Нэр дэвшигчид үнэмлэхээ гардана…

Twitter Print
2016 оны 06-р сар 07-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрөөс 2016 оны УИХ-ын сонгуулийн “тулаан” жинхэнэ утгаараа эхэлнэ. Учир нь өнөөдөр 11:00 цагт Сонгуулийн ерөнхий хороо төрийн ордонд мэдээлэл хийсний дараа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг албан ёсоор гардуулна. Үнэмлэхээ гардсан эрхмүүд тойрог тойрог руугаа хөлгийн жолоо залж 11-нд албан ёсоор эхлэх сонгуулийн сурталчилгааныхаа бэлтгэл ажилд ханцуй шамлан орж явчихна. Хэдийгээр Сонгуулийн тухай хуульд “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид зургаадугаар сарын 7-нд УИХ-ын сонгуулийн үнэмлэхээ гардаж аваад 11-нээс сонгуулийн сурталчилгаагаа 18 хоногт багтаан явуулна” гэж заасан байгаа ч нэр дэвшигчид албан бус сурталчилгаагаа хэд хоногийн өмнөөс сэм сэмхэн явуулж эхэлсэн. Энэ удаа яарч сандран баталсан Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг гурван тэрбум 400 сая төгрөгөөр тогтоосон. Энэ нь сонгуульд оролцогч нам, эвсэл бүрт хамаатай. Ингэж нарийвчлан тогтоож өгөхгүй бол төр засгийн эрх мэдлийн төлөө улайрсан улстөрийн намууд улсаа дампууруулчих шахан сонгуулийн зардлыг дур зоргоороо хэд дахин нэмэгдүүлсээр ирсэн гашуун туршлага бий. Тухайлбал 2008 онд нам, эвслээс УИХ-ын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 5.5 тэрбумаар тогтоож байснаа 2012 онд бараг хоёр дахин нэмэгдүүлж 9 тэрбум болгож байсан түүхтэй.

Дөрвөн жил болоод л засаг төрөө өөрчилж, дахиад л шинээр эхэлдэг Монголын улстөрийн тогтолцооны энэхүү үргэлгэн, намчирхсан туйлшралын цаана улстөрийн сонгуульд намын болон хувь улстөрчийн халааснаас гарсан зардлыг хэд нугалж эргүүлэн олж авахын төлөөх амь дүйсэн тулаан өрнөдөг нь маргашгүй үнэн юм. Үүний нотолгоо нь 2012 оны УИХ-ын сонгуулийн зардлын тайланд Сонгогчдын боловсрол төвөөс шинжилгээ хийж үзэхэд тухайн сонгуульд зарцуулсан нийт зардлын 50 орчим хувийг нам, эвсэл, нэр дэвшигч өөрийн хөрөнгө, эх үүсвэрээс гаргасан байж. Харин энэ дүнгийн 70-90 орчим хувь нь нэр дэвшигчийн өөрийн эх үүсвэрээс гаргасан мөнгө байжээ. Эндээс харахад УИХ-ын сонгуульд жирийн нэг төрийн мэргэшсэн албан хаагч ч юмуу, салбар салбартаа танигдсан мэдлэг мэргэжил, боловсрол сайтай ч хөрөнгө мөнгө муутай, ардаа түшиг тулгуургүй хүмүүс өрсөлдөх боломгүй нь харагдаж байгаа юм. Харин түүний оронд тайзан дээр хэдэн жил дуулж, олонд танигдсан, хаана ч очоод хэдэн төгрөг босгох бололцоотой дуучид юмуу, ардаа том том компанийн эздийг суулгасан том машин унасан бөхчүүд, үгүй бол ажилчиддаа цалинг нь хугацаанд нь тавьдаггүй мөртлөө сонгуульд зарцуулсан мөнгөө УИХ-ын гишүүн болчихвол хэд дахин нугалаад авчина гэж шазуур зуун тооцоо хийж яваа компанийн эздүүд мэтийн хүмүүст л Монголын улстөрийн хаалга нээлттэй байгаа юм.

Өнөөдөр Монголын улстөрийн тогтолцоо иймэрхүү л өнгө, мөнгөн дээр тогтнож байгаа болохоор төр засгийн бодлого боловсруулж, мэргэжлийн яамдыг үүрэг чиглэлээр хангах үндсэн үүрэгтэй хууль тогтоох дээд байгууллагад “Тэр өдрийн аз нь шовойж, од нь гийсэн” болгон хэн нэгэн дарга, эрх мэдэлтний оймс, өмдний тэлээнд хавчуулагдан орж ирсээр байгаа нь  өнөөдрийн бодит үнэн, эдийн засаг, улстөрийн дампуурлын гол учир шалтгаан болж байна.

Өнгөрсөн 2012 оны сонгуулийг ил далд цацаж тараасаар 10 орчим тэрбум төгрөгөөр хийгээд ч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “Монголын улстөр тунгалагшиж цэвэрших” бус харин ч улам л дампуу, улам л мэргэжлийн бус, улам л чадваргүй болсон нь хэн ч маргашгүй үнэн. Уг нь амьдралын жам ёсоор он жил өнгөрөх тусам орчлон ертөнц өөрчөгдөж, бүх л зүйл хөгжиж дэвшиж, төгс төгөлдөр болдог жамтай. Харин тэгэхэд Монголын улстөр он жилүүд өнгөрөх тусам хөгжиж дэвжих бус, хямрал, дампуурал руугаа л яваад байна. Монгол Улс эдийн засгийн хямралтай байсан бол өнөөдөр зэрэгцээд улстөрийн хямрал бодитойгоор нүүрлэчихсэн. Эдийн засаг, улстөрийн гүнзгий хямралд Монгол Улсыг живүүлсэн эрхэм улстөрчид дахин дөрвөн жил биднийг молигдохоор, "хууль бус гууль" батлахаар өнөөдөр УИХ-ын сонгуулийн үнэмлэхээ гардан авах гэж байна. Тэдний дунд Ц.Нямдорж, З.Энхболд, С.Баярцогт, Н.Номтойбаяр, С.Одонтуяа, “Фортуна” Н.Батбаяр, дуучин Нара, С.Жавхлан, Г.Баасан авгай, О.Магнай, өнөөх Л.Гүндалай, “Буян” Б.Жаргалсайхан, хөтлөгч П.Анужин, Нарантуулын босс Ш.Сайхансамбуу, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, З.Баянсэлэнгэ, Н.Энхбаярын эхнэр О.Цолмон, Дархан аварга А.Сүхбат гээд түмэн зүйлийн нөхөд бий. Тэд өнөөдөр сонгуулийн үнэмлэхээ гардана.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.