“Таргийн таван ямаатнууд” тавагладаг ажил биш гэнэ….

Twitter Print
2016 оны 06-р сар 24-нд 18:23 цагт
Мэдээний зураг,

“УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдэг чам шиг таргийн таван ямаатай юмнууд хийдэг ажил биш. Эртхэн гай болохоор зай бол. Хоёрын хооронд санал хуваалгүйхэн шиг нүднээс далд ороод арилж үз. Яахав нүдэнд үзэгдэхгүй байвал сонгуулийн дараа хэдэн бор юм шидэмз” хэмээн улстөрд санаархсан олигархиуд, Монголын улстөрд хачиг хувалз шиг шидсэн нөхдүүд бие даан нэр дэвшигчид, халаас нь хоосон ч толгой нь цэнэгээр дүүрэн нэр дэвшигчид рүү хандан эрээ цээргүй шидэлж байгаа дуулдана.

Энэ жилийн УИХ-ын сонгуульд 12 нам, 3 эвсэл, бие даагчдын төлөөлөл гээд 490 гаруй хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа. Нэр дэвшигч бүхэн өөр өөрийн бэл бэнчингийн хэмжээгээр орой бүр цэнхэр дэлгэцээр малилзаж, гудамж дүүргэсэн сурталчилгаагаар хүмүүсийн тархи толгой руу балбаж байна.   Бизнес нь явцгүй болж, төрд орж ахиухан унац гаргахаар улайрч байгаа бизнесменүүд, олигархжсан хөрөнгөтнүүд реклам сурталчилгаагаараа дарж алчих шахаж, сонгогчид ч түүнээс нь уйдаж, залхаж гүйцэв. Ажил тараад оройдоо орцондоо ороход шалаар нэг нэлийсэн сонин, сэтгүүл, элдэв өнгөтэй плакат хог новш болоод хөглөрч байх болов.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, Сансар хавийн орчин, Офицерүүдийн ордоны ойр хавь, Дарь Эхийн наад үзүүр тэр аяараа гурван ч сайд, УИХ-ын хэд хэдэн гишүүдийн баярхуу сурталчилгаанд даруулж гүйцэв. Байшин барилгын нүүр, ханыг дүүргэн малилзтал инээх тэдний ганцхан сонгуульд хаяж баярхаж байгаа мөнгөний дүн, тоог барагцаалах ч арга алга.

Хулдаасан хэвлэл эрхэлдэг нэгэн найзаасаа өргөн нь нэг метр, өндөр нь хоёр метр орчим хулдаасан дээрх нэр дэвшигчийн зургийг хэдэн төгрөгөөр хэвлэж байгааг нь сонирхвол “Яг чиний хэлсэн хэмжээний дундаж үнэ үсрээд л 100 мянган төгрөг байгаа. Гэхдээ тийм хэмжээгээр мөнгө багатай нөхдүүд л хэвлүүлнэ шүү дээ. Ихэвчлэн 1.6 метрийн өргөнтэй, 2.6 метрийн урттай түүнээс ч илүү томоор хэвлүүлж байгаа. Тийм хэмжээтэй нь ойролцоогоор 250-300 мянган төгрөгт хэлбэлзэж байгаа” гэсэн юм. Ингэхээр гудамжаар дүүргэчихээд байгаа зөвхөн хулдаасан хэвлэлд  3 орчим сая төгрөг өлхөн зарцуулж байгаа бололтой. Энэ бол олигархжсан хөрөнгөтнүүд, бизнес нь уруудаж, төрд орж ашгаа нөхөхөөр улайрч байгаа этгээдүүдийн зарцуулж байгаа баярхал юм. Тэгвэл тэдний яриад байгаа “Таргийн таван ямаатнууд” тун ч хэцүүхэн байдлаар сурталчилгаагаа явуулж байгаа аж.

Олны ярьж байгаагаар бол эдгээр ядуусын армийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү магнайж байгаа бол түүний араас бие даагч, дуучин М.Нарантуяа, Ард түмний гавьяат багш Б.Ариунболд буюу Арго, “Монголын консерватив нам”-аас 50 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Алтангэрэл, Говь-Алтайн 11 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч зохиолч Б.Наминчимэд гээд олон нэр дэвшигчид байгаа гэнэ. Учир нь тэднийг явган нүцгэн, ганцаараа шахуу явж сурталчилгаагаа хийж байгааг харсан хүмүүс “Энэ мөнгөгүй товаришууд юугаа хийж өөрсдийгөө ингэж зовоодог байна. Тэртэй тэргүй баячуудыг дийлэхгүй юм байж гэртээ л зурагтынхаа өмнө хэвтэж байхгүй” хэмээн өвөр зуураа ярилцаж, зарим нэгэн өр нимгэнтэй нь “Өдрийн хоолонд ороорой, орой унаанд суугаарай” хэмээн тав гурван төгрөг хандивлаж байгаа дуулдав. Нөгөө талаар бүр сэтгэл нь зовсонм зарим нэг нь дуучин Нара, Арго багш, Монголын Консорватив намын нэр дэвшигч  Д.Алтангэрэл нарт хандан “Охин минь, дүү минь ингэж амьдралаа үрж байхаар нэрээ татаад эртхэн боль. Чамд ахадсан ажил” гэсэн бол өрсөлдөгчид нь “Чам шиг таргийн таван ямаатай хүний санаархдаг ажил биш. Хоолныхоо савны бүтэн дээр арилж үз” хэмээн даапаалжээ. Тэр ч бүү хэл Ард түмний багш Аргод хандан “Ядуугийн туйл минь болиоч. Ганц гутлын чинь ул ханзарлаа” хэмээн мессэж илгээсэн тохиолдол ч гарчээ. Тэдний хувьд өөрсдийнхөө хүсэл зорилго, хэр хэмжээндээ сурсан мэдсэнээ ашиглаад УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа жирийн л нэр дэвшигчид. Мэдээж олигархжсан хөрөнгөтнүүдийн дэргэд бол ёстой л “Таргийн таван ямаатай” гэдэг нь тодорхой. Гэхдээ л өөрсдийнхөө хэмжээнд амьдарч, бүтээж, сэтгэж, зүтгэж яваа тэднийг “Таргийн таван ямаатай”-гаар нь дуудаж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх рүү дайрч давшлах эрх хэнбугайд ч байх ёсгүй. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Betsy

      (188.143.232.27) 2016-12-21 09:03
      • 0
      • 0

      If you are searching gift for presenting on the day of eneggemant, then no gift would be better engagement rings so present a attractive and alluring diamond engagement to impress your beloved

      Хариулах