Ч.Самбуу: Монголын ахмадуудын төлөө Н.Энхбаяр шиг зүтгэсэн Ерөнхийлөгч байхгүй…

Twitter Print
2016 оны 06-р сар 21-нд 16:12 цагт
Мэдээний зураг,

Хамаатан эгчийн маань аав нь 1945 оны чөлөөлөх дайнд их бууны мастер засварчнаар оролцож явж. Дайн дуусч нутагтаа ирээд мал малласаар насыг элээж, 1994 онд бурхан болжээ. Өөрөө ч ихэнх говьчуудын адилаар хэнэггүй, хээгүй нэгэн байж. Амьд ахуйдаа ганц охиндоо “Охин минь уг нь дайнд оролцсон улсад байр орон сууц өгч байгаа сурагтай” гэж ганц удаа л дуулгасан гэдэг. Тэгээд удалгүй дайнд оролцсон ахмад дайчин өвгөн ч хорвоогийн жамаар буцаж ирдэггүй албандаа мордож, үлдсэн ганц охин нь ч дайнд оролцсон ахмад дайчдад улсаас орон сууц олгодог талаар ойлголт муутай болохоор хөөцөлдөж чадалгүй өнгөрч. Харин саяхан нэг танил нь тэр шугамаар хөөцөлдсөөр орон сууцтай болсныг дуулаад над дээр хэрэг зориг болгон ирэв. Бодвол хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг намайг арай илүү мэдээлэлтэй байх гэж горьдсон хэрэг л дээ. Би ч асууж лавласаар Моннис цамхагын урдаас харсан өндөр хар байшинд Дайнд оролцогчдын Монголын хороо байдгийг мэдэж хамаатан эгчийгээ дагуулсаар явж орлоо. Тэгтэл урьд нь ОХУ-ын Элчин сайдын яаман дээр тааралдаж байсан өвгөн генерал инээсээр угтсан нь Дайнд оролцогчдын Монголын хороон дарга, хошууч генерал Ч.Самбуу гуай байсан юм. Энэ сайхан завшааныг ашиглан хийсэн ажилтай, хэлэх үгтэй генералаас дараах ярилцлагыг авснаа хүргэж байна.

-За генералаа зуншлага сайхан уу?

-Монгол хүн амны бэлгээр гэдэг дээ, сайхан сайхан. Маргааш нар буцах гэж байдаг. Бороо ороод байдаг. Уг нь энэ жилийн наадам ногоо цагаа сайтай сайхан наадам болох шинжтэй. Одоо нэг жаахан бороо татраад, нар гарвал ч сайхан байна санж. 

-Дайнд оролцогчдын Монголын хороо гэж байгууллага байдаг л гэж сонссоноос биш таныг энэ албыг удирдаад сууж байдгийг мэддэггүй байлаа. Та энэ албанд хэзээнээс эхлэн зүтгэв дээ?

-Өвгөн ах нь энэ албыг 2010 оноос хариуцаад явж байна. Уг нь Монголын арми, зэвсэгт хүчинд 40 жил зүтгэснийх тэтгэвэр тэтгэмж амьдралд хүрэлцээтэй, санаа зовох зүйлгүй л дээ. Хүүхдүүд ч “Аав минь та одоо хэзээ болтол энэ өрөөнд суух вэ. Санаа амар гэртээ сууж бай. Бид та хоёрыгоо юугаар ч дутаахгүй” гэдэг л юм. Гэтэл би гэдэг хүн одоо үлдсэн 370 орчим дайнд биеэрээ оролцсон ахмад дайчдаа орхиод биеийн амрыг хараад явчихаж үнэхээр чадахгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед буюу 2008 онд дайнд оролцсон амьд сэрүүн байгаа ахмад дайчдад нэг удаа орон сууц олгох, сард 200 мянган төгрөгийн тэтгэмж олгох зарлиг гарсан нь үндсэндээ үүргээ биелүүлээд дуусч байна. Учир нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн тэр чухал зарлиг гарах үед 1800 орчим байсан дайнд биеэр оролцсон ахмад дайчид өнгөрсөн найман жилийн турш хорвоогийн жамаар цувж одсоор өнөөдөр 370 орчим л дайнд оролцсон ахмад дайчин үлдчихээд байгаа юм. Миний энэ байгууллагатай зууралдаад байгаагийн хамгийн гол шалтгаан нь цагийн аясаар агуулга нь өөрчлөгдөх болчихоод байгаа Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигийг дараагийн Ерөнхийлөгчөөр баталгаажуулж, дайнд оролцсон ч хорвоогоос буцсан ахмад дайчдын ар гэр, үр хүүхдүүдэд нь орон сууц, нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулах зарлиг гаргуулах санаатай л тохиромжтой цаг хугацааг хүлээж суугаа минь энэ.

