З.Нарантуяа: Чанаргүй зээлийн хэмжээ огцом өсч байгаа нь нийт банкны системд хортой…

Twitter Print
2016 оны 06-р сар 06-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа өнгөрсөн оны сүүлчээр хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн мэдүүлснээр 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон билээ. Яг жилийнхээ ойн дээр халагдах өргөдлөө өгч байсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяатай 2015 оны Монгол Улсын макро эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдийн талаар сонирхон ярилцлаа.

-Та эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн чиг үүрэг, Монголын банк санхүүгийн системд гүйцэтгэдэг үүргийн талаар танилцуулахгүй юу?

-Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм. Анх хороо байгуулагдахдаа үнэт цаас, даатгалын салбар болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоодын үйл ажиллагааны чиглэлээр холбогдох хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан бол шинэ тутам үүсэн бий болж буй зах зээлийн харилцаанаас шалтгаалан Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай зэрэг хуулиудын зохицуулалтын хүрээний санхүүгийн шинэ харилцаа хорооны зохицуулалтад хамрагдах болсон. Өнгөрсөн 2015 онд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх болон зах зээлийг дэмжих чиглэлээр нэгдсэн бодлого, эрсдлийн удирдлага, бүртгэл, зөвшөөрөл, зохицуулатын оновчтой тогтолцоог бий болгох тэргүүлэх зорилтын хүрээнд Хорооны бүтцийг шинэчлэн баталснаар Зах зээлийн хөгжлийн газар, Үнэт цаасны зохицуулалтын газар, Даатгалын зохицуулалтын газар, Бичил санхүүгийн зохицуулалтын газар, Хяналт шалгалтын газар, Бүртгэл зөвшөөрлийн газар, Тамгын газар гэсэн долоон газар, Хорооны даргын дэргэдэх Дотоод аудитын хэлтэс болон Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн ажлын албатайгаар үйл ажиллагаа явуулсан.

-Таны хувьд удахгүй төрөлх Завхан аймгийнхаа 18 дугаар тойрогт 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөх өргөдлөө хэзээ өгсөн бэ. Яг жилийн өмнө буюу 2014 оны 12 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны дарга болж байсан санагдах юм?

-Тийм ээ. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн 2015 оны 12 дугаар сарын  28-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн. Яг жилийн өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдож байсан. Уг нь Санхүүгийн зохицуулах хорооны даргыг таван жилийн хугацаатай томилдог юм. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, үүрэгт ажлаасаа чөлөөлүүлэхийг хүсэж өөрөө өргөдөл гаргасан тохиолдолд УИХ үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг юм.

-Таныг Санхүүгийн зохицуулах хороог удирдаж байх үед буюу 2014-2015 онд Монгол Улсын макро эдийн засгийн байдал ямархуу байсан бол. Ер нь жаахан тогтворжих хандлага мэдрэгдсэн болов уу? 

-Өнгөрсөн 2015 оны Монгол Улсын макро эдийн засгийн байдлыг дурдвал Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 оны цэвэр дүнгээр 183.0 сая ам. долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 93.0 сая ам. доллараар буурсан байна. Үүнд аж ахуйн нэгжүүдийн гадны хөрөнгө оруулагчдаас авсан зээлийн санхүүжилт өнгөрсөн оноос 96.0 хувиар буюу 338.0 сая ам. доллараар буурч, 13.0 сая ам.долларт хүрсэн нь голлох нөлөө үзүүлсэн. 2015 онд гадаад худалдааны нийт эргэлт 8.466.7 сая ам.доллар, үүнээс нийт экспортын хэмжээ 4.669.0 сая ам.доллар болсон нь 2014 оны үзүүлэлт болох 5.236.0 сая ам.доллартай харьцуулахад 27.5 хувиар тус тус буурснаар гадаад худалдааны тэнцэл 2015 онд 872.3 сая ам. долларын ашигтай гарсан.

-Монголчуудыг тэвдүүлдэг өнөөх инфляци ямархуу байгааг хэлж өгөөч? 

-Улсын болон нийслэлийн хэмжээнд тооцсон инфляци 12 дугаар сарын эцэст жилийн 1.9 хувь болон 1.1 хувьтай гарсан. Инфляци буурч байгаа нь махны нийлүүлэлт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ буурснаас шалтгаалсан. Харин суурь инфляци 4.8 хувьд хүрсэн.

-Дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн үү? 

-2015 онд ДНБ 2010 оны зэрэгцүүлэх үнээр 15.837.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 355.4 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар, харин тухайн оны үнээр 23.166.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 939.7 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар өссөн байна.

-Улсын төсөв бүрдүүлэлт аль хэр тасарч яваа вэ?

-Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 121.1 тэрбум, дотоод зээлийн үндсэн төлбөрт 5.3 тэрбум, Засгийн газрын богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 1.077.9 тэрбум, урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 992.3 тэрбум төгрөгийг тус тус төлж, 294.6 төгрөгийн гадаад төслийн, 199.3 тэрбум төгрөгийн гадаад хөтөлбөрийн зээлийг тус тус авч, Засгийн газрын 1.077.6 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод, 314.4 тэрбум төгрөгийн урт хугацаат гадаад, 1.359.0 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод бондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байлаа. Тайлант онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 1.163.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Нийт орлого гүйцэтгэлээр 1.6 хувиар буюу 100.2 тэрбум төгрөгөөр дутуу биелж, орлогын төлөвлөгөө 5.973.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4.8 хувь буюу 302.8 тэрбум төгрөгөөр бага байна. Нийт зарлагыг 7.253.2 тэрбум төгрөгөөр төсөвлөснөөс 7.136.9 тэрбум төгрөг буюу 98.4 хувийн, улсын төсвийн зарлага 5.218.5 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөнөөс 4.998.3 тэрбум төгрөг буюу 95.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан.

-Тэгвэл банкны салбар ямархуу байна?

Мөнгөний нийлүүлэлт 2015 онд 10.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 585.6 тэрбум төгрөг буюу 5.5 хувиар буурчээ. Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны эцэст 17.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 96.3 тэрбум төгрөг буюу 5.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 их наяд төгрөг буюу 9.9 хувиар тус ус өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны эцэст 1.6 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас 22.3 тэрбум төгрөг буюу 16.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 их наяд төгрөг болж даруй 2.6 дахин өссөн байна. 2015 оны эцэст банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 824.9 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 24.9 тэрбум төгрөг буюу 2.9 хувьар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 199.3 тэрбум төгрөг буюу 31.8 хувиар өссөн. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээл 4.6 хувь, хугацаа хэтэрсэн зээл 8.8 хувийг эзэлсэн байна.

-За тийм байж. Харин банкнаас бусад санхүүгийн салбаруудад юу болж байдаг юм бол?

-Монголын хөрөнгийн бирж ХК-аар 2015 онд 252 удаагийн арилжаа явагдаж, 125 компанийн 35.8 сая ширхэг хувьцааг 30.5 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 54 удаагийн арилжаагаар 5.4 ширхэг үнэт цаасыг 510.3 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 53.3 мянган ширхэг үнэт цаасыг 5.1 тэрбум төгрөгөөр, мөн компанийн бондын анхдагч зах зээлийн арилжаагаар 50.0 мянган ширхэг бондыг 500.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 546.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Зах зээлийн үнэлгээ 1.262.5 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 180.2 тэрбум төгрөг буюу 12.0 хувиар буурчээ.

Хөдөө аж ахуйн биржээр 2015 онд зургаан төрлийн бүтээгдэхүүнийг 431.7 тэрбум төгрөгөөр арилжсан нь өмнөх оны мөн үеэс 122.4 тэрбум төгрөгөөр буюу 22 хувиар буурсан байна. Үйл ажиллагаа явуулж буй ердийн болон урт хугацааны даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 147.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 5.4 тэрбум төгрөг буюу 4.0 хувиар буурсан үзүүлэлт юм. Тайлант онд 1.030.814 даатгалын гэрээ байгуулж, 113.9 тэрбум төгрөгийн хураамжийн орлогыг хуримтлуулсан байна. Нийт 66.012 даатгалын тохиолдолд 36.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ. Мөн хугацаанд тусгай зөвшөөрөл бүхий 450 банк бус санхүүгийн байгууллагуудын нийт актив 623.2 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн хэмжээ ДНБ-ний урьдчилсан гүйцэтгэлийн 1.7 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.38 хувиар өссөн үзүүлэлт юм. Чанаргүй болон нийт зээлийн харьцаа 9.8 хувь болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 хувиар өсөөд байна. Үйл ажиллагаа явуулж буй 253 Хадгаламж зээлийн хоршоодын нийт активын хэмжээ 97.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.1 тэрбум төгрөг буюу 21.3 хувиар өсчээ. Тайлант хугацаанд нийт зээлийн хэмжээ 75.3 тэрбум төгрөг болж, хугацаа хэтэрсэн ззээлийн хэмжээ 3.4 тэрбум төгрөг буюу 121.8 хувиар тус тус өссөн байна. Зээлээлийн хэмжээ 2.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 34.3 хувь, чанаргүй ийн батлан даалтын сангаас 409 аж ахуйн нэгж, байгууллага, иргэний 75.3 тэрбум төгрөгийн зээлэнд 30.7 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ. ЗБДС нь нийт 12 банк, найман ББСБ, нэг ХЗХ-той хамтран ажиллах гэрээ байгуулснаас есөн банкаар дамжуулан батдан даалтын үйлчилгээг хүргэжээ. Энэ бүхнээс дүгнэвэл банкуудын чанаргүй зээлийн хэмжээ огцом өсч, нийт банкны системдээ хүндрэл үүсгэх байдал ажиглагдаж ч болзошгүй харагдаж байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.