10 мянган өрхийг хямд орон сууцтай болгоно

Twitter Print
2016 оны 06-р сар 02-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төслийн эхлэлийн хурал боллоо. Уг хуралд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Азийн хөгжлийн банк, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Нийслэлээс Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичиг болон Нийслэлийн орон сууцны дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд тус төсөл нь эдгээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх гол ажлуудын нэг юм. Уг төслийг Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж байна. 

Энэхүү хурлаар Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төслийг танилцуулж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа, эко дүүргийн зарчмууд, дахин төлөвлөлтийн нэгжийн техникийн үзүүлэлтүүд, бодлогын хүрээ, газрын үнэлгээ, санхүүжилт, институцийн зохицуулалтууд болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.

Уг төсөл нь гэр хороололд төлбөрийн чадварт нийцсэн 10-15 мянга гаруй өрхийн орон сууцыг барьж байгуулах бөгөөд гэр хорооллын 100-130 га газрыг дахин төлөвлөж эко дүүрэг болгон хөгжүүлэх юм. Үүнээс 55 хувь нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууц, 15 хувь нь халамжийн орон сууц, 30 хувь нь зах зээлийн үнээр борлогдох орон сууц байхаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хот төлөвлөлтийн нэгдсэн шийдэл, төлөвлөлттэй, холимог газар ашиглалт, холимог орлогын түвшний өрхүүдэд зориулсан бүс бий болгох зорилготой. Мөн одоогийн орон сууцны зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, орон сууц худалдан авах чадваргүй байгаа буюу Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегид тусгагдсан өрхийн орлогын 1-5 дугаар шатлалын өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц болон халамжийн орон сууцыг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Судалгааны хүрээнд төлөвлөлтийн аргачлалыг боловсруулах, хөрөнгө оруулалтыг тодорхойлох, хотын дэд бүтэц болон төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, санхүүгийн болон институцийн зохицуулалтуудыг санал болгох юм. Төлөвлөлтөөр одоогийн гэр хорооллын нягтралыг нэмэгдүүлэх замаар нөөцийг үр ашигтай ашиглаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэн иргэдийн амьдрах таатай орчныг хангасан цогц суурьшил бүхий эко дүүргийг бий болгохоор зорьж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.