-Тэгвэл өнөөдөр аль байдгаараа муу хэлүүлж, орон шоронд ч суугаад авсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монголын ахмадууд, ялангуяа дайнд оролцсон ахмад дайчдын төлөө их зүйл хийсэн хүн байна шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Чухам үнэнийг хэлбэл МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шиг Монголын ахмадуудын төлөө чин сэтгэл, зориг гаргаж ажилласан Ерөнхийлөгч байхгүй. 2008 онд тэрхүү зарлигийг Н.Энхбаяраас өөр хүн байсан бол заяа нь зориглож гаргаж чадахгүй байсныг тэр ажлыг удирдалцаж явсны хувьд би баттай хэлж чадна. Ер нь аливаа юм, түүх үнэнээрээ байх ёстой. 2012 оноос хойш Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэчнээн их хэлмэгдүүлэв, яаж хорьж шийтгэж зовоов. Гэтэл үнэн хэрэг дээрээ П.Очирбат, Н.Багабанди нар дээрх зарлигийг яагаад ч зориглон хийж чадаагүй, хулчгар амьтад шүү дээ. Учир нь 2008 онд тэрхүү зарлигийг гаргаснаараа улсын төсвөөс 90 орчим миллиард төгрөг зарцуулсан нь тухайн үедээ үнэхээр асар их мөнгө байсан л даа. Ийм их мөнгөн дүнтэй зарлага гаргаж, Монголын ахмадууд, ялангуяа дайнд оролцсон тухайн үед болон өнөөдөр амьд байгаа амхад дайчдын хувьд МАХН-ын дарга Н.Энхбаяр хэзээ ч мартагдахгүй, мартаж ч болохгүй асар их буян хийсэн хүн юм шүү.

Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд бүхэл бүтэн Ахмадын хороолол барьж байгуулсан. Үнэндээ энэ хүний Монголын ахмадуудын төлөө хийсэн асар их ажил, буяныг хэн бугай ч харлуулж, арилгаж чадахгүй, тийм ч боломжгүй юм.

-Та энэ жил нас сүүдэр хэд хүрч байна. Манай говийн хүн гэдгийг тань мэддэг л дээ?  

-Өвгөн ах нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 1933 онд малчин ард Чимэдцэрэнгийн гэрт мэндэлсэн хүн. За тэгээд бага дунд сургуулиар хүмүүжсээр 1953 онд Цэргийн ерөнхий сургуульд суралцаж, улмаар Зөвлөлт Холбоот Улсын Цэргийн химийн дунд сургууль, Цэргийн Химийн Академи, Цэргийн дээд академи, Зэвсэгт хүчний Жанжин штабын Академийг тус тус дүүргэж, цэргийн дээд боловсрол, химийн инженерийн мэргэжил эзэмшсэн хүн. 1953-1990 онд Цэргийн Химийн салаа, салбар, ангийн дарга, химийн цэргийн дарга, Цэргийн нэгдсэн дээд сургуульд орлогч захирал, захирал, Зэвсэгт хүчний Жанжин штабт орлогч дарга, Тагнуулын газрын даргаар нийт 37 жил тасралтгүй ажиллаад тэтгэврээ суусан. Тэтгэвэртээ гарсны дараа ч үргэлжлүүлэн ажилласаар 60-аад жил арми, зэвсэгтэй хүчинтэйгээ хамт явж байна.

