Олимп бол Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам

Twitter Print
2021 оны 07-р сар 05-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

ОУОХ анх байгуулагдахдаа Олимп бол улс төрөөс ангид байх ёстой гэсэн үндсэн зарчмаа баталж байсан. Эртний Грекийн ард түмэн Олимпийн наадмын үеэр дайсагнагч овог аймгууд зөрчил тэмцлээ түр зогсоож, шударгаар өрсөлддөг байжээ. Ийм ч учраас Олимп бол зуу гаруй жил оршин тогтнохдоо нэг ч улсын сөрөг нөлөөнд авталгүй өнөөг хүрсэн.

Гэхдээ өөрсдийн эрх ашгийн төлөө дайныг өдөөсөн улсуудаас болж хэд хэдэн наадам өнжихөд хүрч байсан гэдийг бид мэднэ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа нийгэм хоёр системд хуваагдаж 1984 оны Олимпийн наадамд Монголын тамирчид оролцож чадаагүй. Хэрэв тэр наадамд манай тамирчид явсан бол алтан медаль ч авах боломжтой байсан гэж хожим ярьсан байдаг.

1916, 1940, 1944 онд Олимпийн наадам дэлхийн дайны уршгаар зохиогдоогүй бол хүйтэн дайны үед зарим улс орнууд тамирчдаа хясан боож оролцуулдаггүй байжээ.

“Антверпин-1920” Дэлхийн нэгдүгээр дайнд хамгийн ихээр өртсөн газар нь Европ билээ. Буурал тивд Олимпийн тоглолт хөшгөө нээж спортын томоохон тэмцээнүүд болж байсан ч улс төрийн байдал тогтворгүй байж дайны аюул нүүрлэж байлаа. Ийм ч учраас 1916 оны зуны Олимп, 1940, 1944 оны өвөл, зуны наадам болоогүй өнгөрсөн.

Олимпийн наадмыг зохион байгуулахгүй хясан боох ажиллагаа нь хүн төрөлхтөнд асар их хохирол учруулсан гэдгийг түүх гэрчилдэг. Фашист Герман бусдын нутгийг эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөөн учир 1920, 1924 оны Олимпийн наадамд Германы тамирчдыг оролцуулаагүй бол түүний холбоотон болох Австри, Унгар, Турк, Болгарын шигшээ баг мөн адил хясан боогдож байлаа.

1920 онд Белгийн Антверпин хотноо болсон зуны Олимпийн 7-р наадамд Зөвлөлт Орос улсын тамирчид уригдаагүй билээ. Хаант засгийг унагаж, хууль бусаар засгийн эрхийг авсан гэж хойд хөршийн тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэрийг ОУОХ гаргасан. Үүнээс болж дэлхийд хүчтэй өрсөлддөг Оросын тамирчид 1952 оны Хельсинкийн наадам хүртэл Олимпийн тоглолтыг өнжсөн юм.

“Берлин-1936” Олон Улсын Олимпийн хороо 1936 оны зуны Олимпийн 12-р наадмыг зохион байгуулах эрхийг Герман улсад өгсөнд дэлхийн улс орнууд ихээхэн дургүйцэж байлаа. Харин ОУОХ Олимпийн наадам бол улс төр, эдийн засаг, бусад ашиг сонирхлоос ангид байх ёстой гэсэн байр суурин дээрээ бат зогсож Берлин хотод Олимпийн тоглолтыг явуулсан.

1933 онд фашист дэглэм Засгийн эрхийг авч Гитлер улс төр, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэж байсан учраас АНУ тэргүүтэй зарим улсууд эцэргүүцэж Берлин хоттой өрсөлдөөд ялагдсан Испанийн Барселона хотод Олимпийг явуулах нь зүйтэй гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Гэвч ОУОХ өөрийн шийдвэрийг өөрчлөөгүй юм. Ингээд Берлин хотод Олимпийн наадам болоход тухайн үед эсэргүүцэж байсан зарим орнууд тамирчдаа илгээлгүй 49 орон анх мэдүүлгээ өгснөөс 37 орны төлөөлөгч Германд ирсэн байна.

