Дэлхийн орон орны хуримын даашинз

Хурим бол хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөч. Хуримын даашинз өмсч нөхөрт гарахыг хүсдэггүй бүсгүйг энэ хорвоогоос ол гэвэл тун ч хэцүү даалгавар болох биз. Харин орчин үед бидний үзэж, хэрэглэж дадсан хуримын цагаан даашинзыг дэлхийн олон оронд өмсдөггүй байна. Харин хуримынхаа энэ дурсгалт өдөр хамгийн сайхан үндэснийхээ хувцасыг өмсөж, ёс заншил, шашин шүтлэгээ дагадаг бүсгүйчүүд олон аж. 

Гэсэн ч нөхөрт гарч буй эмэгтэй бол энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй. Ингээд орон орны бүсгүйчүүд хуримынхаа өдөр хэрхэн хувцалсныг доорх зургаас үзээрэй.

Болгар улс

Үндэсний загвар бүхий хуримын даашинз өмссөн Болгар бүсгүй

Турк улс

Сүйт бүсгүй эцгийн гэрийг орхин нөхөрт гарахаар хуримын ёслол руу явах үед ах эсвэл авга ах нь бүсгүйн хуримын даашинзны бэлхүүсэнд улаан тууз уядаг байна. Энэ нь ирээдүйн аз жаргал, амжилт, сайн сайхан бүхнийг бэлэгдэж буй юм байна. 

Шри-Ланка

Шри Ланкад сүйт бүсгүйн хувцас барууны болон дорно дахины хэв шинжийг аль алиныг нь хадгалсан байдаг. Алтан утсаар зүү ороож угалз хатган оёсон үндэсний сари өмсөж европ маягаар торон гивлүүр унжуулах нь түгээмэл. Хуримын даашинзны гоёлд аз жаргал, элбэг дэлбэг амьдралыг бэлгэдэж сондгой тоотой эрдэнийн чулуу заавал оруулах ёстой.

Индонез

Индонез улс олон үндэстэн ястаны нутаг бөгөөд бараг арал болгонд өөр өөрийн гэсэн өвөрмөц ёс заншил уламжлал байдаг. Иймд арал болгонд сүйт бүсгүйн хуримын даашинз өөрийн онцлогтой бөгөөд өргөн алтан утсан хошмогтой, тод өнгийн цэцэг болон хээ хуар бүхий даашинз түгээмэл өмсөгддөг. 

Пакистан

Пакистан бүсгүйчүүд гүн улаан, ягаан өнгийг хуримынхаа ёслолд голчлон хэрэглэдэг. Толгойн өмсгөл хамгийн гол хэрэгсэл бөгөөд тод өнгийн хөвөн даавуун утсанд элдэв гоёл зүүж чимэглэж хийсэн хээ хуар бүхий олон өнгийн гоёмсог толгойн хэрэгслийг сүйт бүсгүй, залуу хоёр өмсөж суудаг байна. 

Энэтхэг

Энэтхэг сүйт бүсгүй час улаан өнгийн хуримын уламжлалт хувцас өмсөж, хөлнөөсөө толгойгоо хүртэл 16 төрлийн чимэг зүүлтээр гоёсон байх ёстой. Эдгээр нь хамар, чихний ээмэг, бөгж, бугуйвчаас өгсүүлээд хөлийн хурууны бөгж, шагайн чимэг хүртэл 16 чимэг хэрэгсэл байх аж.

Нубия

Нубия охид эрээн өнгийн алчуураар толгойгоо боож цагаан өнгийн гивлүүрээр нүүрээ халхалдаг. 

Эритрей

Эритрейн уламжлалт хуримын хувцас нь алтан хатгамал бүхий үзмэн ягаан өнгийн даашинз болон хар хилэнгээр урласан титэм юм. Сүйт бүсгүйн хувцас сүйт залуугийхтайгаа хоршино.

Оросын Тува улс

Тувачууд хуримын ёслолдоо нүүдлийн соёл уламжлалаа хадгалсан үндэсний хувцасаа өмсдөг. Ихэнхдээ эргэн тойрон хээ хуараар гоёж чимэглэсэн гэгээлэг өнгийн энэ хувцас хуримын ёслол болон дараа нь морио унан айлчлан явахад ч тохиромжтой байдаг. 

