Ц.Содномцэрэн: Хурууны хээ танихгүй байгаа гомдол хэд хэд ирсэн

Twitter Print
2016 оны 06-р сар 29-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгогчдын ирцийн эхний мэдээллийг дөнгөж сая мэдээллээ. 13.30 цагийн байдлаар сонгогчдын саналын ирц аймгуудын хэмжээнд 27.5 хувь, нийслэлийн хэмжээнд 18.3 хувийн ирцтэй байна. Харин улсын хэмжээнд сонгогчдын нийт ирц 23.4 хувийн ирцтэй байгаа гэж СЕХ-оос мэдээллээ. Энэ нь  2008, 2012 оны сонгуулийн энэ цагт гарсан ирцтэй ижил үзүүлэлт аж. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймаг хамгийн өндөр буюу 49 хувийн ирцтэйгээр сонгуулийн санал хураалтыг явуулж байна. СЕХ-оос Сонгуулийн ирцийн дараагийн мэдээллийг 18.00 цагт өгнө гэлээ.

Мэдээллийн үеэр СЕХ-ын дарга Ц.Содномцэрэн сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Ирцийн мэдээ товлосон цагаасаа хоцорч ирж буй асуудалд СЕХ-ноос ямар зохицуулалт хийхээр ажиллаж байна?

-Цагтаа мэдээгээ өгөх тал дээр бид сонгуулийн хэсгүүддээ анхааруулж байгаа. Орон нутаг болон Нийслэлийн ирцийн мэдээ ер нь жаахан хоцроод байна. Бид 17:00 цагийн мэдээг хоцроохгүйгээр авна гэсэн чиглэл өгөөд байна. Ихэнх нутгаар бороотой байгаа учраас зарим сумдаас ирцийн мэдээ ирүүлэх үеэр сүлжээ тасалдсан болон бусад техникийн шинж чанартай асуудлууд гарлаа. Асуудлыг шуурхай байдлаар зохицуулах чиглэлийг өгч ажиллаж байна.

-СЕХ-нд сонгогчдын зүгээс ямар гомдол саналууд ирж байна бэ?

-Хурууны хээ танихгүй байгаа гомдол хэд хэд ирсэн. Мөн автомат машинтай холбоотой гомдол хэд ирсэн. Зарим газар тог тасарсан учир  автомат машин уншиж байгаад гацсан тохиолдол гарсан байна. Хан-Уул дүүрэг, Увс аймгуудад тогны хэлбэлзлээс болж тасалдсан. Нөөц тогоор хангах чиглэлийг холбогдох газруудад өгсөн байгаа.

-Санал хураалтын үеэр зөрчил гарч байна уу?

-Сонгинохайрхан  дүүргийн 71 дүгээр тойрог дээр нэг сонгогч саналын хайрцагны лацыг хуулж, саналаа хийсэн зөрчил гарсан. Сонгогчийн гаргасан энэ үйлдлийг Тагнуул, Цагдаагийнхан  анхааралдаа авч шалгаж байна. Яг ийм үйлдэл Баянгол дүүрэг дээр мөн гарсан. Ийм төрлийн ижил үйлдэл гарч байгаа нь зохион байгуулаллтай байж магадгүй гэдэг үүднээс холбогдох байгууллагууд шалгаж байна. Ер нь ийм төрлийн зөрчлүүдийг бид анхааралтай ажиглаж, тухай бүрд нь шалгах учиртай. Цагдаагийн байгууллагаас СЕХ-нд сонгуулийг будлиантуулах гэсэн оролдлого гарч эхэлж буйг сануулсан байгаа.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.