Арьс шир боловсруулдаг 28 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Twitter Print
2016 оны 06-р сар 16-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Улаанбаатарчуудын өмнө хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлын нэг нь Туул голын бохирдол, тун удахгүй үүсч болзошгүй ундны цэвэр усны гачигдал юм. Анхнаасаа 500 мянган хүн амьдрах тооцоотойгоор байгуулагдсан Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нэг сая 500 мянга гаруй хүн амьдарч байгаа бөгөөд тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад орчин, хөрс, агаарын бохирдол, ундны усны асуудал хамгийн сэтгэл зовоосон асуудал болоод байгаа.

Өмнөх Засгийн газрууд чадлынхаа хэрээр эдгээр асуудалд анхаарсаар ирсэн ч өнөөдрийг болтол олигтой шийдвэрлэж чадаагүй л байгаа. Тиймээс ч Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас “Ус сувгийн удирдах газар”, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж, зарим арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд саяхан хяналт шалгалт хийжээ.

МХЕГ-ын дэд дарга П.Ангарагаар ахлуулсан шалгалтын хэсэг Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ангийн үслэг боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, байгаль орчны үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Иймд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн арьс шир, ангийн үслэг боловсруулах “Мон –Ит-Булигаар”, “Монгол Шеврго”, “Белон”, “Шандаст –Аргамаг”, “МЛТЖ”, “Яармаг -1”, “Элит фур”, “Лидер-Арена”, “Их эргэлт”, “Ерөөлт интернейшл”, “Мон-Ирээдүй”, “Содонцуурай”, “Меделмен”, “Улаанбаатар фур”, “Гурван –Эрдэнэ”, “Их-Асар”,“Сүүдэртийн хөндий”, “Мастер додо””, Эрдэнэ чандмань”, “Ялман”, “Батдүмбээ”,”Сутайн дэвшил”, “Хатан төгөл”, “Үе импекс”, “Алтайн харгиа”, “Мөнх шинэ –од”, “Фучер холдинг”, “Арилдий” зэрэг ХХК 28 үйлдвэрийг гаргасан зөрчлөө арилгуулах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох тухай Улсын ахлах байцаагч акт тавьжээ.

Хэдийгээр Улаанбаатарын ундны усны эх үүсвэр болсон Туул гол руу арьс шир боловсруулсан бохир усаа шууд нийлүүлдэг үйлдвэрүүдэд энэ мэтчилэн хориг, хязгаарлалт тавьдаг ч өдөр ирэх тусам Туул голын бохирдол нэмэгдсээр, өнөөх үйлдвэрүүд нь ч тун удалгүй үйл ажиллагаагаа сэргээчихсэн байдаг нь хэвшил болсоор удаж байгаа юм. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.