Улаанбаатар маань өнгө засаад урамтай гэдэг нь....

2016 оны 05-р сар 31-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Ирэх долдугаар сард болох АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хот маань багагүй өнгө засч, тохижилт үйлчилгээ, зам засвар, ногоон байгууламж, дэд бүтэц гээд олон шинэ бүтээн байгуулалт өрнөж байгаа нь нийслэлчүүдийн урам зоригийг сэргээсэн сайхан ажил болж байна. Орой ажлаа тараад явж байхад 13 дугаар хорооллоос Нарантуул захын чиглэлд явган хүний зам, ногоон байгууламжийн олон ажил өрнөж, түүнийг хийж гүйцэтгэж байгаа залуус ажилдаа сэтгэл гарган уйгагүй ажиллаж байгааг харахад үнэхээр сэтгэлд урамтай сайхан гэдэг нь. Түүнчлэн хугацаа нь дууссан гадаад паспортоо сунгуулахаар 100 айл дахь Иргэний бүртгэлийн газрын гадаад паспортын хэлтэс рүү явах замд ч бүтээн байгуулалтын ажил оволзож байгааг харж явлаа.

Их тойруу буюу 100 айлын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэл явган хүний замын хавтанг нөхөн сэргээх, ногоон байгууламж хийх боломжгүй налуу даланг эко хавтангаар хучих ажил ид хийгдэж байв. Тэдгээрийг хийж байгаа залуучууд ч энэ ажилдаа гаршсан бололтой тун ч сурмаг, сэтгэл гарган хийж байгааг харахад сэтгэлд нэг л сайхан.

Тэдний нэгнээс энэ ажлаа хэзээ хийж дуусгахыг асуувал “Тохижилт үйлчилгээний компаниас бидний ажлыг сайн дэмжиж байгаа болохоор бид ч урамтай байгаа. Энэ хэсгээс гадна Сансарын аюулгүйн тойргоос Нарантуул захын уулзвар хүртэл иймэрхүү тохижилтын ажил хийгдэж байгаа. Манай нэг бригад Баянцээл үйлчилгээний төвийн урдуур явган хүний замыг шинэчилж байгаа. Мөн туслах замыг ч нөхөж байгаа юм билээ. Явган хүний замаас гадна шаардлага хангахгүй хайс хашлага, мэдээллийн самбар зэргийг буулгаж байгаа” гэсэн юм.

Монголын уран сайхны нэгэн кинон дээр “Ажил муутай албан газар шалгалт ирэхээр сандардаг” хэмээн хөдөөний нэгэн гуанзны ахлах тогооч ширээнийхээ бүтээлгийг сольдог инээдэмтэй үзэгдэл гардаг. Харин энэ удаа Улаанбаатар хот маань АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө “Нүүрээ угааж, үсээ самнасан эхнэр” шиг өнгө зүсээ засч байгаа нь наанадаж Улаанбаатарчууд бидний сэтгэлийг сэргээж, урам зориг бадраахаас гадна, Монгол эх орныг маань сонирхохоор ирсэн гадаадын зочдын өмнө нүүр бардам байх боломжийг олгохоороо “Шалгалтын өмнө сандарч” байгаа бус хэвшил болгоод хийж баймаар бүтээлч ажил мөн юм. Тэгээд ч Монголчууд хэзээнээс “Өөдлөх айлын өнгө үүднээсээ” гэж ярилцсаар ирсэн билээ. Улаанбаатар маань өнгөө засаад урамтай гэдэг нь....

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.