Хятадад элсэлтийн шалгалтанд хуулсан бол 7 хүртэл жилээр хорино

Twitter Print
2018 оны 06-р сар 15-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

БНХАУ даяар элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар нэг цагт нэгэн зэрэг эхэлдэг. Уг шалгалтыг ахлах сургуулиа төгсч буй сая сая охид хөвгүүд өгч байна. Өнгөрсөн онд л гэхэд мөрөөдлийн сургуульдаа элсэн орохыг хүссэн 9.4 сая сурагч энэ шалгалтанд хамрагдсан юм.

Хятадад “Гаокао” гэж нэрлэгддэг энэ шалгалт 1950-иад оноос эхлэн зохион байгуулагдсан цагаасаа эхлэн мөрддөг дүрэм журмынхаа хүрээнд олон улсад шүүмжлэл маргаан дагуулсаар ирсэн. Олон цагаар үргэлжилж, биеээ хааш нь ч эргүүлэхгүйгээр цэх сууж, нүдний хараа ч ийш тийш нь гүйлгэж болохгүй дүрэм журамтай энэ шалгалтанд өндөр оноо авах нь тухайн сурагч нэр хүндтэй сургуульдаа элсэн орох, улмаар ар гэрийнхээ амьдралын баталгааг хангах гол зам гэж үздэг.

Ийм ч учраас Хятадад шилдэг их сургуульд элсэн орох гэсэн сая сая сурагч нойр хоолгүй хичээл хийж, багш сургууль болоод эцэг эхийн дарамт шахалтанд орсноор зарим нь амиа хорлох замыг сонгодог. 

Шалгалт өгсөн хүүхдүүдээс хамгийн багаар бодоход 2 сая орчим нь ямар ч их дээд сургуульд орж чадахгүйгээр хасагдан үлдэх болно. Шалгуур өндөртэй, асар их сэтгэлийн дарамт өгдөг энэ шалгалтын явцад хуурах, хуулах маш нарийн боловсруулсан аргууд хэрэглэгдэж байсан тохиолдол цөөнгүй бөгөөд шалгалтыг шударга явуулахын тулд энэ жил нисдэг камер буюу drone ашиглаж байгаа юм байна. 

Энэ онд Хятадын элсэлтийн ерөнхий шалгалтын цэгүүд сурагчдыг хуулахаас сэргийлэх арга алхмаа эрс чангатгаад байна. Орчин үеийн техник технологийн хөгжил сурагчдыг хялбар аргаар хуулах боломжийг нэмэгдүүлсэн. Хятадад сурагчид чихэвч, цаг, мөн хүлээн авагч бэхэлсэн цамц хүртэл ашиглаж, шалгалтад хуулахаар оролдож байсан удаатай. Иймээс элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах цэгүүд металл илрүүлэгч ашиглах болсон байна.

Өнгөрсөн онд Хятадын Хэнань мужид хуулж байгаа сурагчийг тогтооход радио долгион илрүүлэгч бүхий дрон буюу нисдэг төхөөрөмж хүртэл ашиглаж эхэлжээ. Харин энэ оны онцлог нь хуулсан сурагчид зөвхөн шалгалтаас хөөгдөөд зогсохгүй, илүү хүнд шийтгэл хүлээхээр болсон явдал. Хятадын Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр элсэлтийн ерөнхий шалгалтад хуулахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох болжээ.

Энэ хуулийн дагуу элсэлтийн ерөнхий шалгалтад хуулсан, хууран мэхлэх арга ашигласан сурагчийг 3-7 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэхээр болсон байна. Мөн хуулсан сурагч дахин 3 жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхээ хасуулж, шалгалтын хянагч сурагчид тусалсан нөхцөлд хам хэрэгтэнд тооцох тухай дээрх хуульд заасан байна.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.