Улстөрд “гологдогсод” хийгээд “горилогчид”

2016 оны 06-р сар 21-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

Дөрвөн жил болоод л улс орон, ард түмэндээ туйлын хорлонтойгоор идэвхждэг Монголын улстөр, түүнийг хийрхэн хэрэгжүүлдэг тоотой “улстөрч” нэртэй нөхдүүд толгойгоо дахин өндийлгөж, наймхан өдрийн дараа ард түмнээрээ дүгнүүлэх хүндхэн сонголтын өмнө зогсоцгоож байна. Яг 10 хоногийн өмнөөс Монголын улстөрд орших, эс орших, орох, эс орохоо үзэлцэн тэмцэлдэж  эхэлсэн улстөрийн сонгуулийн сурталчилгаа барианд орох нь ойртох тусмаа илүү хорлонтой, хорсолтой болж байна. УИХ-ын улаан модон сандал ширээг зайдагнахаар горилогсод сүүлийн өдрүүдэд юм л бол “Хамаг сайхан нэр төрийг минь юу ч үгүй гутаан доромжилсон тул шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн өрсөлдөн чарлалдаж дуулиан, шуугиан үүсгэдэг ажилтай болов. Хамгийн хорлонтой нь Сонгуулийн тухай хууль зэрэг маш чухал хуулиудыг энэ насандаа ч учрыг нь гүйцэд ойлгох чадваргүй УИХ-ын гишүүд,  нүдэн балай, чихэн дүлий  хийрхэн батласнаар наймхан хоногийн дараа тун жигтэй, хачин гайхалтай сонгууль явагдах нөхцөл бүрдчихсэн.

Нөгөөтэйгүүр Монголын улстөрийг сүүлийн 26 жил дор нь дэвхцүүлж, өнөөдөр засаглалын хямралд ороход нэгдүгээр эгнээний үүрэг гүйцэтгэцгээсэн Баяр, Дорж, Болд, Алтан мөнгөн Баабар толгойнуудаасаа эгнэгт салж хагацах цаг болчихоод байгааг зарим нэг нь эхнээсээ ойлгож, дуугарч эхлэнгүүт хоёрдугаар  эгнээний өд сөд нь гүйцэд ургаж амжаагүй шар завьжтай ангаахайнууд энд тэндээс шулганалдан цээжээ дэлдэж эхэлсэн нь энэ удаагийн УИХ болон нийслэл, орон нутгийн сонгуулиар баталгаажиж болзошгүй.

Жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай “Цензургүй” ярилцахдаа “Миний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёрхон жил дутуу байна. Хугацаагаа дуусгаад Монголын улстөрөөс бүрмөсөн явна. Хангалттай цаг хугацаа боллоо” гэж бусдыгаа уриалсан. Түүнээс өмнө Монголын улстөрөөс  эгнэгт явж байгаагаа тодорхой зарласан нэг л этгээд байдаг ч, улстөрөөс зайлж одсон тэрээр өнөөдөр АНУ-д 24 тэрбум төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцны наймаа эрхэлж, подхийтэл мөнгө  угааж суугаа нь АНУ-ын төрийн байгууллагууд, мужийн захиргааны албан ёсны мэдээллээр олон нийтэд ил болсон билээ. Монголын улстөрд  20-26 жил хачиг, хамхуул шиг шигдэн сууцгаасан улстөрч нэртэй  бирдүүд  эхнээсээ  улс эх орон, ард түмнээсээ  хэдэн арван тэрбумаар нь хулгайлсан мөнгөөрөө хилийн чинадад  тарвалзтал амьдрах нөхцөл, бололцоо бүрдсэн нь хоёр, гуравдугаар эгнээний  горилогчдыг энэ талбар руу уриалан дуудах, улангасан дайрцгаах дур хүслийг нь өдөөсөн нь ойлгомжтой.

 

Монгол Улсын өнөөдөр туулж яваа эдийн засаг, санхүү, улстөрийн гүнзгий хямралыг залгаад ирэх жилээс эхлэн “Чингис”, “Самурай” бондын зээлийн эргэн төлөлтийн ноцтой дарамтад орж, улсаараа дампуурлаа зарлаж ч магадгүй байдалтай зэрэгцэн улстөр, засаглалын ужгирсан хүндрэл, бэрхшээл даамжирсаар ард түмэн итгэл найдвараа бүрмөсөн шавхаж дуусгаж байгааг далимдуулан сайн дурын улстөрчид хэд гурваараа эвлэлдэн нэгдэж “Монгол хүнээ хайрлъя”, “МАНАН дундаас ХҮН”, “Шинэ хүчин, шинэ улстөр” гэцгээж эхэлсэн. Түүнчлэн захын нэг дуучин, хас тэмдэг зүүсэн булиа эрчүүд, хэдэн жил болоод л нэг нам байгуулах дон шүглэсэн нөхдүүд “УИХ-д олонхи болж засгийн эрх барина. Шинэ бодлого, шинэ улстөрөөр Монгол Улсыг гэрлийн хурдаар хөгжүүлнэ” гэцгээн шүлсээ үсчүүлсээр байгаа нь өнөөдөр төрийн эрх мэдлийг зайдлаж суугаа этгээдүүдээс ч долоон дор хохирол учруулах нь тодорхой юм. 

