Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар суларчээ

Twitter Print
2014 оны 02-р сар 05-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

Эрдэс баялгийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгч 25 улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадварыг Канадын “Behre Dolbear” групп судалсан байна. Тус судалгаагаар Монгол улс нийт 70 оноо авахаас 2013 онд 26.9 оноо авч, 19 дүгээр байрт бичигдсэн бөгөөд энэ нь 2012 оноос 5.1 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Хэдийгээр Монгол Улс 2013 онд хөрөнгө оруулалтын тухай хууль баталж, хэрэгжүүлж эхэлсэн ч татварын орчин тогтворгүй, уул уурхайн салбарын бодлого тодорхой бус зэрэг нь тус салбарын хөрөнгө оруулагчдад чөдөр болж байгааг судалгаанд онцолсон байна. Тодруулбал, Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт тодорхой бус хугацаагаар хойшилсон нь үүний тод жишээ болж байна гэж “Behre Dolbear” үзжээ. Монголоос гадна Аргентин, Перу, Гана, болон Өмнөд Африкт улс төр, хууль эрхзүйн орчин солигдож, тогтвортой байдал алдагдсан болохыг тус тайланд онцолжээ. Мөн Монгол улс хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байгаа болон уул уурхайн салбар дахь авлигын хэмжээ буураагүй зэрэг нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн байна. Зөвхөн нүүрсний тухайд 2012 онд Монгол улс 21.3 сая тон нүүрс экспортод гаргаснаар дэлхийн нүүрсний экспортын хоёр хувийг бүрдүүлээд байгаа. Гэвч Монгол улсын хувьд нүүрсээ зөвхөн Хятад руу экспортолж байгаа бол ижил төрлийн бүтээгдэхүүн экспортлогч Австрали улс 30, Индонези найман орон руу нүүрсээ нийлүүлж байна. Ингэснээр эдгээр хоёр улс дэлхийн нүүрсний экспортын 40 орчим хувийг бүрдүүлж чадсан аж. Үүнээс гадна газарзүйн байршлын хувьд нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэх улстай хөрш зэргэлдээ оршиж байгаа ч Монгол Улс нүүрсээ Австралиас хоёр дахин өндөр өртгөөр тээвэрлэж, бараг дөрөв дахин хямд үнээр нүүрсээ худалдаалж байна гэж Монголын экспортлогчдын холбоо үзэж байгаа юм. Тиймээс Эрдсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх шаардлагатай байгаа болохыг Уул уурхайн яам онцолж байгаа. Ингэснээр 2018 оноос жил бүр 2 тэрбум ам.долларын экспортын нэмэлт орлого олох төлөвтэй байгааг Монголын экспортлогчдын холбоо тооцоолжээ. Д.Энхнаран 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.