
БНСУ-ын нийслэл Сөүл хот даяар цагаан лаа, хар лоозон барьсан мянга мянган иргэд Итэвонд амиа алдсан залуусын дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ уг ослын хариуцлагыг хүлээхийг шаардан жагсаж байна.
Өнгөрсөн сарын 29-ны шөнө Итэвон дүүрэгт болсон шахцалдааны үеэр 155 хүн амь үрэгдэж, 196 хүн бэртэж гэмтсэн билээ. Амиа алдагсдын дийлэнх нь Итэвонд Халлоуины баяр тэмдэглэхээр цугларсан өсвөр болон 20-иод насны залуус байсан юм.
Тайван цагт олон хүний амь нас хохирсонд олон нийт бухимдаж байна. Нэн ялангуяа аймшигт ослын өмнө "цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ч үл тоомсорлосон" мэдээ гарсны дараа хариуцлага нэхэх хүний тоо олшров. Сөүл хотын төвд сөрөг хүчин зул өргөх ёслол үйлдэн “Ерөнхийлөгч Юн Сук Ёол, бууж өг” гэсэн бичигтэй суулт хийжээ.
Хохирогчид голдуу залуучууд байсан бөгөөд тахлын дараах анхны Halloween-ийг тэмдэглэхээр нийслэлийн шөнийн цэнгээний газруудад 100.000 орчим хүн цугларсан байжээ. Тус улсын сөрөг хүчний улстөрчид Ерөнхийлөгч Юн Сук Ёолын засгийн газрыг "гамшгийн хариуцлагыг хүлээхгүй байна" гэж буруутгаж байна.
Уг явдлаас хойш БНСУ-ын эрх баригчид мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, хот дүүргийн захиргаа, цагдаагийн болон онцгой байдлын газруудыг шалгаж, нэгжлэг хийсэн ба БНСУ-ын Цагдаагийн ерөнхий газрын дарга уучлалт гуйж, Ерөнхийлөгч Юн Сук Ёл нэг дор олон хүн цугласан үед авах арга хэмжээг сайжруулна хэмээн амласан.
Эдгээр нь олон нийтийн бухимдлыг тайлж чадаагүйгээр барахгүй иргэд шудрага ёсыг нэхэж, эрх баригчдыг залуусыг хамгаалж чадаагүй хэмээн буруушааж байна Өнгөрсөн бямба гарагт Сөүл хотод амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ эрх баригчдаас хариуцлага хүлээхийг шаардсан 7 жагсаал цуглаан зохион байгуулагджээ.
Хамгийн томыг нь өмнө нь Ерөнхийлөгч Юн Сук Ёлын эсрэг жагсаал зохион байгуулж байсан Candlelight Action хөдөлгөөн Сөүл хотын захиргааны байрны ойролцоо зохион байгуулжээ. Хэдэн мянган иргэд оролцон уг жагсаал төв авто замын 2 урсгалыг хаагдахад хүргэж, жагсагчид "Албан тушаалаасаа огцрох нь эмгэнэл илэрхийлж буйн нэг хэлбэр" хэмээн бичсэн лоозон барьсан байжээ.
Жагсагчид Итэвонд болсон үйл явдалд засгийн газар буруутай хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн, Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг албан тушаалаасаа огцрохыг шаарджээ.
Өнгөрсөн баасан гарагт Итэвонд хар хувцас, амны хаалт зүүсэн 200 орчим залуус цугларч, осол болохоос өмнө цагдаад 10 гаруй дуудлага ирж байхад засгийн газар ямар ч арга хэмжээ аваагүй хэмээн мэдэгдсэнийхээ дараа осол гарсан гудамжны өмнө зогсон амиа алдагсдыг хүндэтгэн 1 минут дуугаа хураан, хүндэтгэл үзүүлжээ.
Цагаан удвал цэцэгний хажуугаар тэд хар өнгийн лоозон барьсан байсан ба тэдгээр лоозон дээр, "Бид хохирогчдыг аварч болох байсан, засгийн газар хариуцлагаа ухамсарлах ёстой." хэмээн бичсэн байжээ.
Жагсагчид засгийн газар 2014 онд 306 хүний амийг авч одсон "Севол хөлөг онгоцны ослын үеэр гаргасан алдаагаа дахин давтаж байгааг онцолж байлаа. Тус хөлөг онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнх нь ахлах сургуулийн сурагчид байсан билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.