Ганцхан өдөрт 185 мянган хүн 322 хувьцаагаа зарахаар болжээ

Twitter Print
2016 оны 06-р сар 14-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг хэмээн тунхагласаар гарч ирсэн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар Тавантолгойн хувьцааны 20 хувийг эзэмшдэг Монголчуудын гар дээр байгаа 1072 хувьцаанаас 322-ыг нь 300 мянган төгрөгөөр УИХ-ын сонгуулиас өмнө худалдаж авах шийдвэр гаргасны дагуу бүртгэл эхэлсэн эхний өдөр нийтдээ 185 мянган иргэн Арилжааны банкуудад хүсэлт гаргасан байна. Эдгээр иргэдийн дансанд дараагийн даваа гараг буюу 20-нд   Тавантолгойн 322 хувьцааных нь эхний хишиг 100 мянган төгрөг орно гэсэн. Засгийн газар ийнхүү хүсэлт гаргасан иргэдийн 322 хувьцааны үнэ болох 300 мянган төгрөгийг гурав хувааж барагдуулахаар болж. Гэхдээ нийтлэгч Баабарын бичсэнээр “Байхгүйгээс тараах” 450 гаруй тэрбум төгрөг хаана ч яваа юм бүү мэд. Ингэхэд олонхи Монголчуудын “Наадмаас өмнө 300 мянган төгрөгтэй болно” гэж таамаг баримжаагаар л хандаж байгаа Тавантолгойн 1072 хувьцаа гэгч нь чухам юу вэ, хэзээ, хаанаас бий болчихсон зүйл вэ гэдгийг тайлбарлах гэж оролдъё.

Монгол Улсын иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг хуулийн дагуу эзэмших эрхтэй болоод зургаан жил болжээ. Таны 1072 хувьцаа өнөөдөр дэлхийн зах зээлд хэд орчмоор “үнэлэгдэж” байгааг та сайн мэдэхгүй л болов уу.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байх Тавантолгойн бүлэг орд нь 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдгийг дэлхийн томоохон шинжээчид албан ёсоор батлачихсан. Үүний 4,6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс. 1,8 тэрбум тонн нь коксжих нүүрс.  Өнөөдөр эрчим хүчний нүүрст тонн нь 15 ам.доллараар үнэлэгдэж байгаа учраас 4,6 тэрбум тонн нөөц нь 69 тэрбум доллар болно гэсэн үг. Харин коксжих нүүрс нь тонн нь 50 ам.доллараар үнэлэгдэж, 1,8 тэрбум тонн нь 90 орчим тэрбум ам.доллар болно. Мөн ч их баялаг Монголын говьд булаатай байгаа биз. Эдгээр мөнгөн дүнг нийлүүлээд төгрөгт шилжүүлбэл өнөөдрийн ханшаар 318 их наяд төгрөг болно. Монголын ард түмэн ямар их баялгийн эзэд гэдэг нь энэ хэдхэн тооноос харагдаж байгаа юм.

УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны 39 дүгээр тогтоолоор Эрдэнэс Тавантолгойн нийт хувьцааны 20 хувийг буюу 3 тэрбум хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлэхээр тогтож, 2,8 сая иргэнд тус бүр 1072 хувьцаа ногдсон. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгойн нүүрсний ордыг 15 тэрбум хувьцаагаар үнэлсэн гэсэн үг. Бид 318 их наяд төгрөгөө 15 тэрбум хувьцаандаа хувааж үзвэл нэгж хувьцааны үнэ 21200 төгрөг болж буй юм. Таны 1072 хувьцаа чинь одоогийн нүүрсний ханшаар тооцож үзвэл 22 сая 726 мянга 400 төгрөгийн үнэтэй байгаа гэсэн үг л дээ. Гэтэл өнөөдөр ажилгүй, орлогогүй болсон Монголчууд ийм үнэ, ханштай хувьцаанаасаа 322-ыг нь 300 мянган төгрөгөөр зарах гээд Арилжааны банкуудын үүдэнд хонон өнжин дугаарлаж эхэллээ.

