Хачин жигтэй өрсөлдөгчид…

Twitter Print
2016 оны 05-р сар 29-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн шөнө эрх баригч АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо, МАН-ын Бага хурлууд болж 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулжээ. Бусад улстөрийн намууд, эвслүүд ч нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулсан нь тодорхой.

Монголын хамгийн том хоёр гурван намын нэр дэвшигчдийг харвал энд тэнд бас л санаанд оромгүй нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Тэр ч байтугай төрсөн ах дүүс нэг тойрогт нэр дэвшиж гэр бүлийн “дажин” үүсэх ч нөхцөл бүрдсэн байна. Тухайлбал Завханы 18 дугаар тойрогт МАН-аас Ш.Батсамбуу  дэвшсэн бол Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас “Хүн ахтай Сайхансамбуу захтай”-н эзэн Ш.Сайхансамбуу заналтайгаар нэр дэвшсэн байх жишээтэй. Нарантуул зах хоёр ч удаа хайлчих шахаж, гал түймэрт өртсөний дараа Ш.Сайхансамбуу “Би хэн яах гэж гал өрдөөд байгаа мэдэж байгаа” гэсэн нь өмч хөрөнгийн маргаантай төрсөн дүү Ш.Батсамбуугаа хардаж байна гэж олон нийт таамагласан удаатай.

Тэгвэл Орхон аймагт нэр дэвших эрхээ Эгийн голын Усан цахилгаан станцын төслийг удирдагч Д.Одхүүд булаалгаад байсан УИХ-ын гишүүн М.Батчимэгт эцсийн мөчид АН-ын тулхтай, зөрүүд гишүүн Р.Амаржаргал боломж олгож Сүхбаатар дүүргийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ерөнхий сайд асан Сү. Батболдтой халз тулах нь тодорхой болов.

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан зодоон нүдээнтэй болно гэж улстөр судлаачид таамаглаж байсан ч оффшор данстангуудтайгаа “Эв найрамдал” тогтоосноор ерөнхийдөө намуухан болоод өнгөрчээ. Хамгийн гол нь “Би оффшор дансны эсрэг байгаа. Тиймээс С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй” гэж урьдчилан том ам гарсан ч эцсийн мөчид эрхэм оффшортонгууддаа бууж өгч “С.Баярцогтын оффшор дансны асуудал бол гурав дөрвөн жилийн өмнөх учир асуудлыг дахиж сөхөхгүй. Манай намд өөр оффшор данстан байхгүй” хэмээж “Женко” Х.Баттулга, Д.Зоригт, Г.Батхүү, Б.Гарамгайбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ зэрэг Монголын хамгийн томоохон оффшортонгуудын толгойг илснээрээ ирэх сонгуулийн өмнө З.Энхболд дарга сонгогчдын итгэлийг томхон хөсөрдүүллээ.

Туйлын сонирхолтой нь эрх баригч АН-ынхан эцсийн мөчид “За яадаг ч байсан УИХ-д нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квотыг хэл ам татлаад байгаа 20 хувьд нь барьчихъя” хэмээн муйхарлаж энд тэндээс жинхэнэ сонирхолтой эрхмүүдийг нэр дэвшүүлэв. Тухайлбал Сэлэнгэ аймгийн АН-ын хорооноос урьдчилсан байдлаар эрхээ өвөртлөөд байсан “Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэгийг эцсийн мөчид дуучин Г.Эрдэнэтунгалагаар сольчихсон нь ёстой л үүлгүй тэнгэрээс аянга цахилгаан гялсхийж, аадар бороо асгаран орох мэт хачин жигтэйхэн сонголт болов. Ингэснээр дуучин Г.Эрдэнэтунгалаг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, МАХН-аас нэр дэвшигч бас нэгэн Ш.Эрдэнэбат, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын Д.Баатаржав нартай үзэж тарж, үсэрч наалдах болж байна.

Тэгвэл хамгийн инээдэмтэй гэхээсээ илүүтэй эмгэнэлтэй ч байж болзошгүй тулаан Увс аймгийн 33 дугаар тойрогт болно. Уг нь энэ тойрогт “Хав дөрвөлжин хаамалзана” хэмээж “Ардчилсан намын чаддаг аавын хүү нь ирээд надтай өрсөлд. Би амлая, надтай ирээд өрсөлд та нар. Чаддаг нь хүрээд ир амлаж авч байна” хэмээн УИХ-ын чуулган дээр хуурай агсамнаад байсан чинь АН-ын зальжин, шогтой дарга З.Энхболд МАН-ын эвгүй өрсөлдөгч Ч.Хүрэлбаатарын эсрэг Далай даян дархан аварга, Увсчуудын шүтээн Х.Баянмөнхийн охин Б.Сүрэнжав гэгчийг сөргүүлээд тавьчихдаг юм байна. Ч.Хүрэлбаатарын хувьд бүсгүй төрөлтөнтэй бус Н.Алтанхуяг юмуу аль нэгэн хүчтэнтэй нь эр бяраа үзэхээр бие сэтгэлээ бэлдээд түмэн завгүй харайлгаж явсан бол одоо дээгүүр барьц сонгох аргагүй, доогуур бол бүр ойртолтгүй тун ч халгаатай өрсөлдөгчтэй учирчихав.