“Мельбурн-1952” Дэлхийн хоёрдугаар дайны дараа улс орнууд хоёр системд хуваагдаж хүйтэн дайны аюул бүрэн арилаагүй байсан үе буюу 1952 онд Австралийн Мельбурн хот Олимпийн наадмыг зохион байгуулах эрх авчээ. Гэтэл Испани, Голланд, Швейцарь улсууд ЗХУ-ыг Унгарт хүч хэрэглэснийг эсэргүүцэж Олимпийг бойкотлосон юм.

Мөн Европчуудын Суэцийн сувагт явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж Египет, Ирак, Ливан, Камбож зэрэг орнууд тамирчдаа оролцуулаагүй байна. ОУОХ өөрсдийн байр суурийг удаа илэрхийлж байсан ч дээрх орнууд эсэргүүцсэн хэвээр байсан аж. Харин БНХАУ Олимп эхлэхээс 14 хоногийн өмнө тамирчдаа оролцуулахгүй байх шийдвэр гаргаж байлаа. Үүний шалтгаан нь ОУОХ Тайваньд Олимпийн наадамд оролцох урилга явуулсанд байв. Урд хөрш Тайвань бол манай нэг муж улс гэж тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөөгүй юм.

“Москва-1980” АНУ Олимпийн наадмыг алгасалгүй оролцсон ганцхан улс байсан ч 1980 онд ЗХУ-д болсон наадмыг бойкотложээ. Хүйтэн дайны үеийн АНУ-ЗХУ-ын харьцаа зөрчилтэй байж нэг нэгнийхээ цэргийн үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байсан. Үүний хор уршгаар Солонгос, Вьетнам, Герман улс хоёр хуваагдаад байлаа. Харин Герман, Вьетнам эргэж нэгдсэн улс болж Солонгосын хойг хоёр хуваагдаж өдийг хүрсэн.

1980 онд Москва хот Олимпийн эрх авахад АНУ болон тэдний шахалтаар 63 улс оролцож чадаагүй аж. Харин холбоотон улсуудаас Их Британи, Итали, Испани, зэрэг орнууд ОУОХ-ны далбаан доор тэмцээнд оролцсон бол Австри, Грек, Мальт, Финланд, Швед зэрэг улсын тамирчид өөрийн тугийн дор жагсан Олимпод оролцож байлаа.

“Лос-Анжелес 1984” Москва хотноо Олимпийн наадам зохион байгуулсанд ихэд уурсаж АНУ дараагийн Олимпийг нутагтаа явуулахын тулд бүхий л хүчээ гаргажээ. Өөрсдийн холбоотон орны ОУОХ-ны гишүүдийг Лос-Анжелес хотыг дэмжүүлэхээр ил далд явуулга явуулж байлаа.

Москвагийн Олимп бол зохион байгуулалт болон, оролцсон тамирчдын хувьд чансаа муутай болсон гэж шүүмжлэл гаргаж АНУ-д Олимпийн наадмын эрхийг өгвөл маш сайн Олимп болно гэж мэдэгдэж байсан. Ингээд 1984 онд Лос-Анжелес хотноо зуны Олимпийн 23-р наадам болоход ЗХУ оролцохгүй байх шийдвэр гаргажээ. Үүнийг дагаад Социалист дэглэмтэй Монгол, Румын, Болгар, Югослав зэрэн олон орон өнжсөн юм. Харин БНХАУ Зөвлөлтийг даган баясагч улс биш гэсэн утгатай тайлбар хийж 1984 оны Олимпод оролцож байлаа. Гэвч үүний цаад учир нь улс төрийн асуудал байсан гэдэг нь илэрхий байжээ.

М. Золбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.