Үүнээс өмнө Засгийн газраас таны хувьцаа эзэмшиж буйг баталгаажуулахын тулд 2012 онд 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлэн өндөр настан болон оюутнуудаас худалдаж авч байсан. Үнэндээ тэр нь сонгуулийн өмнөх ээлжит шоу хөтөлбөр  байсныг ч хэлэх ёстой. Өнөөдрөөр харвал нэг ёсны “луйвар” байсан мэт санагдана. Тавантолгойн ордоос иргэн бүр хувь хүртэх ёстой гэж 2007 оноос хойш гүйсэн МоАХ-ны хэдэн партизаны тэмцэл, Ерөнхийлөгчийн тухайн үед хэлж байсан “Ард түмнийхээ Тавантолгойг ард түмэндээ өгье” гэх үгийн ачаар та 1072 хувьцаатай болсон гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. 

Гэтэл тухайн үед Засгийн газар ердөө 932 төгрөгөөр нэгж хувьцааны үнийг тооцож авсан байдаг юм. Хамгийн харамсалтай нь 1,5 сая орчим иргэн Засгийн газарт сая төгрөгөөр хувьцаагаа худалдахад бэлэн хэмээн 2012 онд өргөдөл гаргаж байж. Тухайн үед Засгийн газар 2012 оны зургадугаар сарын 6-наас дуусгавар болгон иргэдийн хүсэлтийн хүлээж авлаа хэмээн толгой эргүүлээд зогсохгүй, 2012 онд сонгуулийн өмнөхөн 1072 хувьцааг худалдаж авна гэх этгээдүүд ч гарч байсан нь саяхан сарын өмнө давтагдаж байсан. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос “Иргэн та Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр хувьцаа эзэмшиж байгаа шүү” гэдгийг анхааруулсаар байсны хүчинд арай л бүгдээрээ хошуураад Тавантолгойнхоо хувьцааг зарж, борлуулчихалгүй өнөөдрийг хүрээд байсан.
Хамгийн гол нь Монголчууд хуулийн дагуу 1072 хувьцааг Эрдэнэс Тавантолгой ХК-иас эзэмшиж байгаа нь маргашгүй үнэн билээ. Мөн Эрдэнэс Тавантолгой компани үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа нь ч үнэн хэдий ч олсон орлогоо сонгуулийн шоу болгоод урьдчилаад зээлээд идчихсэн өрөнд хураалгасаар л байгаа. 2011-2012 онд Сү.Батболдын Засгийн газар  Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компанийн Хятадад нийлүүлэх нүүрсний борлуулалтын орлогоос хэмээн 350 сая ам.долларыг урьдчилж авсан учраас өнөөдөр ч тэр өрөө төлсөөр байгаа юм. 
Тэгвэл өнөөдөр өнөөх 1072 хувьцаанаас 322-ыг нь 300 мянгаар арилжихаар Монголчууд хэдэн банкны үүдэнд овоорч эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “УИХ-ын сонгуулиас өмнө амжуулна” гээд амлачихсан болохоор ард иргэд бужигналдах нь ч аргагүй.

Ийнхүү намуудын  амлалтаас үүдэж мэндэлсэн 1072 хувьцааны хувь заяа  сонгуулиас сонгуульд өөрчлөгдөн хувьсч байгаа хэдий ч “Эрдэнэс Тавантолгой” бол бидний өмч гэсэн үүднээс Монголчууд ул суурьтай хандаж, тус ордын 20 хувийг бид эзэмшдэг гэдгээ хуулиар баталгаажуулсан учраас  шунаж, сувдаглах хэнбугайн ч өмнө эрхээ эдэлж, үгээ хэлэх боломжоо хадгалсаар үлдэхсэн. Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилнэ. Тавантолгойн нүүрс өнө мөнхөд өнөөдрийнх шиг өр дарах хэрэгсэл, үнэ нь шалдаа унасан уугиж байгаа үнс байхгүй нь тодорхой. Хэзээ нэгэн өдөр Тавантолгойн нүүрс дахин үнэд орж, Монголчууд ч “Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг” сайхан цагийг үзэх нь ойлгомжтой.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.