Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Н.Шинэбаяр, С.Эрдэнэбаяр нар Риогийн эрхийн төлөө…

Twitter Print
2016 оны 06-р сар 15-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

Хамгийн анх 1988 оны Сөүлийн олимпоос гавьяат тамирчин Н.Энхбат хүрэл, 2008 оны Бээжингийн олимпоос Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган алт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба мөнгө, 2012 оны Лондонгийн олимпоос гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж байсан Монголын ширэн бээлийтнүүдийн амжилт, ялалтын цуврал үргэлжлэх үү гэдгийг “Рио-2016”-д харуулахад хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Одоогоор манай боксчдоос 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Азийн аварга, ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д Армийн дэлхийн аварга, ОУХМ.Чинзориг, 69 кг-д Азийн аварга, Оюутны дэлхийн аварга, ОУХМ Б.Түвшинбат нар олимпийн эрхээ хүртээд байгаа.

Тэгвэл “Рио-2016” зуны олимпийн эрх олгох боксын төрлийн сүүлийн тэмцээн Азербайжаны Баку хотод маргааш буюу 16-нд эхэлж энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Олимпийн эрхийн төлөөх сүүлчийн өрсөлдөөнд оролцохоор 105 орны 469 боксчин Баку хотод очоод байгаа бөгөөд энэ тэмцээнээс нийтдээ “Рио-2016” олимпийн 39 эрх олгох юм.  Ингэхдээ 52 кг, 56 кг, 60 кг, 69 кг, 75 кг, 81 кг жин тус бүрийн эхний 5 байрт шалгарсан боксчдод, 49 кг-ын шигшээд шалгарсан буюу хоёр тамирчинд, 91 кг, +91 кг-д түрүүлсэн тамирчинд “Рио-2016” зорих эрх олгох ажээ.

“Рио-2016” оролцох Монголын боксчдын сүүлчийн найдвар болсон энэ удаагийн тэмцээнд 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар хүч үзэх бөгөөд багш дасгалжуулагчид, бокс сонирхогчдын зүгээс ОУХМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нарт ихээхэн итгэл найдлага тавин хүлээж байгаа юм. Ямартай ч хоёр олимп дараалан алт, мөнгө, хүрэл медалийн тавцанд зогссон Монголын ширэн бээлийтнүүд дэлхийн хүчтэнүүдийн зүрхэнд шар ус хуруулдаг хүчирхэг баг болсон бөгөөд үүнийгээ ч хоёр сар хүрэхгүйн дараа Риогийн рингэд дахин нотлох нь тодорхой. 

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.