АхиулАН хийх гэж МАНгартсаар байтал 26 жил өнгөрч...

Twitter Print
2016 оны 06-р сар 24-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Тавхан хоногийн дараа “АхиулАН хийх гэж МАНгартсаар” 26 жил Монголчуудыг талхилж байгаа улстөрийн системийн туйлшрал, ялзралын бас нэгэн дөрвөн жилийн мөчлөг хэрхэн эхлэхийг бид бүхэн сэтгэл түшгин харах сонголтын өдөр болно. Дөрвөн жил болоод л ард түмнийхээ сэтгэл зүйгээр наадаж, улс орноо сүйрүүлчих шахан талцан намчирхаж, солиортлоо улстөржсөөр 26 жилийг өнгөрүүлэв. Үр дүнд нь 30 их наяд төгрөгийг далайн чинадын оффшор бүсэд аваачиж нуусан 60 хүрэхгүй олигархи, хоёр сая 500 мянган ядуус, дундчуудтай Азийн буурай хөгжилтэй Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшилтэйгээ нийлээд 22 тэрбум ам. долларын гадаад өртэй, нэг иргэн нь 15 сая төгрөгийн өртэй болж хоцров.   

Хамгийн эхлээд 2017 оны гуравдугаар сард Худалдаа Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх ёстой. Түүний дараа 2018 онд “Чингис бонд”-ын эхний ээлжийн 500 сая ам. долларыг, 2022 онд хоёр дахь ээлжийн нэг тэрбум ам.долларыг, 2023 онд “Самурай бонд”-ын 300 сая ам. долларын өрийг тус тус хуваарийн дагуу барагдуулах ёстой.

Товчхондоо Монгол Улс дээрх хоёр бондын төлбөрт  нийтдээ 3.2 тэрбум ам.доллар төлөх ёстой.

Гэхдээ энэ бол олон нийтэд нээлттэй буй мэдээлэлд тулгуурлан хийсэн тооцоо. Бондуудын гэрээ ил тод биш, нууцлал өндөртэй тул энд заагдсанаас өөр нөхцөл байдал тусгагдсан, өөрчлөлт орсон байж болохыг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар төлж барагдуулах ёстой энэ их өр, зээлийн сургаар айл бүрийн авдрыг онгичоод унахгүй нь тодорхой ч тэр их валют Монголоос гадагшлахын хэрээр бидний гар дээрээ тоолж авдаг, ууж иддэг, өмсдөг зүүдэгт шууд нөлөөлөх нь тодорхой.

Монгол Улсыг ойрын үед ийм өрөнд оруулсан улстөрийн хүчнүүд өнөөдөр хаа сайгүй “Бид ачааны хүндийг үүрнэ. Маргааш бүхнээс сайхан болно. АхиулАН хийх ажил их байна, амьдралаа сайжруулна” гээд түмэн зүйлийн амлалт өгцгөөсөөр байна.

Таван өдрийн дараах сонголтоор МАНАН дахиад татах нь тодорхой. Учир нь Сонгуулийн хуульд хуйвалдаж наймаалцсаар өөрчлөлт оруулахдаа Монголын улстөрд шинэ хүчин, хүчтэй сөрөг хүчин гарч ирэх бүх л боломжийг боомилон хуульчилсан сонгуулийн өнөөдрийн тогтолцоо АН, МАН гэсэн хоёрхон намын системийг л өргөжүүлэх, толгойг нь илэхээр зохицуулагдсан. Хэдийгээр Сонгуулийн хуулийг өөрсөддөө ашигтайгаар эргүүлж дөнгөсөн ч МАНАН-гаас залхсан ард түмний сонголт гэдэг хилэнтэй сэлэм тав хоногийн дараа тасхийтэл бууна. Ард түмний тэвчээрийн хязгаар болчихоод байгаа тэрхүү сонголтоос үнхэлцгээ хагартал айж, байдгаараа аргадан гуйж яваа МАНАН өнөөдөр тун арчаагүй, аргаа барсан шинжтэй байгаа. Монгол Улсыг өнөөдрийн эдийн засаг, улстөрийн гүнзгий хямрал руу чирэн авч ирэхэд МАНАН хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн нь хаашаа ч бултахгүй үнэн.

МАН, АН энэ нүглийг эн тэнцүүхэн хувааж үүрэх учиртай. Гэхдээ эхлээд энэ бүхний үндсийг тавигч, авлига хээл хахуулийг жинхэнэ утгаар нь цэцэглүүлсэн МАН-ын талаар жаахан баримт сөхье. Мэдээж дараа нь өнөөдрийн эрх баригч, 1990 оны ардчилсан гэгч хувьсгалыг хийж өмч хувьчлал нэрийн дор Монголын баялагт эзэн сууцгааж олигархжсан АН-ын талаар өгүүлэх болно. 

Өнөөдөр Монгол Улсыг ийм байдалд оруулахад МАН хамгийн их нүгэл үйлдсэн. Үүнийг нь ч олж харсан гурав дахь хүчний хүчтэй төлөөлөл БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Ардын намын хэдэн бүтэлгүй хулгайч нар өмнө нь олигтойхон ажиллаж байсан бол өнөөдөр ингэж амаа таглуулахгүй байсан” гэж чухам үнэнийг нь палхийтэл хэлсэн байна лээ.