-Таны утас руу залгатал гэр бүлийн тань хүн авах шиг болсон. Тэгээд таныг асуусан чинь “Хөөрхий муу өвгөний минь ажил барагдах биш” гэж байна лээ. Та ер нь зүгээр сууж чаддаггүй хүн юмаа даа?

-Насаараа армитай хувь заяагаа холбосон болохоор бие гайгүй эрүүл, тэгээд ч зүгээр сууж үнэхээр сураагүй хүн. Энэ ажлыг хашихаас өмнө 1990-2015 онд Хан-Уул дүүргийн Ахмадын хорооны даргаар тасралтгүй 25 жил ажилласан. Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр 1996, 2000 онд хоёр удаа сонгогдон ажиллаж байхдаа олон намын тогтолцоотой үед шинээр байгуулагдсан ИТХ-ыг бэхжүүлэх, үйл ажиллагаанд дэмжлэг болох, олонхийн саналаар нэгдсэн зөв ойлголтонд хүрэхэд зохих хувь нэмрээ оруулсан л гэж бодож явдаг даа.

-Та хэдэн онд хошууч генерал цол хүртсэн бэ. Ер нь Монголын хэд дэх генерал вэ?

-Өвгөн ах нь 1981 онд Ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойн их баяраар Монгол Улсын 75 дахь генерал цолтон болж байлаа. Жаахан түүх ярьвал БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор генерал цолыг анх бий болгож, Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарт хошууч генерал цол хүртээснээр Монгол генералын түүх эхэлсэн байдаг юм.

Одоогоос 35 жилийн өмнө надтай хамт хошууч генерал цолыг Т.Алтангэрэл, Монгол Улсын 18 дахь хошууч генерал, 1978 онд хурандаа генерал цол хүртэж байсан Ц.Цогийн хүү Ц.Геннадий, 1984 онд дэслэгч генерал болсон А.Жамсранжав, С.Дамдинсүрэн, Ж.Содном гэсэн таван хошууч генерал цолтон төрөн гарч байсан юм.

-Монголын арми, зэвсэгт хүчинд 40 жил зүтгэсэн гавьяаг тань улс эх орон хэрхэн үнэлсэн бэ?

-Төр түмнийхээ буянг хангалттай эдэлж явна аа, өвгөн ах нь. Ах нь "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, “Цэргийн гавьяаны одон, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, Байлдааны болон ойн медалиудаар шагнагдаж байсан. Хамгийн гол нь нэг насны амьдралаа холбосон ажлаа үнэнч шударгаар хийж, тар ард түмэндээ хоёргүй сэтгэлээр зүтгэх нь л бидний үеийнхний амьдралдаа баримталдаг гол зарчим, жанжин шугам байлаа шүү дээ. Эх орондоо өргөсөн тангаргаасаа няцаж, буцсан өдөр байхгүй ээ.

-Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Монгол ОХУ-ын Батлан хамгаалахын салбарын харилцааг сайжруулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэх юм билээ. Та нутгийн ахын хувьд энэ талаар юу мэдэх вэ? 

-Их сайхан асуулт тавьсанд баярлалаа. Тэгэлгүй яах вэ. Армийн генерал Б.Дорж, хурандаа генерал С.Равдан, Ж.Лхагвасүрэн, С.Батаа, Ж.Авхиа, Ж.Ёндон, Б.Дэжид, С.Лувсангомбо, дэслэгч генерал Ц.Жанчив, Ж.Жамъян, Б.Жамбалсүрэн, Л.Моломжамц, Ш.Жадамбаа, Ө.Чойжилсүрэн, А.Жамсранжав, хошууч генерал Д.Цэдэв, Б.Шагдаржав, Б.Дүйнхэржав, Д.Батаа, Ц.Нансалжав, Ж.Гүррагчаа гээд үе үеийн сайд дарга нарын үед БНМАУ, ЗХУ-ын арми, зэвсэгт хүчин туйлын элэгсэг дотно, ах дүүгийн найрамдалд харилцаатай явж ирсэн түүхтэй. Орос ах нар манай улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бүтэл бүтэн 70 жилийн турш найдвартай сахин хамгаалсаар ирснийг хэзээ ч мартаж, орхигдуулж болохгүй.

