Элсэн чихрийн хомсдлын улмаас "Coca Cola" компани Венесуэль дэхь үйлдвэрээ хаалаа

Twitter Print
2016 оны 05-р сар 25-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

BBC News агентлагийн мэдээлж буйгаар Венесуэль улс элсэн чихрийн хомсдолд орсны улмаас “Coca-Cola” компани тус улс дахь үйлдвэрлэлээ зогсоожээ. Энэ талаар компанийн Хэвлэлийн төлөөлөгч Керри Тресслер мэдээлсэн байна. Тэрбээр “Венесуэль улсад хүнс болон цахилгаан эрчим хүчний хомсдол нүүрлээд байна. Иймд "Coca Cola" компанийн бүх нэр төрлийн ундааны гол түүхий эд болох элсэн чихэр нийлүүлэгчид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсноо бидэнд мэдэгдсэн” гэжээ. “Coca-Cola” компани энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд түүхий эд нийлүүлэгчидтэй болон төрийн байгууллагуудтай хэлэлцээ хийж буй аж.

Венесуэль улсад газрын тосны үнэ огцом унаснаас эдийн засаг унаж, хямрал нүүрлээд байна. Түүхий эд нийлүүлэгчид элсэн чихэр нийлүүлж чадахгүй болсноос үйлдвэрээ хааж буй ч "Coca Cola" компани элсэн чихрийн орцгүй бүтээгдэхүүн болох  Coca-Cola Light (Diet Coke) үйлдвэрлэнэ гэж Хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Барааны хомсдолоос болж үнэ хөөрөгдөх явдал газар авч байгаа бөгөөд элсэн чихрийн жижиг тариалагчид бүгд дампуурлын ирмэгт ирээд байгаа аж. 

Венесуэль улс 2016-17 онд 430,000 тонн элсэн чихэр хураахаар төлөвлөөд байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад хагасаас илүү хувь буюу 450,000 тонноор бага байгаа юм. Иймд хэрэглээний хомсдол бий болох тул гаднаас 850,000 тонн элсэн чихрийн түүхий эд болон боловсруулсан элсэн чихэр импортоор оруулж ирэх шаардлагатай болж байна гэж АНУ-ын Хөгжлийн агентлагийн албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ. 

Эдийн засгийн хямрал, уналтаас болж зөвхөн өдөр тутмын хүнсээ олж авахын тулд иргэд хэдэн цагаар дэлгүүрт дугаарлах нь ердийн үзэгдэл болжээ. Венесуэлийн эдийн засаг өнгөрсөн онд урд жилийнхээс 5,8 хувь буурсан үзүүллэлттэй байсан бол энэ жил өмнө жилээс нэмж 8 хувиар агших төлөвтэй байна.  

Queues in VenezuelaImage copyrightGETTY IMAGES

Ерөнхийлөгч Nicolas Maduro эдийн засгийн хямралыг даван туулахын тулд улс орон даяар онцгой байдал зарласан бөгөөд эдийн засгийн хямралаар далимдуулан түүнийг эрх мэдлээ улам нэмэгдүүлэх, хяналтаа тогтоох оролдлого хийж байна гэж олон нийт шүүмжилж байна.  

“Coca-Cola” компани нь нь Венесуэльд түүхий эдийн хомсдолоос болж үйлдвэрлэлээ зогсоож байгаа анхны том компани биш юм. Тус компаниас өмнө “Kraft Heinz Company”, “Clorox” зэрэг компаниуд үйл ажиллагаагаа зогсоожээ. Өнгөрсөн Даваа гарагт гэхэд автомашины дугуй үйлдвэрлэгч Bridgestone компани тус оронд 70 гаруй жил амжилттай явуулж ирсэн бизнесээ зогсоохоор болсноо мөн зарлалаа. Харин тус компанийн үл хөдлөх хөрөнгүүдийг Венесуэлийн Grupo Corimon компани худалдан авсан байна.

Мөн бизнесийн олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн алдартай Ford, Procter & Gamble, Halliburton компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд байгаа бөгөөд одоогоор тэдний Венесуэль улсад оруулсан хөрөнгө оруулалт бараг хаягдсан гэж хэлж болохоор үхмэл байдалд байна гэж илтгэлд дурдагджээ. 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.