Аймгийн арслан О.Хангай хоёр улсын арслан, нэг аваргыг давж сар шинийн барилдаанд үзүүрлэв

Twitter Print
2014 оны 02-р сар 03-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Макс” групп, Бөхбилэгт дэвжээний бөх улсын гарьд Д.Рагчаа анх удаа түрүүлсэн бол Ховд аймгийн Буянт сумын харьяат “Ховд” дэвжээний бөх Аймгийн арслан О.Хангай үзүүрлэсэн аж. Сар шинийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Д.Азжаргал, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба нар манлайлан барилджээ.

Тухайн жилийн өнгө шинжсэн барилдаан гэж үздэг сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд аймаг, цэргийн цолтой нэг бөх онцгойрдог. Тэгвэл өнөө жил Ховд аймгийн Буянт сумын уугуул аймгийн арслан О.Хангай үзүүрт үлдэж бөх сонирхогчдын анхаарлыг татлаа. О.Хангай гурвын даваанд улсын начин Т.Баасанхүүг, дөрвийн даваанд улсын арслан Д.Азжаргалыг, тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг, зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбатыг, долоогийн даваанд улсын заан Ч.Санжаадамба нарыг өвдөг шороодуулж үзүүр, түрүүнд үлдсэн. Ингээд наймын даваанд улсын гарьд Д.Рагчаатай учраа таарч аргагүй барилдааны туршлага, том тэмцээний сэтгэл зүй дутагдаж тахимаа өгсөн ажээ. 2012 оны улсын баяр наадамд үзүүрлэсэн улсын гарьд Д.Рагчаа сар шинийн барилдаанд анх удаа түрүүлж өнөө цагийн хүчтэй гарьд гэдгээ ийнхүү харуулсан байна.

Тэгвэл үзэгчдийн эгдүүцлыг хүргэсэн нэг явдал нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж зургаагийн даваанд учраа таарсан Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа барилдааны төгсгөлд өвдөг шороодсон ч харцага унахдаа Б.Гончигдамбын гарыг этэж унасан байна. Энэхүү үйлдэл нь бөхөө дээдэлдэг Монгол түмний дургүйг хүргэж сүүлийн үед нэр хүнд нь унасан Монгол бөхийн нэрийг сэвтүүллээ.

Энэ үйлдлын дараа бөх сонирхогч болон бөхчүүдийн дунд нилээд шүүмжлэл гарсан билээ. Харин улсын харцага Ц.Содномдорж өөрийн facebook хуудсанд уучлал гуйсан захидал бичжээ. Тэрбээр “Миний Монголын ард түмэн та бүхнээс уучлалт гуйж байна. Би ямар нэгэн буруу санаа агуулаагүй унасанаа мэдрээгүй цуг уначих шиг санагдаад л гарнаас нь татаад унасан, та бүхан намайг уучлаарай Ц.Содномдорж” гэсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.