
ДАХИАД ГАНЦХАН АМЬДРАХ БОЛОМЖ БАЙСАН БОЛ...
Намайг эзгүй нэг өдөрт дэлхий ертөнц зогсчих юм шиг бодож байхын оронд өвдсөн бол орондоо ороод хэвтэж чаддаг байна.
Гоёмсог лааг шилэн хаалгатай шүүгээнд хайлахаас нь өмнө асаах байсан.
Би бага ярьж, их сонсох байсан.
Хивс бохирдож, буйдан хонхойсон ч найзуудаа хоолонд урих л байсан.
Би "жинхэнэ" хоолны өрөөнд попкорн идэж, хэн нэгэн задгай зууханд гал асаахыг хүсвэл тарих хогонд нь санаагаа зовоохгүй байсан.
Би, залуугийн дурсамжаа уудлан суух аавыгаа сонсох цаг гаргах байсан.
Би хариуцлага үүрэхэд нь нөхөртөө илүү туслах байсан.
Хэн нэгнийг машины цонх онгойлгоход нь саяхан янзлуулсан үснээсээ болоод дургүйцэн үглэхгүй байсан би.
Би хүүхдүүдтэйгээ зүлгэн дээр суухдаа хувцсанд үлдэх өвсний толбонд санаагаа зовоохгүй байсан.
Би зурагт үзэж байхдаа бага, харин бодит амьдралыг ажиглаж байхдаа илүү - уйлж инээх байсан.
Би авсаархан, бохирддоггүй бас насан туршийн баталгаатай гэдэг шалгуураар эд зүйлс худалдаж авахгүй байсан.
Би жирэмсний 9 сарыг хурдан өнгөрөөсэй гэж тэсэн ядан хүлээх биш харин ч хором бүрээс нь таашаал авч дотор минь бий болоод өсөн томрох тэр гайхамшгийг бүтээж буй бурхныг дэмжих цорын ганц боломж гэж харах байсан.
Хүүхдүүд маань намайг чанга үнсэхийг хүсвэл би хэзээ ч "Дараа болъё, одоо очоод гараа угаа, бид хоолоо идлээ" гэж хэлэхгүй байсан.
"Би чамд хайртай", "Уучлаарай" гэдэг үгсийг илүү олон хэлдэг байх байсан.
Гэхдээ хамгийн гол нь, хэрэв надад дахиад нэгхэн боломж байвал минут бүрийг амталж, ажиглаж, үнэнээсээ харж, ... тэр хормыг жинхэнээсээ мэдэрч ... хоосон явуулахгүй байсан.
Би өчүүхэн зүйлтэй зууралдан санаагаа зовоож, тэрнээс болж гомдоллохгүй байсан.
Чамд дургүй, чамаас илүү хөрөнгөтэй хүмүүсээс болж эсвэл тэдний хийж байгаа үйлдлээс болоод та нар санаагаа битгий зовоож байгаарай.
Тэрний оронд биднийг хайрладаг хүмүүстэй харилцах харилцаагаа эрхэмлэн тордоцгоож явсан нь дээр.
Бурхнаас бидэнд хайрласан олон зүйлсийн талаар бодоцгоож, өөрсдийнхөө оюун ухаан, бие бялдар, сэтгэл санааг хөгжүүлэхийн төлөө бид өдөр тутамд юу хийж чадахаа эргэцүүлж боддог байсан нь дээр.
Зүгээр л зоргоор нь сул тавиад орхиход амьдрал хэтэрхий хайран бас богино.
Бидэнд ганцхан энэ л амьдрал байна, тэгээд л дуусаа.
Та бүхнийг энэ өдрийг сайхан өнгөрүүлнэ гэж найдаж байна!
Америкийн зохиолч Эрма Бомбек хөхний хорт хавдартай тэмцэж байхдаа удахгүй ялагдал ирнэ гэж мэдсэнийхээ дараа хүмүүст хандан ингэж бичиж байжээ.
Ц.Солонго
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.