Таван жилийн өмнө өөрсдөө үүрээ эвдэлсэн МАН-ынхан хэдэн сарын өмнөөс л орох газраа олж ядан хавийн амьтныг царайчлан гуйж, ёстой л үзээгүйгээ үзэн арчаагүйтсэн. Түүх сөхвөл ХХ зууны 20-иод онд бас л орших эс оршихын заагт тулан ирж, туйлын эргэлзээтэй байдалд орж байсан байдаг. Хэдийгээр өөрсдийгөө Монголын улстөрийн ууган хүчин, анхдагч нам хэмээн цоллох дуртай ч ХХ зуунд үүсэн байгуулагдмагцаа  гуравхан жил болоод устан алга болсон юм билээ.

90 жил МАХН нэрийн дор дарцаглан давхиж явснаа ууган нэрээ сэргээж МАН болсон биш дөрвөн жил гаруйхан хугацаанд улстөрийн намын хувьд түүхийн хог руу хаягдах шахаж, энэ сонгуулиар ямар ч үнээр хамаагүй олонхи болохгүй бол дотроосоо дахин задрах, өөр намд уусаж алга болж ч магадгүй байдалтай болчихоод байгаа нь маргашгүй үнэн билээ. Социализмын он жилүүдэд МАХН нэрээр Монголын улстөрийн өнгө төрх нь болж, 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш 23 жилийн хугацаанд 1992-1996, 2000-2004 онд найман жил засгийн эрх барьж, 2004-2008, 2008-2012 онуудад бас л найман жил сөргөлдөгч АН-тай хамтран эрх барьсан өнөөдрийн МАН Монголын төрөөс нэг алхам ч холдож үзээгүй.

Гэвч уугуул нэрээ сэргээсэн биш “Сахил хүртээд шал дордов” гээч нь болж дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр л яваа. Өдрөөс өдөрт хүч чадал нь тарамдаж, доройтсоор яваа шалтгаан нь мянга, түмэн жирийн гишүүд, дэмжигчдээс нь  биш МАН-ын толгойд суугаа 20 гаруйхан тооны харалган, сохор дарга нараас нь болсон гэдгийг өнөөдөр ч хүлээн зөвшөөрч чадахгүй сандал ширээтэйгээ үхэлдэн зууралдсаар л байгаа. Ардчиллын гэгдэх он жилүүдэд өнөөдрийн МАН засгийн эрхийг дангаар болон хамтран барьсаар ирэхдээ Монгол оронд эдийн засаг, улстөрийн зоригтой өөрчлөн шинэчлэлт, нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт хийлгүй өдөр хоногийг аргацаасаар ирсэн нүгэл нь өнөөдөр сад тавьж хаашаа ч гарах гарцгүй болгочихоод байгаа юм.

Улс эх орон, ард түмнийхээ ирээдүйн төлөө эдийн засгийн зоригтой шинэчлэлт, бүтээн босголт хийхийн оронд төрийн мөнгө, түмний хөрөнгөөр өчнөөн олон хулгайч, луйварчин тэрбумтангуудыг төрүүлэн гаргаж, авилга хээл хахуулийг цэцэглүүлж, Монгол орныг харийн тонуулчдад худалдах эх суурийг тавьсан лай ланчигаа  үүрээд гэлдэрч яваа нь зохих ёсны шийтгэлээ амсч байгаа хэрэг мөн.

Улстөрийн нам гэгдэх жинхэнэ утгаа алдаж бүх төрлийн бохир бизнесийн бүлэглэлүүдийн үүр уурхай нь болж, тэдний ашиг сонирхол, дохио зангаагаар өчигдрийг хүртэл муйхарлан зүтгэсний гор нь өнөөдөр гарч бүх л түүхийнхээ хамгийн хүнд, хар өдрүүдийг туулж яваа нь ёстой л өнгөрсөн өдрүүдийн  даажигнал гээч мөн бизээ. Ямар ч цаг үед боловсон хүчний хамгийн их нөөцтэй гэж бардамнасаар ирсэн ч өнөөдөр төр түмнээсээ хулгайлсан мөнгөнд ухаан санаа нь самуурсан хэдхэн олигарх МАН-ыг удирдан чиглүүлсэн болж яваа нь энэ намыг ёстой л “багалзуурдан дарсан хэрэг” болж байна.

Улстөр, эдийн засаг, дэвшил хөгжлийн наад захын онолын мэдлэггүй ч энэ намыг удирдсан болж,  хоол хороож яваа  дарга нар нам нь зүүн, баруун аль үзэл баримтлалтай болохыг ч сайн ялгаж мэдэхгүй байж  өнөөдөр наашаа харж инээн, цаашаа харж шазуур зуусан ямар ч нам хүчний нөмөрт гүйж очиход бэлэн байгаа нь нууц биш. МАН-ын хувьд өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд булхай луйвар бүхнийг хэрэглэсээр 28 суудал авч дөнгөсөн ч тэднээс  найм нь сонгуулийн үед хийсэн булхай луйвраар, 10 гаруй нь авилгал хээл хахуулийн хэргээр шүүхийн хаалга татахаас наахнуур дэгэнцэж,догонцсоор дөрвөн жилийг өнгөрүүлэв.  

