Т.Мэндсайхан: Монгол Улс 693 шүүгчтэй байх ёстой ч одоогоор 500 гаруй л байна

Twitter Print
2016 оны 05-р сар 30-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын дараа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайханаас дараах тодруулга, ярилцлагыг авснаа хүргэж байна.

-Ярилцлагаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэдэг үндсэн үүрэг, бодлого чиглэлийн талаар сонирхсон асуултаар эхлэе гэж бодлоо?

-За Монгол Улсын Үндсэн хуулиар шүүгчдийг шилж сонгох, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэйгээр Шүүхийн Ерөнхий зөвлөл ажиллана гэсэн заалт байдаг. Энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөл ажиллаж байгаа.

-Шүүхийн Ерөнхий зөвлөл өнгөрсөн долоо хоногт нэлээн их ажилтай байжээ дээ?

-Тийм ээ. Өнгөрсөн долоо хоногт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хувьд томоохон ажлын ард гарлаа. Энэ нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу сонгох ажиллагаа явагдаж дууссаныг хэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 5% дүгээр зарлигаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилсон. Түүнээс гадна мөн өдрийн Ерөнхийлөгчийн 61 дүгээр зарлигаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг улираан томиллоо. Эдгээр томилгоонууд хуульд заасны дагуу дараах журмаар явагддаг.

Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүхээс нэг гишүүнийг, Давж заалдах шатны шүүхээс нэг гишүүнийг, Улсын Дээд шүүхээс нэг гишүүнийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд томилуулахаар санал болгодог. Мөн Хууль зүйн сайд, Монголын Хуульчдын холбооноос бас нэг хүнийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн болгох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлдэг. Сая бол шүүгчдийн зүгээс томилох гурав, мөн Хууль зүйн сайдаас санал болгосон нэг гишүүн тодорсон байгаа. Монголын Хуульчдын холбооных нь намар болох ёстой.

-Энэ сарын 13-нд УИХ-аас Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Эдгээр шинэчилсэн хуулийн хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Эдгээр хуулийн хүрээнд шүүгчдийн одоо байгаа тоог нэмэгдүүлэхгүйгээр шинээр байгуулагдах шүүхийн орон тоог шийдвэрлэх бөгөөд дээрх тогтоолын төсөлд тусгаснаар аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний давж заалдах шатны 25 шүүхэд 25 Ерөнхий шүүгч, 118 шүүгч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэг Ерөнхий шүүгч, 15 шүүгч, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны найман шүүхэд найман Ерөнхий шүүгч, 88 шүүгч, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатнй найман шүүхэд найман Ерөнхий шүүгч, 74 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхэд 22 Ерөнхий шүүгч, 82 шүүгч, сум дундын Иргэний хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 Ерөнхий шүүгч, 72 шүүгч, сум дундын найман шүүхэд найман Ерөнхий шүүгч, 31 шүүгч байх буюу улсын хэмжээнд нийтдээ 693 шүүгчийн орон тоо хэвээр байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 500 гаруй шүүгч л ажиллаж байна.

-Давж заалдах шатны шүүхийн тухайд ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Давж заалдах шатын шүүхийн тухайд бол Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрт Эрүүгийн болон Иргэний хэргийн танхим бүхий Давж заалдах шатны шүүх байгуулагдана. Харин хүн амын нягтаршил, хэрэг маргаан гаралтын төвшнөөр өндөр Орхон, Дархан-Уул аймагт одоогийн байгаа Эрүүгийн болон Иргэний хэргийн төрөлжсөн Давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах юм. Аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Эрүүгийн, Иргэний хэргийн танхимын аль нэгэнд харьяалагдаж, бусад танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохгүй байх, мөн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад холбогдох өөрчлөлтийг оруулах юм.

-Тэгвэл Улаанбаатар хотын дүүргүүдийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Нийслэлийн долоон дүүрэг тум бүрт Эрүүгийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүх байх, харин Багахангай дүүргийн хүн амын тоо, хэрэг маргааны гаралт бага байгаа нөхцөл байдлыг харгалзан Багахангай, Налайх дүүргийн дунд Эрүү, Иргэний тус бүр нэг шүүх байхаар тусгасан. Ингэснээр дагнан мэргэшсэн шүүх, шүүгчээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийг зорьсон шүүхийн шинэтгэлээс ухрахгүйгээр Үндсэн хууль зарчсөн зөрчлийг арилгах боломжтой болно. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа Давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргүүдийн найман шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдан Анхан болон Давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэнэ. Шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах Давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55.8 хувийг нүүлгэн шилжүүлнэ. Уг хуулийг хэрэгжүүлэхэд нийтдээ  хоёр тэрбум 533.2 сая төгрөг шаардагдаж байгаа.

-Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэн томилогдсон гэлээ. Энэ талаар товчхон тайлбарлахгүй юу?

-Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт 2016 оны тавдугаар сарын 13-ны өдөр явагдаж хуульд зааснаар Анхан шатны Шүүгчдийн зөвлөгөөний 81.17 хувийн саналаар Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Давж заалдах шатны Шүүгчдийн зөвлөгөөний 99 хувийн саналаар Д.Эрдэнэчулуун нар тус тус улиран сонгогдсон бол Улсын Дээд шүүхээс О.Зандраа, Хууль зүйн яамнаас П.Батсайхан нар төлөөлөл болон сонгогдсон. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны тавдугаар сарын 25-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Нанзаддоржийн Лүндэндорж, Дашзэвэгийн Эрдэнчулуун, Оросоогийн Зандраа, Пүрэвсүрэнгийн Батсайхан нарыг хүлээн авч, үнэмлэхийг нь гардуулсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан, анх удаа бие даан байгуулагдсан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хоёр дахь бүрэн эрхийн бүрэлдэхүүн юм. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн анхны хуралдаанаа 2016 оны тавдугаар сарын 25-ны өдөр хийж гишүүдийн 100 хувийн саналаар Н.Лүндэндоржийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар сонгох шийдвэр гаргасан бөгөөд улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 61 тоот зарлигаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг улираан томилсон байгаа.

-Монгол Улсын хэмжээнд хийгдэх шүүхийн энэхүү шинэчлэл нь хэдийнээс хэрэгжиж эхлэх юм бэ?  

-Монголын шүүхэд хийгдэж байгаа эдгээр шинэчлэл нь ердөө хоёрхон хоногийн дараагаас буюу ирэх зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.