм гэнэ.

Засгийн газар хамгийн сүүлд сонгуулийн өмнөх өдөр ээлжит бусаар шуурхай хуралдахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн үлдсэн 49 хувийг Монголын талд худалдан авах шийдвэр гаргаадахсан. Бүр энэ долдугаар сард төлбөрийг нь бүрэн шилжүүлж дуусах захирамж шийдвэр ч гарсан сурагтай.

 “ОХУ-ын “Ростех” корпораци Орос-Монголын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт эзэмшдэг 49 хувиа Монголын талд арилжаалахаар болсон тухай ТАСС агентлаг мэдээлсэн даруй хэдий хэрийн хөрөнгөөр худалдах болж байгаа нь анхаарал татав. Гэтэл  "Ростех" өөрийн эзэмшлийн хувиа 0.5 тэрбум доллараар үнэлж байгаа юм байх. Одоо нэгэнт уутаа гөвсөн хөрөнгө мөнгөтэй улсад энэ чинь даах яс мөн үү? Саяхан л Оросууд Монголчуудын тавьсан их өрийг  97 хувиар буюу 174, 2 сая доллароор цайруулж, гуравхан хувь үлдээхэд  энэ оны хоёрдугаар сард багтаан 3,8 саяын тэр үлдэгдлийг нь  яаж ийгээд нэг юм барагдуулсаны дараа улсын сан хөмрөгө хоосорсон нь тодорхой болсон. Гэтэл одоо энэ. Монгол улсын Засгийн газраас л амбицлахгүй бол тэр хөрөнгийг эзэмших гэж буй Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс” компаниуд төлбөрийг нь гаргах ёстой. Гэвч энэ асуудал нам эвсэлүүдийн улс төрийн амбиц болж хувирах нь тодорхой байна. Тухайлбал, асуудал яригдаж эхэлсэн даруй МАХН З.Энхболд, Ч.Сайханбилэг нараас “Эрдэнэт"-ийн тухай шийдвэрийг хүчингүй болгохыг шаардаж эхэлсэн, энэ эгзэгтэй цаг үед өрөн дээр өр нэмж “Эрдэнэт”-ийн асуудлыг ингэж, яаруу шавдуу шийдвэрлэхийн хэрэг байсан юм уу гэдэг асуулт тавигдаж байна.

Монгол улсын гадаад нийт өр 2015 оны эцэст 21.6 тэрбум ам.долларт хүрсэн бол 4.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувийг Засгийн газрын гадаад өр болон баталгаа эзэлж байна. Хуульд зааснаар бол төсвийн алдагдлыг ДНБ-ийн хоёр хувиас хэтрүүлэх ёсгүй. Гэтжл хоёр хувьд барина гэвэл эхчүүдийн одонгийн мөнгө танагдах, хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог болох, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж чадахгүй болох,  төсвийн хөрөнгө оруулалтаар 342 тэрбум, Хөгжлийн банкны санхүүжилтээр 700 тэрбум төгрөгийн ажил хийгдэх ёстой ч энэ бүхнийг царцаах шаардлага тулгарч байгаа тул энэ онд төсвийн алдагдлыг 5 хувьд байхаар тодотголыг батлахаас аргагүй Ардчилсан намынхан үзэж байсан нь саяхан.

Одоо харин энэ бүх зовлон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан улс төрийн хүчнийхэнд очлоо. Гэм нь Монголчууд бид “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэж хэлэх дуртай улс. Тиймээс “урд явсан хүний хаясан гадил жимсний хальсан дээр хальтарч ойчиж, нялгадав аа” гэж. Тэгвэл ч ёстой Монгол түмний нус нулимсыг хольсон зовлон болно. Зүй нь бол “хэргийн эздээр” өөрсдөөр нь дахиад төр бариулах ёстой байсан юм. Гэвч Монголчууд ингэсэнгүй.

Одоо яая гэхэв. Харин “эзэнгүй төр”-ийн нүүр царай яг энэ үед бүр онцгой. УИХ-ын дарга нь ч томилогдоогүй, эвсэл бүлэгүүд ч бүрэлдэн тогтоогүй энэ торгон цаг үед харин нууц бүлэглэлүүдийн хуралдаан  тасарсангүй.  Энд тэнд л чухал царайлсан бөөн мафиуд. Ирэх долоо хоногт УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөх чимээ дуулдаж, Засгийн газар бүрдээгүй байхад сандал суудлын төлөө өрсөлдөөн ид дундаа.

Ялсан намын стратеги төлөвлөлтөөр бол энэ жилдээ багтааж, албан тушаалын наймаагаар зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд 60 тэрбум төгрөг босгох шахуу зорилт тавьж байгаа. Тиймээс ч намаас чаргууцалдаж сайхан амьдрахыг зорьсон эрхмүүд хэдий хэр өндөр албан тушаал авна төдий хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлагатай. Гэхдээ улс төрийн сандал суудлыг тойрдоггүй нэг аюул бий. Энэ бол хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын үүднээс үүсэх фракцлал. Угаасаа л ясны жалга довын үзэлтэй Монголчуудад бол энэ ёстой хусавч арилдаггүй нэг ёдрын зан. Үүх түүхэндээ ч байж, эргэх цагийн нүүрэнд ч байна.

Өнгөрсөн дөрвөн жилд нам дотроо фракцалсны хар гай ямар байсныг эрхэм улс төрчид захын нэг авгайгаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Гэвч байнга санаж явахад илүүдэхгүй, жалга довын үзэл хэзээ ч, яаж ч мэднэ.

Эцэст нь нэг зүйл сонин болгон онцлоход “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм байна лээ ш дээ” гэдэг шиг “Эрдэнэт” үйлдвэрийн үлдсэн хувийн арилжаа наймаа Орост төлөөд дууссан гэж үзэж буй их өрийн нэг хэсэг байж ч мэднэ. Аль Н.Энхбаярын засгийн үед Оросууд Монголоос авах 11,4 тэрбум ам.долларын 98 хувийг цуцалж хоёр хувийг нь бэлнээр төл гэсэн шаардлага байсан билээ. Харин энэ хэмжээний хөрөнгө олох гэж Засгийн газар ягтаа тулж байж 50 тэрбум төгрөгийн бонд гаргасныг "Айвенхоу Майнз" компани худалдан аваад Чехийн "Фид" хэмээх зуучлагч компаниар дамжуулан өрийг тэглэсэн гэж үздэг бол 250 сая долларын хэмжээний энэ өр нь угтаа Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт, "Монголросцветмет" нэгдлийн тодорхой өр байсан гэж үздэг. Тэгээд ч их өрийн асуудал цаашид яригдахгүй байж болох ашигтай гарц гэж олж харсан Н.Энхбаяр тухайн үедээ Үйлдвэр худалдааны сайд, "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг, "Монголросцветмет" нэгдлийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн нарт даалгаснаар 250 сая америк доллароор өрийг нэг хэсэгтээ цэгцэлсэн байдаг. Гэтэл одоо 0,5 тэрбум долларын хэмжээнд яригдаж байгаа энэ арилжаа наймаанд бас нэг учир байна. Ардчилсан намынхны амжуулсан энэ асуудалд харин МАХН хориг тавьж, Ардын намын амбицаар шийдэгдэхэд хүрлээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ХАСАР

      (202.179.24.63) 2016-07-02 19:32
      • 0
      • 1

      Миний сэтгэгдэлийг тавихаас айвуу, үнэнээс айвуу,

      Хариулах