Харин ардчилал, зах зээлд шилжсэнээс хойш тэр сайхан харилцаа үндсэндээ орхигдож, ялангуяа сүүлийн жилүүдэд бараг л мартагдаад байсныг 2012 оноос хоёр жил орчим Батлан хамгаалахын сайдаар ажилласан Д.Бат-Эрдэнэ дүү маань шинэ шатанд гаргасныг Монголын арми, зэвсэгт хүчинтэй хувь заяагаа холбосон хүмүүс маш сайн мэднэ.

Тухайн үед Д.Бат-Эрдэнэ сайд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Тува эр С.Шойгутай хувийн маш сайхан харилцаа тогтоож, яам, улсын төсвөөс ганц ч төгрөг гаргалгүй хувиасаа тэрбум гаруй төгрөгийн зардал гаргаж Монгол гаралтай С.Шойгу сайдад эзэн Чингис хааны маш уран гоё хийцтэй алтан баримал, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын даргад алтан сэлэм бэлэглэж байж хоёр орны арми, зэвсэгт хүчний харилцааг эргүүлэн найрсаг сайхан болгосныг нууж хаагаад байх зүйл байхгүй. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн хувьд ОХУ-ын Онцгой байдлын сайдаар 1991-2012 оны хооронд 21 жил тасралтгүй ажилласныхаа дараа 2012 оны 11-р сараас ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байгаа Ерөнхийлөгч В.Путиний хамгийн итгэлтэй хүн шүү дээ. Тэрээр ОХУ-ын баатар, армийн генерал цолтой. Тэрээр ОХУ-ын “Единая Россия” буюу “Нэгдсэн Орос” намын дээд зөвлөлийн гишүүн,  түүнийг үндэслэн байгуулагчдын нэг юм билээ. Өнгөрсөн хагас сайн өдөр Монгол Улс анх удаа ОХУ-аас цоо шинэ 4 ширхэг Су-27 ангилалын сөнөөгч онгоц хүлээн авсан нь С.Шойгу болон Д.Бат-Эрдэнэ сайд нарын дахин эхлүүлсэн хоёр орны батлан хамгаалах салбарын найрсаг харилцааны өгөөж гэж дүгнэж болно.

-Өмнөговь аймгаас хэдэн генерал цолтон төрөн гарсан байдаг юм бол. Ер нь хамгийн олон генерал цолтон аль аймгаас гарсан бэ?

-Манай Өмнөговь аймгаас найман генерал цолтон төрсөн. Хошууч генерал Б.Шагдаржав, Р.Гаваа, Ч.Сандр гээд найман генерал цолтон бий. Завхан аймаг  18, Архангай, Говь-Алтайн  16, Увс 11, Төв аймаг 10, Өвөрхангай, Сэлэнгэ 9, Өмнөговь аймаг 8 генерал цолтонтойгоороо улсдаа тэргүүлдэг юм. Урьд генерал цолны босго тун өндөр байсан юм. Одоо тэгээд Олон улсад үүрэг гүйцэтгэж байгаа болон армийн шинэчлэлтэй холбогдон Бригадын генерал цол бий болсноор генерал цолтны тоо харьцангуй хурдан нэмэгдэж байгаа.

За ингээд яриагаа өндөрлөх үү, хүү минь. Би яаралтай явах ажилтай болчихлоо.

-Сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд гялайлаа?

-Өвгөн генералыг гололгүй яриа дэлгэсэн өөрт чинь ч баярлалаа.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.