Л.Гүндалай Орхонд биш, Баянзүрхэд “Монголоороо байгаасай”-г дуулна…

Twitter Print
2016 оны 06-р сар 07-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр Монголын 13 нам, гурван эвсэл, 74 бие даагч бичиг баримтаа бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд өгснийг тэд нягтлан үзээд 2016 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 6-ны хүртэл байн байн хуралдсаар улстөрийн 12 нам, гурван эвслийн 429 нэр дэвшигч, бие даан нэр дэвшүүлсэн 69 нэр дэвшигч, нийт 498 нэр дэвшигчийг УИХ-ын энэ удаагийн сонгуульд оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийн дагуу дөнгөж сая төрийн ордны Их танхимд 2016 оны УИХ-ын сонгуульд албан ёсоор өрсөлдөх 498 нэр дэвшигчид сонгуулийн үнэмлэхийг нь гардуулан өгөв. УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр үнэмлэхээ гардсан эдгээр 498 хүнийг нам, эвсэл, бие даагчаар нь ангилвал МАН-аас 76, АН-аас 76, Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс 44, ИЗНН-аас 15, МУНН-аас 11, “Хаан сонголт” эвслээс 9, БНН-аас 36, МСДН-аас 17, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 9, Иргэний хөдөлгөөн намаас 27, Ардчилсан хөдөлгөөн намын 3, МАХН-ын 71, Эх орончдын нэгдсэн намын 9, Монголын консерватор намын 13, Ард түмнээ хайрлая намын 13 нийтдээ улстөрийн 12 нам, 3 эвслийн нийт 429 нэр дэвшигчид байв. Мөн 69 бие даагчид УИХ-ын сонгуульд өрсөлдөх үнэмлэхээ гардан авсан юм. Нам эвслээс нэр дэвшигчдийн 116 нь буюу 27 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байсан бол бие даагчдаас 13 нь эмэгтэй нэр дэвшигч байсан нь нийт нэр дэвшигчдийн 129 нь буюу 25.9 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байсан юм. Ийнхүү Сонгуулийн тухай хуулийн 128-ын 8-д заасны дагуу дээрх 498 нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж, үнэмлэхийг нь гардууллаа.

УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх үнэмлэхээ гардан авахаар төрийн ордны Их танхимд хамгийн эхний 30-аад эрхэм орж ирж суудлаа эзлэхэд тэдний дунд Баянгол дүүргийн 69 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ, МАН-ын нэр дэвшигч Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан нартай ширүүхэн өрсөлдөхөөр тодроод байгаа дуучин Нара буюу М.Нарантуяа, Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, АН-ын нэр дэвшигч эрчим хүчний сайд Д.Зоригт, МАХН-аас нэр дэвшсэн Хэнтийн аймгийн Засаг дарга асан М.Жаргал нартай өрсөлдөх, тэмцэгч Г.Баасан авгай, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Зохиолчдын хороон дарга яруу найрагч Г.Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн “Монполимет” группийн Ерөнхий захирал Ц.Гарамжав, Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Арвин, МАН-аас нэр дэвшсэн хөтлөгч П.Анужин, МАХН-аас нэр дэвшигч Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нартай жинхэн гал гарсан өрсөлдөөн гаргах Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан гээд олон содон, сонин нэр дэвшигчид нүүр дүүрэн мишээл тодруулсаар, уриалгахан гэгч нь зураг хөргөө татуулсаар суудалдаа тухалцгаасан юм. Ингээд нэр дэвшигчид цуварсаар 12:00 цаг болж байхад МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нар бараа бологчдоо дагуулан орж ирж суудлаа эзэлснээр нэр дэвшигчдэд сонгууийн үнэмлэхийг нь гардуулах ажиллагаа эхэлсэн юм. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн дарааллаар нь гардуулахад МАН-ынхан эхний ээлжинд хурлын индэрт гарах завшаас тохиосон. Тэд индрийн зүг баяр хөөртэй алхацгааж байхдаа “Түрүүлж үнэмлэхээ гардаж байгаа шигээ торолгүй ялалт байгуулцгаая” хэмээн М.Энхболд даргаас эхлээд Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, А.Тлейхан, Д.Сумьяабазар зэрэг гишүүд инээд алдацгааж байсан нь сонирхолтой санагдсан.

Харин төрийн ордын Их танхимд цугласан олны дундаас эрх баригч АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар дэмжигдэн нэр дэвших эрх авч чадаагүйдээ бухимдаж “АН-аас гарлаа” хэмээн хаалгыг нь савж одсон Чингэлтэй дүүргийн АН-ын дарга асан Б.Батбаатар ИЗНН-аас Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшихээр болж, өөрийн заналт дайсан болчихоод байгаа АН болон УИХ-ын дарга З.Энхболдтой нэгийгээ үзэлцэхээр царай нь тун баргар, түмэн юм бодож байгаа бололтой тонгойсоор суусан нь их л содон харагдаж байв.

Танхимаар нэг сэлгүүцэж бараг л хүн болгонтой толгой дохин гар барьж явсан "Ард түмнээ хайрлая" хэмээх сүрхий нэртэй “Ганц хүний нам”-ын дарга гэгдсэн Л.Гүндалай Орхон аймагт өрсөлдөнө хэмээн шуугиан дэгдээгээд байснаа эцэст нь Орхончуудаас зугатаж, Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрогт очиж “Монголоороо байгаасай” хэмээн дуулахаар болсон нь батлагдаж, сонгуулийн үнэмлэхээ гардав.

Ингээд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, сонгуулийн үнэмлэхээ гардсан 498 эрхэм дөрөвхөн хоногийн дараагаас 18 хоног Монгол орон даяар таран одож, ард түмэндээ ямар их хайртай, тэдний төлөө дөрвөн жил морь нохой мэт зүтгэхээ тангарлаж гарах болно. Тэднээс хэн нь хамгийн сайн дуулж хуурдаж, гурил будаа, элсэн чихэр, талх тариа хажуугаар нь тун болгоомжтойгоор 20 мянгатын дэвсгэр арай ахиухан тарааж, ядуухан ард түмнийхээ сэтгэлийг уярааж, тэрхэн зуурын итгэлийг нь салгаж чадсан нь УИХ-ын 76 суудалд залрах эрхтэй болж, дөрвөн жил аз жаргалдаа умбацгаах болно.

        

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.