
Өнгөрсөн мягмар гарагт Финлянд улс Умард Атлантын Гэрээний байгууллагад албан ёсоор элсжээ.
ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор олон арван жилийн турш дундыг баримталж ирсэн Финлянд улс байр сууриа өөрчилж, НАТО-д элссэнээр, НАТО-гийн ОХУ-тай хиллэдэг хилийн урт бараг 2 дахин нэмэгдээд байна.
Финлянд улсын төрийн далбааг НАТО-гийн Брюссель дэх төв байрны гадаа мандуулах ёслолын үеэр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтэнберг, "Энэхүү агуу эвсэл маань өнгөрсөн 75 жилийн турш улс орнуудыг хамгаалж ирсэн, өнөөдөр ч хамгаалсаар байна. Европт дахин дайн гарч, Финлянд НАТО-д элсэж, дэлхийн хамгийн амжилттай яваа эвслийн нэг хэсэг нь болохоор шийджээ." хэмээн онцолжээ.
Финляндын Ерөнхийлөгч Саул Ниинисте Йенс Столтэнбергийн хамт оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр, "Өнөөдөр Финляндын хувьд онцгой, НАТО-гийн хувьд чухал өдөр болж байгааг онцолмоор байна." гэжээ. Түүний хэлснээр Финлянд улсын НАТО-д оруулах хамгийн том хувь нэмэр бол өөрийн улсын нутаг дэвсгэрийг хамгаалах явдал аж.
Кремлийн зүгээс хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн бол ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Финлянд НАТО-д нэгдсэнтэй холбоотойгоор Украин дахь нөхцөл байдал хурцдах эрсдэлтэйг онцолжээ. Дундыг баримтлах байр сууриасаа татгалзсанаар Финлянд улс аюултай түүхэн алдаа хийж байна хэмээн Оросын Гадаад харилцааны яамны зүгээс гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. Тус мэдэгдэлд, "Финлянд улс ямар ч шийдвэр гаргах эрхгүй НАТО-гийн жижиг гишүүдийн нэг болж, олон улсын тавцанд санал бодлоо илэрхийлэх эрхээ алдаж байна. Энэ хуумгай алхмыг нь түүх өөрөө шүүгээд өгнө гэдэгт итгэлтэй байна." гэжээ.
Өнгөрсөн даваа гарагт ОХУ баруун болон баруун хойд хилийнхээ хамгаалалтыг чангатгана гэдгээ мэдэгдсэн юм. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Финляндын шийдвэрийг сайшааж буйгаа онцолж, финляндчуудад баяр хүргэжээ. НАТО-гийн зүгээс зөвхөн хамгаалах байр суурийг баримталдаг эвсэл мөн ОХУ-д заналхийлээгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн ч Москва НАТО-гийн гишүүн орнууд Украинд зэр зэвсэг нийлүүлж байгаа нь барууны орнууд Оросыг устгахыг зорьж байгааг илтгэж байна хэмээн үзэж байна.
Финлянд улс НАТО-д элссэн нь тус эвслийн зэвсэгт хүчинд томоохон хувь нэмэр болж байгаа ба Финлянд улс нь насанд хүрсэн эрэгтэйчүүдийг цэргийн албанд заавал татдаг Европын цөөн хэдэн улсын нэг юм. Тус улсын хуурай газар, тэнгис, агаарын зэвсэгт хүчнийхэн Оросын довтолгоог эсэргүүцэх ганц л зорилготойгоор бэлтгэгддэг аж.
Финлянд хөрш Шведийн хамтаар өнгөрсөн жил НАТО-д элсэх хүсэлтээ өгсөн ч Шведийн хүсэлт Турк болон Унгар улсын эсэргүүцэлтэй тулаад байгаа юм.
Туркийн тал Стокгольм алан хядах бүлэглэлүүдийн гишүүдийг орогнуулж байгаа хэмээн Стокгольмоос тэдгээр алан хядагчдыг Анкарад шилжүүлэхийг шаардаж байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(59.153.87.39) 2023-04-05 13:00зө хө
Хариулах