АН-ын Хяналтын хорооны дуулиантай мэдэгдэл буюу эрх баригчдын зодооны эхлэл….

Twitter Print
2016 оны 05-р сар 27-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Эрх баригч АН-ын Хяналтын хорооны өчигдөр болсон хурлаас Монголчуудын дунд хүлээлт үүсгээд байсан шударга ёс, эрх зүйт төрийн талд маш чухал дуулиантай шийдвэр гаргасан байна. Хэрвээ Монгол Улсад эрх зүйт ардчилсан төрийн хууль бүх шатандаа хэрэгждэг, ард түмнээ алагчилж үздэггүй шударга ёс үйлчилдэг бол АН-ын Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийг эрх баригч АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас баталгаажуулсан шийдвэр гаргах л үлдэж байна. АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас Хяналтын зөвлөлийнхөө шийдвэрийг ёсчлон батламжилсан шийдвэр гаргахыг ч Монголын сонгогч олон хүлээж, чих тавьж суугаа нь тодорхой.

Хэдийгээр АН-ын Хяналтын хорооны шийдвэр нь цэвэр улстөрийн намын дотоод асуудлаас үүссэн зөрчил маргааныг шүүн хэлэлцэж, шийдвэрээ гаргасан мэт боловч чухамдаа эрх баригч улстөрийн хүчин аль хэрэг төлөвшсөн, гаргасан шийдвэрийг нь гишүүд нь хэрхэн хүлээн авч хэрэгжүүлдэг нь харагдах төдийгүй Монголын улстөрийн соёлд ч хариуцлага, сахилгын асуудлыг хөндөж байгаагаараа туйлын чухал ач холбогдолтой юм. АН-ын Хяналтын хорооноос гаргасан энэхүү шийдвэр нь Монголын улстөрийн намуудын төлөвшил, хариуцлагын тогтолцоог ард нийтэд сайтар мэдрүүлэхээс гадна аливаа улстөрийн хүчний төлөвшил, сахилга хариуцлага, үүргээ ухамсарлах, нийгэмд эзлэх байр сууриа таньж мэдрэхэд ч туршлага болохуйц үйл явц гэж хэлж болох юм.

Чухамдаа юун тухай яриад байна вэ гэвэл АН-ын дотооддоо хариуцлага тооцдог байгууллага болох Хяналтын хорооны өчигдрийн шуурхай хуралдаанаас Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах УИХ-ын чуулганы хуралдаанд ирээгүй болон эсрэг санал өгсөн нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцож, сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Ингээд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн гишүүдийг танилцуулж байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах санал өгсөн

  1. Р.Амаржаргал
  2. Ж.Батзандан
  3. Х.Баттулга
  4. Д.Батцогт
  5. Р.Бурмаа
  6. М.Зоригт
  7. Б.Наранхүү
  8. Л.Эрдэнэчимэг

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах чуулганы хуралдаанд шалтаг гарган ирээгүй гишүүд

  1. Д.Арвин
  2. Г.Баярсайхан 
  3. М.Батчимэг
  4. Д.Ганбат
  5. Д.Ганхуяг
  6. С.Одонтуяа
  7. С.Эрдэнэ

 

Уг асуудлыг өнөөдөр хуралдах ҮЗХ-ны хурлаар авч хэлэлцэнэ. Хэрэв ҮЗХ-ны гишүүд хяналтын хорооны гаргасан дээрх шийдвэрийг үндэслэлтэй хэмээн дэмжвэл АН-ын нэр бүхий 15 УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвших эрхгүй болох юм.Гэхдээ АН-ын хамаг л “хор найруулах” ажиллагаа явагддаг, зодоон цохиондоо хүрэх шахдаг Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас ямар шийдвэр гаргахыг урьдчилан таамаглах бололцоогүй. Мэдээж ҮЗХ-ны хуралдаанд АН-ын нөлөө бүхий “Шонхор”, МоАХ фракциуд хүчтэй дарамт, шахалт үзүүлэх нь тодорхой. Учир нь Хяналтын хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн дээрх 15 гишүүний олонх нь МоАХ, “Шонхор” фракцийн гишүүд байгаа нь ингэж хэлэх үндэслэл болж байгаа юм. Мэдээж АН болон УИХ-ын дарга З.Энхболд нэг завин дээр хөвж яваа “Женко” Х.Баттулга болон түүний цэргүүдийг аврахыг хүсэх нь ойлгомжтой. Гэтэл нөгөө талаас өөрийнх нь “Оффшор данстай гишүүдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй” гэсний хариуд Алтангадас болон МҮДН, “Нэг ардчилал” фракцийн Х.Тэмүүжин зэрэг гишүүд хүчтэй эсэргүүцэл үзүүлэх нь тодорхой байгаа.

Тэмцэл хараахан эхлээгүй байна. Гэхдээ өнөө орой тун ширүүхэн дажин, “зодоон” болохыг үгүйсгэж болохгүй. Саяхан даа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “бөмбөг тоглож байгаад” хамраа мурийлгасан хэрэг гарсан. Тэгвэл маргааш С.Баярцогтын хамар мурийсан байх нь үү, Х.Баттулгын толгой шалбарсан байх нь үү гэдэг нь дуулдаж болзошгүй. Хамгийн тодорхой нь маш ширүүн хурал болж, гар зөрүүлж ч магадгүй нь л үнэн юмдаг.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.