З.Энхболдтой тэрсэлдэх Б.Батбаатар…

2016 оны 06-р сар 10-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Үүнийг тэрлэгч нь 2004 онд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн байлаа. Тэр үед УИХ-ын сонгуулийн сурталчилгаа гэдэг мөн ч пижигнүүлдэг байсан цаг. Бүтэн сарын турш энд тэнд шоу концерт зохион байгуулж, айл бүрийн хаалгыг тогшиж, идээ будаа тараагаад л. Нэр дэвшигч нөхдүүд зам цэвэрлэж, гэр хорооллын хог ачуулаад л. Яг тийм жигтэйхэн ажилсаг, чих зөөлөнтэй гэж гайхмаар нэр дэвшигчдийн дунд хариугүй жонгиносон дуутай, хүүхдээрээ шахуу нэг нөхөр гарч ирээд баярхуу гэгч нь сурталчилгаа хийж эхэлсэн юм даг. Сураг сонвол тэр үед үйлчлүүлэгч олонтой, гайгүй хүчээ авчихаад байсан “Тумбааш” дэлгүүрийн эзэн Батын Батбаатар гэгч болж таарсан. Тухайн үед “Та сувгаа битгий солиорой” гэдэг шиг нэг л уриаг хаа явсан газраа жонгинотол давтсаар байгаад бүр чихэнд хоногшчихсон байж билээ. Тэрээр “Жанжин Д.Сүхбаатар 30 настай хувьсгал хийсэн. Батын Батбаатар би 17 настайдаа ардчилсан хувьсгалд оролцсон, 30 настайдаа УИХ-ын гишүүн болно” хэмээсэн сүртэй сурталчилгаа хийж, хажуугаар нь хүүхдүүдэд “маруужин” тараасаар сонгогчдыг өөрийнхөө зүг эргүүлж дөнгөсөн. Ямар ч гэсэн жонгинуулсаар байгаад тухайн үеийн УИХ-ын дэд дарга, өнөөдрийн Хүний Эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг ялж, УИХ-д баавартайхан ороод ирсэн л юмдаг. Тэр үед Батын Батбаатарын реклам сурталчилгааг одоогийн УИХ-ын гишүүн Г.Уянга гардан хийснээр ялалтанд хүргэсэн, хариуд нь унах унаатай болгосон гэж яригдаж байсныг сайн санаж байна.

Харин дөрвөн жилийн дараа 2012 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт Б.Батбаатартай Гарьдхүүгийн Баярсайхан, сэтгүүлч Г.Уянга, Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт нар өрсөлдөж, дөрвөн жилийн өмнө Б.Батбаатарын пиарыг хийж явсан Г.Уянга ялалт байгуулан УИХ-ын гишүүн болж, УИХ-ын гишүүн байсан Батын Батбаатар ялагдсанаар сураг алдарсан түүхтэй. Б.Батбаатар дөрвөн жил УИХ-д суухдаа 76 гишүүний манлайд нь гараагүй ч адагт нь жагсаагүй санагддаг. Тэр чигээрээ улстөр хөөгөөд явсан бол гайгүй ч төрийн түшээ болон төлөвшиж магадгүй улстөрч байсан. Сүүлд “Дэд сайдад шал дэмий нөхдүүдийг нэр дэвшүүлж байхаар УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллахдаа “номын дуу сонсоод, ногоотой шөл уугаад” гарсан Б.Батбаатар шиг залуусаа дэмжсэн бол Ардчилсан намд л хэрэгтэй байсан” гэж нэлээн олон хүмүүс ярилцаж байх нь сонсогдож л байсан. 

Мань эр 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн ч дахин УИХ-ын улаан модон сандал ширээг зайдагнах эрхийг сонгогчид түүнд олгоогүй. Тэгээд яах вэ дээ “Зүгээр суухаар зүлгэж суу” гэдэгчлэн Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар сүүлийн хэдэн жилд ажиллаж байв. Мань эр өнөөдрийн АН болон УИХ-ын дарга З.Энхболдтой 2012 оны эхнээс л тэрсэлдсээр ирсэн ч нам дотроо тийм ч нэр нүүрээ барчихсан нэгэн байгаагүй. Үүний нотолгоо нь өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр томилогдож байснаас харагдана. Тухайн үед “Улс орны эдийн засаг, улстөрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа үед Б.Батбаатарыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилсон нь зөв сонголт боллоо” хэмээх хүн ч АН-д олон байсан юм.   