Өнөөдөр Монголын улстөр бүрэн дампуурч, улстөрч нэртэй хэдэн нөхөд цаашаа Монгол Улсыг удирдан чиглүүлэх ямар ч чадваргүй, бодлогогүй болчихоод байгааг ард түмэн хэнээр ч заалгахгүй мэдэж, мэдэрч байгаатай эрх баригч намын олон лидер санал нэгдэж байгаа. Өнөөдөр ОХУ-д Элчин сайдаар сууж байгаа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан, АН-ын томоохон бодлого боловсруулагчдын нэг Б.Дэлгэрмаа “Өнөөдөр хоёр намд маш том сорилт гэх үү, зовлон учирчихаад байгаа. Үе солигдох асуудал. Тэр утгаараа нэг, хоёрдугаар үеийнхэн гээд хэсэг хүмүүс байна. 2016 онд хагас нь, 2020 онд бол ойлгомжтой бүгд солигдож таарна. Гэхдээ яг үе солигдоход дараагийн улстөрчдийн үе гарч ирсэн үү гэхэд маш сонин хариулт гарч ирж байна. 2016 онд хоёр том намын хувьд тайзны эхний эгнээнд ямар гоцлол дуучид гарч ирэх вэ гэдэг асуудлыг шийдэх арга зам нь хоёр намын дарга нийлж Ерөнхий сайдад Тавантолгойтой холбоотойгоор  албан бичиг явуулах зэргээр илэрч байгаа нь зохимжтой эсэх гээд их өөр асуудал юм”  хэмээн өнөөдөр засаглалд үүсээд байгаа хямралыг товчхон дүгнэсэн байсан.

Ер нь өнөөдөр Монголын улстөрд үүсээд байгаа нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээд үзвэл наймхан хоногийн дараа болох сонгуулиар үндсэндээ юу ч өөрчлөгдөхгүй, өөрчлөх ямар ч боломжгүй гэдгийг Монголчуудын олонхи нь төдийлөн сайн ойлгож, ухаарахгүй л сууцгааж байна. УИХ-ын 76 гишүүнийг толгой дараалан солилоо гээд өнөөдөр байгаа хэдийгээ улам л муудуулна уу гэхээс хумсын толионы чинээ сайжруулж дөнгөхгүй, тийм боломж ч байхгүй юм.

Саяхан нэгэн намын залуухан даргатай уулзаж, ярилцахад “Намын жагсаалтаар УИХ-д орж ирдэг өвгөд, хөгшдийн өмнүүр хаалт тавьсан нь сайшаалтай хэдий ч эмэгтэйчүүдийн квотыг 50:50 болгох зэрэг дэвшилттэй өөрчлөлт хийж чадсангүй. Үндсэндээ Монголын улстөрийг 40 гарч яваа залуучууд барих хамгийн боломжтой хувилбар бараг л хэрэгжих нөхцөлгүй болчихлоо” гэж их л харамсан дуу алдаж байсан. Түүний бодож байснаар бүх зүйл өрнөсөн бол амьдралдаа ганц удаа уурхайн бараа хараагүй 38  эмэгтэй гишүүн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар мунгинаж, гэр бүлийн талаар тун ч тогтворгүй нэг Ерөнхий сайдтай болчихсон чинь нөгөөх нь хааяа Засгийн газрын хуралдаанаа удирдахгүй тасалж алга болчихоод мөн ч хачин жигтэйхэн байдал үүсэхгүй гэх газаргүй. Энэ бол хатуухан ч гэсэн өнөөдөр үүсчихээд байгаа улстөрийн нөхцөл байдал, улстөрч болохоор өөрсдийгөө голохгүй пижигнэлдэж эхлээд байгаа сайн дурынхныг хараад өөрийн эрхгүй төрөн гарсан бодол, дүгнэлт юм.

Засаглалын хямрал нүүрлэсэн өнөөдрийн Монголын амьдралын бодит нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд бүх ард түмний санал асуулгаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, тогтвортой, найдвартай ажиллаж чаддаг Засгийн газрыг танхимын тэргүүн нь бүрдүүлдэг болох, Засгийн газар нь УИХ-аас хараат бишээр ажилладаг болгох, хариуцлага алдсан УИХ-ын гишүүдэд яаралтай хариуцлага тооцож эргүүлэн татдаг болох, бүх шатны Засаг дарга нарыг ард түмний шууд сонголтоор тодруулдаг болох гээд тогтолцооны шинэчлэл хийхгүйгээр сайн дурын улстөрчдийг дахин, дахин сонгодог байдлаар цааш явах ямар ч боломжгүй болжээ. Точхондоо улстөрд “гологдогсод хийгээд горилогсод”-оос аль болох цөөхнийг ойртуулах, боломжтой бол тэдний өмнүүр тодорхой хаалт тогтоох замаар Монголын улстөрөөс холдуулж  гэмээнэ, улстөр өөрөө дотроосоо цэвэрших учиртай юм. Наймхан хоноод Монголын улстөрд горилогсод хийгээд гологдогсдын учрыг нэг тийш болгохоор дахиад л нэг удаа оролдоод үзэхээс өөр аргагүй болж байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Jenny

      (188.143.232.27) 2016-11-18 12:37
      • 0
      • 0

      Blank stare why did I just waste 4:48 of my life on this mess. Its a shame when you have to re pakgcae a cd that flopped already to try and make more money off of an extra song that you didnt put on the album the first time SMH. those Nicki stans are sure keeping hope alive cus I lost faith in her and the female rap game along time ago.

      Хариулах