 

МАН-д яг л одоо алсыг харсан мэдлэг чадвартай, эх оронч, бохир мөнгөтэй хутгалдаагүй нэр цэвэр залуухан зоримог улстөрчид юу юунаас илүү шаардлагатай байгаа. Гэхдээ залуучуудаар  цус сэлбэхдээ “Хадгаламж” банкыг дампууруулахад хүчин зүтгэж Сөүлийн казиногийн байнгын зочид болсон “улаан хамгаалагчид”, юм уу оюутны холбооноос гараагаа эхэлж өнгө, мөнгөөр ээж, аавыгаа ч зараад идчихээс  эмээхгүй  энэ цагийн “улаан хувьсгалчид”-ыг аваачаад залчихвал баахан сүржигнэж байгаад сонгуулийн дараа МАН-ыг хувааж залгичихаад хэдэн тийшээ нисээд алга болж мэдэх л юм.

Монголын зүүний үзэл баримтлалтай улстөрийн нам, хүчнүүдтэй яаралтай эвлэлдэн нэгдэж ойрын хугацааны стратеги төлөвлөгөө  боловсруулан ажиллаж чадвал МАН дахин сэргэж, өндийх ганц гарц байгаа. МАН-ын өнөөдрийн лидерүүдэд зүрх зориг, мэдлэг боловсрол хэзээ ямагт дутагдсаар л ирсэн. МАН-д гал цахилгаан мэт өөрчлөлт шинэчлэлт хийгдэхгүй бол өөрөө өөрсдийгөө хором мөч өнгөрөх тусам устгасаар тавхан хоногийн дараа ард түмнээсээ тун хатуу сануулга, сонголт хүлээхэд ойртсоор л явна. Ер нь энэ сонгуулийн үр дүнгээс хамаарч МАН орших, эс орших тухай ч яригдаж болзошгүй юм.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.142.142) 2016-06-26 01:04
      • 0
      • 0

      Yag unen baahan zaluu saihan humuus demjeerei gej barhiraad ter zaluusiin harahaar nuguu l neg oligarhuudiin ur udam yavj bn lee. Urgeljluulen mongoliig min idej uun tsulmuh n todorhoi yanadaa mongol oron min. Jich: arkhangain 3 iig helj bn

      Хариулах

    • Зочин

      (62.212.73.141) 2016-06-24 14:32
      • 0
      • 0

      АН УГААСАА АЦАА АХИУЛАН ХИЙДИЙН ??? АРАЙЧДЭЭ !! НЭЭРЭЭ

      Хариулах

    • Зочин

      (93.115.241.194) 2016-06-24 14:24
      • 0
      • 0

      МАН-ЫГ ДЭМЖНЭЭ АТААРХАГЧИД ЯРЖИЛ БАЙГ

      Хариулах

    • Зочин

      (185.36.100.145) 2016-06-24 14:24
      • 0
      • 0

      Засгийн эрхийг 2 удаа барихдаа АН юм хийж чаддаггүй. УЛС орныг элгээр нь мөлхүүлж чадна гэдгээ л харууллааа

      Хариулах

    • Зочин

      (176.126.252.11) 2016-06-24 14:24
      • 0
      • 0

      30aad jil awch yawsan toriig 4hon jiliin dotor nuraaj chadaj bga shuu bas. Ardchilsan nam yamar gedgiig medsen. Tegheer odoo MAN.g demjsen ni deer.

      Хариулах

    • Зочин

      (176.126.252.11) 2016-06-24 14:24
      • 0
      • 0

      30aad jil awch yawsan toriig 4hon jiliin dotor nuraaj chadaj bga shuu bas. Ardchilsan nam yamar gedgiig medsen. Tegheer odoo MAN.g demjsen ni deer.

      Хариулах

    • АН гишүүн

      (185.36.100.145) 2016-06-24 14:23
      • 0
      • 0

      Ардчилсан намынхан их идсэн. Одоо АХиулАН идэх гээд чичэрч байх шив дээээ

      Хариулах

    • зочин

      (176.10.104.243) 2016-06-24 14:23
      • 0
      • 0

      МАН ялнаа ялна амжилт ман

      Хариулах

    • Зочин

      (146.0.77.50) 2016-06-24 14:22
      • 0
      • 0

      Өнгөрсөн 4н жил улс орон үнэхээр их туйлдлаа өрөндөө баригдлаа!!!26Н ЖИЛ ЯДАЖ Л ӨЛСӨӨГҮЙЛ ЮМДАА ЭНЭ БОЛ БУРУУ БОДЛОГОТОЙ ЭРХ БАРИГЧ НАМЫН Л БУРУУ БАЙСАН. дАХИЖ ТЭДЭНД ХУВЬ ЗАЯАГАА ДААТГАХГҮЙ ЭЭ

      Хариулах