Б.Батбаатар нь улстөрд багагүй хугацаанд хүчин зүтгэсэн намын эрх ашиг, эв нэгдлийг тууштай баримтлагч Ардчилсан намын чадварлаг боловсон хүчнүүдийн нэг гэгдэж явсан ч 2012 оны эхнээс л удирдлагуудтайгаа зөрчилдсөөр тэр оныхоо хоёрдугаар сард Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв, Сүхбаатар аймгаас АН-ын ҮЗХ-нд сонгогдсон Д.Батмөнх, ҮЗХ-ны гишүүн, Хан-Уул дүүргийн Засаг дарга А.Ганхуяг, Чингэлтэй дүүргээс ҮЗХ-нд сонгогдсон Д.Алтанхуяг, Хэнтий аймгийн АН-ын дэд дарга М.Хүдэрбаатар нарын залуучуудтай “Мөнх тэнгэр” нэртэй фракцыг байгуулсан байдаг. Тухайн үед шинэ фракцийн тэргүүн Б.Батбаатар гол зорилгоо мөн л “Монгол Улсаа шинэчлэх, өөрчлөхийн төлөө бид нэгдсэн”  гэж байсан юмдаг.

Гэтэл нэг хэсэг АН-ын ирээдүйтэй улстөрч гэгдэж явсан Батын Батбаатар өнгөрсөн сарын 28-нд болсон Үндэсний зөвлөлдөх хурлаар өөрийнх нь нэрийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүйд уурсан хуралдааны танхимыг хаалгыг саван гарч, дараахан нь АН-аас гарах өргөдлөө З.Энхболдод хаяглан явуулсан байдаг. Түнийг нь ч удалгүй хэлэлцээд хүсэлтийг нь ёсоор болгосон цагаас АН-ын дарга З.Энхболд, Б.Батбаатар хоёрын дараагийн гол тулаан эхэлжээ. Уг нь Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны хурлаас Б.Батбаатар    100 хувийн дэмжлэг аван гарч ирсэн боловч “Намын ҮЗХ-ны хурлын өмнө З.Энхболдын үзэгний үзүүр миний хувь заяаг шийдчихсэн” хэмээн зуусан шүд нь өнөөдөр улам л чангарсаар яваа нь тодорхой.

Намынхаа удирдлагуудтай нэгийгээ үзэлцэхээр шийдсэн Б.Батбаатар Баянгол дүүрэгт З.Энхболд, МАН-ын Д.Лүндаажанцан нарын тойрогт Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн боловч АН-ын дарга З.Энхболд СЕХ-нд шахалт үзүүлснээр бүртгэхээс татгалзуулж дөнгөсөн. Тэгсэн ч Б.Батбаатар гандан буурахгүйгээр 70 дугаар тойрог буюу 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хороонд ИЗНН-аас нэр дэвшихээр болж СЕХ-ноос албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан аваад байгаа. Баянголын 70 дугаар тойргийн сонгогчид 20-хон хоногийн дараа АН болон УИХ-ын дарга З.Энхболд болон долоо дахь удаагаа УИХ-д суухаар нэр дэвшээд байгаа Д.Лүндээжанцан, жонгиносон дуутай “Тумбааш” дэлгүүрийн эзэн байхдаа УИХ-д хаалга тогшилгүй орж ирж байсан Б.Батбаатар, сүүлийн үед яван чангарсаар байгаа Хассуурийн Ганхуяг гэгч бие даагчаас гадна олон нийтийн цахим сүлжээгээр “АН-ын дарга З.Энхболдыг дааж авч байна” хэмээн сүртэйхэн тунхагласан Монголын Консерватив намын ЕНБД гуншинтай Б.Сайнбаяр нараас сонголт хийх гэж багагүй мунгинах нь ойлгомжтой. Гэхдээ гол өрсөлдөөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь баттай явж байгаа АН болон УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын нэр дэвшигч Д.Лүндээжанцан нарын хооронд өрнөх нь ч тодорхой.

Харин 12 жилийн өмнөх жонгиносон дуу нь гайгүй өнгөр сууж бүдүүрсэн ч сонгуулийн өмнө намаа Түгжилдэж, сонгуульд оролцох үнэмлэх гардах үедээ жигтэйхэн ганцаардан баргар царайтай зогсож байсан Батын Батбаатарын шүд зуусан хонзогнол талаар өнгөрч, улстөрийн карьер нь өндөрлөх тийшээ хандах нь бараг л ойлгомжтой болно. Яагаад гэвэл улстөрийн нам дамжиж, үзэл бодол, үнэт зүйлсээ арилжаалагчдад сонгогч олон аль хэдийнэ үнэлэлт, дүгнэлтээ тавьчихсан байгаа нь тодорхой.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.