“Тэмээн жин”-гийн цуваа хөвөрнө....

Twitter Print
2016 оны 05-р сар 30-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээлснээр 120 мянгат буюу хуучин “Хувьсгалт Монгол” танкын хөшөө байсан суурин дээр байгуулагдсан “Торгоны зам” нэртэй тэмээн жингийн цуваа цаашид үргэлжлэн хөвөрсөөр бүхэл бүтэн цогц монументаль чимэглэлийн дахин давтагдашгүй, томоохон орон зайг эзэлсэн урлагийн бүтээл болох ажээ.

Монголын Их эзэнт гүрний үеэс улбаатай Ази-Европыг холбосон худалдаа наймаа, соёлын солилцооны агуу их  “Торгоны зам”-ыг ХХI зуунд дахин таниулах зорилготой, нөгөөтэйгүүр нүүдэлчин Монголчуудын уламжлал, ахуйн соёлыг хамгийн тодорхой илэрхийлсээр ирсэн тэмээн жинг гадаадын жуулчдад биет байдлаар харуулах урлагийн энэхүү цогц бүтээлийг уран барималч Ё.Далх-Очироор ахлуулсан барималчид цогцлоон бүтээж байгаа бөгөөд гүйцэтгэл нь хэдийнэ 80 хувьд хүрсэн талаар Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээлэв.

Ирэх зургаадугаар сараас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд маш олон урлаг соёлын арга хэмжээ зохиогдохоос гадна долдугаар сард болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө одоо таван тэмээтэй байгаа “Торгоны зам” тэмээн жингийн орон зайн барималд нэмж дөрвөн тэмээг байрлуулахаас гадна тэмээн жингээ хөтөлж яваа морьтой хүн, жингийн цувааг дагаж яваа Монгол банхар зэрэг том цуваа байдлаар хот руу жин тээж, нүүж орж ирж байгаагаар хийхээр болсон нь Монголчуудын нүүдэлчин ахуй, Ази-Европыг холбож байсан тэмээн жингийн цуваа одоо орчин үеийн хэлбэрээ олж эргэн сэргэж байгааг бэлгэдсэн гүн утгатай ажээ. 

Улаанбаатарт урьд өмнө хийгдэж байгаагүй тэмээн жингийн цуваа, түүнийг хөтөлж яваа нохойгоо дагуулсан жинчин эрийг харуулах “Торгоны зам” орон зайн баримал нь Монгол Улсын өнгө төрх болсон нийслэл хот руу эд баялаг мөнхөд урсаж, Монголчуудын аж байдал, амьдрал ахуйтай танилцахаар ирсэн гадны зочдод нүүдэлчин Монголчуудын өгөөмөр сайхан сэтгэлийг илэрхийлж, сэтгэл санааг нь тэмээн жингийн цуваа шиг амар амгалан болгох урлагийн цогц сайхан бүтээл болох нь ээ.   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.