Түвд

Түвдийн хуримын ёслолын өмнөхөн сүйт залуу сүйт бүсгүйдээ хуримын ёслолын үеэр өмсөх өмсгөл болон чимэглэл зэргийг авчирч өгдөг. Үүнд толгойн өмсгөл, хамар болон шанханд зориулсан мөнгөн ээмэг зүүлт болон Бурхан Буддагийн хөрөг бүхий бяцхан сахиус зэрэг багтдаг. 

Палестин

Албан ёсны хуримын ёслолд сүйт бүсгүй маш өргөн хормой бүхий даашинз өмсөх бөгөөд энэ ёслолд зориулж ээж нь өөрийн гараар урласан даашинзыг солин өмсөнө. 

Перу

Перу улсын нийслэл Лима хотод уламжлал ёсоор хуримын сүйт бүсгүй олон давхар хормой бүхий хар улааныг хослуулан гоёмсог тороор чимэглэн урласан даашинз өмсөх нь элбэг.

Иордан

Барууны соёл нэвтэрснээр Иорданы сүйт бүсгүйчүүд цагаан даашинз, толгойн өмсгөл зүүж, алт юмуу мөнгөн эдлэлээр маш элбэг гоёсон нь харагддаг. Тэрчлэн шинээр гэрлэгсэдийн толгойг ногоон өнгийн торгоор хучсан байдаг нь өсөн дэвжиж, өөдрөг, аюулгүй амьдрахын бэлэгдэл болдог. 

Мали

Малид хуримын сүйт залуу, бүсгүй хоёр цагаан өнгөөр ижилсэн гоёх нь элбэг. Мөн цайвар ягаан өнгө элбэг хэрэглэнэ. 

Солонгос

Мянган жилийн турш Солонгос сүйт бүсгүй үндэснийхээ хувцас ханбокийг өмсч хуримласаар ирсэн. Маш хурц тод өнгийн олон өнгийг донжийг нь тааруулж, маш гоёмсог чимэглэж хийсэн энэ хувцасын сайн чанарын торго, бөс даавуугаар урлах нь бий. Уламжлалт энэ хувцасаа өмсөх нарийн дэг журамтай. 

Япон

Япон сүйт бүсгүй цасан цагаан өнгийн үндэсний кимоно хувцасаа өмсч, tsunokakushi хэмээн нэрлэгддэг торгоор хийсэн толгойн хэрэгсэл өмсдөг. Энэхүү толгойн өмсгөл нь сүйт бүсгүйн хар хорын сэтгэлийг хааж, эр нөхөртөө үнэнч, дуулгавартай сайн эхнэр байхыг бэлэгддэг. 

Нигер

Нигерийн сүйт бүсгүй том хээ хуар бүхий тод өнгийн энэтхэг торгоор хийсэн нөмрөгийг торон цамц, өмдөн дээр хослуулан хэрэглэнэ. Хүзүүндээ шүрэн гоёл зүүж, толгойн уламжлалт зүүсгэл зүүн хуримын иж бүрэн хувцастай болно. 

Чечень

Чеченьд сүйт бүсгүй цагаан өнгийн хуримын даашинз өмсөж, цагаан алчуураар үсээ далдлан ороосон байна. Хуримын даашинзны бэлхүүс хэсэг болон хормойг маш баялаг алтан утсаар чимэглэн гоёсон байдаг. Сүйт бүсгүйн биеийн хэсэг ил харагдах ёсгүй бөгөөд энэ нь цэвэр ариун, үнэнч, ёс журамтайг илтгэдэг гэнэ. 

Ирак

Иракийн сүйт бүсгүй хуримынхаа ёслолоор сольж өмсдөг хувцасныхаа тоогоор дэлхийд рекорд тогтоодог байх. Учир нь тэд хуримын ёслолын үеэр солонгын долоон өнгийн хувцас сольж өмсдөг уламжлалтай. Өнгө бүхэн өөр өөрийн утга агуулгатай бөгөөд улаан өнгө гэхэд үнэнч хайр дурлалыг бэлэгддэг байна.

Итали

Итали сүйт бүсгүй ногоон өнгө аз жаргал, амжилт, хувиршгүй хайр авчирдаг гэж итгэдэг. Иймд ногоон өнгийн даашинз өмсч, ногоон өнгийн чимэглэл зүүхийг илүүд үздэг. Мөн уламжлалт цагаан өнгийг ч бас элбэг хэрэглэдэг. 

Эх сурвалж: AdMe.ru

Орчуулсан Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.