Монгол улсын цаасан мөнгөн дэвсгэртийн дундаж насжилт 2.8 жил байдаг

Twitter Print
2019 оны 02-р сар 03-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

Үндэсний уламжлалт Сар шинийн баярын өмнө урьд жилүүдийн адил шинэ мөнгөн дэвсгэрт хамгийн их эрэлттэй байлаа. Монгол улсын цаасан мөнгөн дэвсгэртийн дундаж насжилт 2.8 жил байгаа тухай Монголбанк мэдээлж байна.

Өөрөөр хэлбэл Монгол улсын мөнгөн дэвсгэртийн насжилт харьцангуй богино байгаа аж. Хэдийгээр Сар шинийн баярын үеэр шинэ мөнгөн дэвсгэрт жил бүр хамгийн их эрэлттэй байдаг боловч энэхүү хэрэглээнд зориулж шинээр мөнгөн дэвсгэрт хэвлүүлдэггүй юм байна. Мөнгөн дэвсгэрт шинээр хэвлүүлэх эсэх асуудлыг мөнгөний нөөц болон насжилтаас хамаарч шийддэг ажээ.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэрэглээнд нэг төгрөгөөс 20 мянгатын дэвсгэрт хүртэл нийт 11 төрлийн цаасан мөнгөн дэвсгэрт ашиглаж байна. Эдгээр мөнгөн дэвсгэртийн шинэчлэл 1993 оноос эхэлж, 2006 онд хамгийн сүүлд 20 мянган төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ. Харин 1995 онд 5 мянга болон 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргасан байдаг байна.

Түүнчлэн мөнгөн дэвсгэртийг өндөр нууцлалтайгаар, олон улсын стандартын дагуу хэвлүүлэх зардал нь олон улсын валютын хөдөлгөөнөөс хамаарч харилцан адилгүй байдаг боловч хэвлэх зардал нь өндөр байдаг аж.

Энэ жил Сар шинийн баярыг тохиолдуулан арилжааны банкууд иргэдийн хуучин мөнгийг шинэ дэвсгэртээр сольж өгөхөөр 14 хоногийн өмнөөс нөөцөө бүрдүүлж, Монголбанкинд ханджээ. Мөн иргэд ямар ч шимтгэл хураамжгүйгээр хуучин дэвсгэртээ банкинд хандаж солиулах боломжоор хангагдсан байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.