Түүнээс гадна нэг гэр бүлийн ах дүү хоёр нэр дэвшсэн нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү Б.Хүдэр-Ян Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч УИХ дахь АН-ын бүлгийн дарга, хэл амны эзэн Б.Гарамгайбаатар, МАН-ын нэр дэвшигч НАМЗХ-ын Ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ нартай нэгийгээ үзэх бол Д.Бямбасүрэнгийн охин Б.Энхбайгаль гэгч эрдэмтэн АН-аас Төв аймгийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж МАН-ын дарга М.Энхболдыг түлхэж унагахаар ажилдаа ороод байна.

Тэгж байтал Дархан аварга А.Сүхбат өөрийн төрөлх Төв аймгийн 29 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшээтэхсэн чинь АН-ын хорлонтой, шогч дарга З.Энхболд Үндэсний бөхийн аваргын эсрэг Монголын улстөрийн нэгэн аварга МҮАН-ын дарга М.Энхсайханыг дэвүүлээд гаргачихдаг юм байна. Эрх баригч АН-тай байгуулсан гэрээ ёсоор МҮАН-аас хоёр товариш “Улаан гэрэл”-ээр нэр дэвшиж байгаагийн нөгөөх нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг Өвөрхангайн 19 дүгээр тойрогт МАН-ын нэр дэвшигч УИХ-ын гишүүн Я.Содбаатартай “Нэг нарны дор амьдрах эсэх”-ээ үзэлцэнэ. Ингэж байтал Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт “Гэр бүлийн өшөө авалт” явагдахаар таарсан нь бас л жаахэн эмгэнэлтэй. Тэнд өрнөх нус, нулимастай тулааны эзэд нь “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн хөтлөгч, сүүлийн үед цахим ертөнцийн “Эмгэн шулам” болоод байгаа хөтлөгч П.Анужин эрх баригч АН-ын дарга З.Энхболдын шадар туршуул Д.Арвинтай нүдэлцэнэ. Хамгийн хачирхалтай хувь заяаны даажигнал нь хөтлөгч П.Анужингийн нөхөр байсан А.Эрдэнэбат гэгч нь УИХ-ын гишүүн Д.Арвингийн үеэл дүү болж таарсан нь юм. Ингэхээр энэ тойрогт “Гэр бүлийн өшөө авалт” явагдах нь гарцаагүй болоод байгаа.

Мөн түүнчлэн гэр бүлийн тэмцэл, дажин Ховдын 35 дугаар тойрогт МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, АН-д дагаар орсон С.Бямбацогтын баз хүргэн Д.Батцогт хоёрын дунд өрнөнө. Энэ хоёр эрхмийн үзэсгэлэнт эхнэрүүд хэдийгээр эгч дүүс ч гэлээ ирэх сарын 29-нд хэн хэнийхээ зүг хяламхийж л таарах болов уу.

Бас нэгэн сонирхолтой нэр дэвшигч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Дархан-Уулын 43 дугаар тойрогт нэр дэвшиж АН-аас нэр дэвшсэн шинэ цагийн Түгжил М.Сономпил, МАН-ын нэр дэвшигч Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Баттөмөр хоёрыг жинхэнэ утгаар нь хямрааж эхлээд байна. Монголчуудын хамгийн бахархалт хүмүүсийн нэг Х.Цагаанбаатар аварга шинэ цагийн Түгжил М.Сономпил, өнөөх Б.Баттөмөр хоёрыг хөнгөхөөн үүрээд шидчих болов уу. Сонгинохайрхан дүүргийг өмчилж аваад хааяа нэг хошхоруулаад явсан Кёкюшюзан Д.Батбаяр эцсийн мөчид УИХ-ын гишүүн  Л.Эрдэнчимэгт цуппаридуулж дэвжээнээс үсрээд гарчихсан нь бас л гэнэтийн тохиолдол болов.

За тэгээд “Ус гүйлгэнэсэн” сулхан өрсөлдөгчид ч нэг тойрогт олон байна. Гал гаргасан ширүүхэн учраанууд ч бас л олон байна. Өнөөдөртөө хамгийн жигтэй учраануудыг эхний байдлаар танилцууллаа. Дараа хамгийн эвгүй, хэн хэндээ барьц өгөхгүй хүч тэнцүү өрсөлдөгчдийг танилцуулах болно. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (103.26.195.51) 2016-05-28 17:49
      • 0
      • 1

      Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага болох их хурлын гишүүн хүн гэж ямар шалгууртай байх вэ гэдэг зүйл байхгүй болсон болохоор хэн бүхний цээжинд элбэг багтаж байна даа. Аливаа ажлыг хийхэд миний чадвар хүрэх болов уу, эсвэл мэргэжлийн биш гээд зөндөө шалгуур хэрэгтэй байдаг, их хурлын гишүүнд юу ч хэрэггүй, чи ямар ч боловсролгүй байж болно, чи 4 жил юу ч хийхгүй зүгээр л кноп дарж сууж байгаад л дуусгаж болно, чамтай хэн ч хариуцлага тооцохгүй, бүр сүүлдээ чи ял эдэлсэн байсан ч болно, ер нь мөнгө чинь байвал тэгээд л ямар ч аавын хүүд нээлттэй хаалга даа, монголын хамгийн амархан ажил

      Хариулах