З.Энхболд үгээ хэлчихлээ харин М.Энхболд…

Twitter Print
2016 оны 05-р сар 23-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Монголын улстөрийг тодорхойлолцож яваа “Энх”-үүд нэлээн хэд бий. Тухайлбал АН болон УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга, шинэлэгч залуучууд нь дургүйгээ хүрэхээр “Зааны тугал” гээд аваад хаячихдаг М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Л.Энх-Амгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайхан гээд идэвхтэй улстөр хийж яваа шазруун, тулхтай, холбиромтгой гээд өөр өөрийн ертөнцөө дархалсан “Энх”-үүд бий. Мөн “банк”-ны тодотголтой эрүүл согтуу нь мэдэгддэггүй Д.Энхтайван, “Цагаан шонхор” компаниараа овоглогддог Ч.Энхтайван зэрэг дуулиантай эрсийг Монголчууд андахгүй. Гэхдээ энэ удаа бүх “Энх”-үүдийн сайн муу, сайхан муухайг дуудахгүй.

Харин эрх баригч АН болон УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд хоёроос гарах улстөрийн шийдвэр, тэр нь 2016 оны УИХ-ын сонгуульд хэрхэн нөлөөлж болзошгүй талаар бодлоо хуваалцъя хэмээв.

Өнөөдөр хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын харьяаллаас татгалзан Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байгаа нэртэй ч эрх баригч АН-ыг алсаас удирдаж, үгүйдээ л маш хүчтэй нөлөөлж чадаад байгааг Монголчууд өдөр алгасахгүй харж байна. Тэрээр Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзахдаа “Баярцогт өнөөдөр УИХ-ын гишүүн хийгээд, сайд хийгээд явж байгаа нь Монголын төрийг муухай харагдуулж байна. Ийм хүмүүсээсээ Монголын төр салж чаддаг байх ёстой гэж хэлж байгаа. Энэ бол миний байр суурь” гэж ганцхан өгүүлбэр хэлээд л Монголын парламентад хамгийн олон буюу зургаан удаа сонгогдон ажиллаж байгаа С.Баярцогтын улстөрийн карьерт ямар ч гэсэн энэ удаадаа цэг тавьж дөнгөв.

Гэхдээ С.Баярцогтын асуудлыг ганцхан Ц.Элбэгдоржийн үгээр шийдчихлээ гэж дүгнэж болохгүй. Харин хүссэн хүсээгүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зад үсэрч, хэн хэнийхээ эсрэг ил шулуухан тэмцэлдэж эхлэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН дахь “Шонхор” фракцийн тэргүүн, УИХ-ын дарга З.Энхболд хоёрын түр зуурын “Эв санааны нэгдэл”-ийн золиос болчихлоо хэмээн дүгнэвэл үнэнд илүү ойртоно. АН-д өөрөөс нь илүү нэр хүндтэй, ард олны дэмжлэгийг хүлээх улстөрч гарч ирэхийг Ц.Элбэгдорж яагаад ч хүсэхгүй, дэмжихгүй. Тэгвэл “Даравч дардайна, булавч бултайна” гэгчээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар З.Энхболд хүч түрэн гарч ирэх үед өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний эсрэг сумаа тавих нь тодорхой. Учир байдлыг нягтлан тунгаах, ирээдүйг урьдчилан тооцоолох математикчийн чадвар сайтай З.Энхболд дарга өнөөдөр С.Баярцогтыг дарж авч байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдоржийн багт өгч байгаа нэг ёсны сануулга, урьдчилсан цохилт гэж ойлгож болно.

Өнөөдөр өдөр тутмын нэгэн сонинд “С.Баярцогт шиг улстөрчийг бэлтгэхэд дахиад 30 жил хэрэгтэй” гэж бичсэн байна лээ. Энэ үг үнэнд ойрхон гэж үзвэл өнөөдрийн эрх баригч АН-ын хувьд томоохон гарз гэдэг нь ч ойлгомжтой. Эцсийн эцэст Ц.Элбэгдорж, З.Энхболд гэдэг хоёр хүний жилийн дараах амбиц, сөргөлдөөн энэ цаг мөчөөс чимээгүйхэн эхэлж, эхний бай нь С.Баярцогт болов. Одоохондоо З.Энхболд Ц.Элбэгдоржтой ам мурийх, гаргасан шийдвэрийнх нь эсрэг тэс хөндлөн зогсох сонирхол, шаардлага байхгүй. Иймдээ ч “Хаан”-ынхаа үгээр ажиллалаа. Гэхдээ энэ бол жилийн дараах жинхэнэ тулааны өмнөх өнгөлөн далдлалт.

Тэгвэл өөр нэг “Энх” буюу МАН-ын дарга М.Энхболдод оффшор данстангуудтайгаа З.Энхболд шиг ил, шууд тэмцэх зориг байхгүй. Тэгээд ч МАН-ын оффшортонгууд бол хүсэх л юм бол М.Энхболдыг ганцхан сарын дотор хэн ч биш болгож дөнгөх С.Баяр, Сү. Батболд, Эрдэнэтийн Ч.Ганзоригийн хүү НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл, Дорноговь аймагт нэр дэвших нь тодорхой болсон “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан гээд МАН-ын томоохон санхүүжүүлэгчид байгаа.

Мэдээж эдгээр хүмүүсээс гадна У.Хүрэлсүх гэгч эрхмийг тооцооноос хасвал алдас болно. М.Энхболдын хувьд МАН-ын даргын хувьд ялсан ч ялагдсан ч УИХ-ын сонгуульд намаа удирдан орж байгаа сүүлчийнх нь сонгууль гэж шулуухан дүгнэж болно. Хүссэн хүсээгүй сонгуулийн дараа М.Энхболдын ажлыг дүгнэж цэгнэж таарна. Тэр үед У.Хүрэлсүх тэргүүтнүүд зүгээр гараа хамхиад суухгүй. У.Хүрэлсүхийн хувьд зүгээр л тохиромжтой цаг мөчийг хүлээж суугаа. Гэхдээ удахгүй түүний цаг ирнэ гэдгийг улстөр судлаачид дуу нэгтэй тэмдэглэж байгаа юм.

Өнөөдөр болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас “Гэм буруутай нь тогтоогдвол эрхийг нь хасах тухай ярина. Оффшорт нэр нь холбогдсон хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг нь хязгаарласан хуулийн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл тийм хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл алга. Хууль, хяналтын байгууллагууд оффшор данстай байх нь хууль зөрчсөн үйлдэл мөн, эсэхийг тогтоох ёстой. Оффшор болгоныг муухай гэж хэлж болохгүй” гэсэн шийдвэр гаргасан нь чухамдаа М.Энхболдын байр суурь гэж ойлгож болно. Түүнд сонгуулийн өмнөхөн С.Баяр, Сү. Батболд цаашлаад У.Хүрэлсүх нартай тэрсэлдэх зориг зүрх байхгүй.

Тиймдээ ч хөшүүн хойрго юм шиг хэрнээ жинхэнэ прагматик улстөрчийнхөө хувьд шинэчлэгч залуучуудаасаа “Зааны тугал” хочийг хүртэж хааяа нэг сонссон ч сонсоогүй юм шиг л тайван алхдаг болов уу.

Гэхдээ М.Энхболдын хувьд амгалан тайван төрхийнх нь цаана энэ өдрүүдэд маш хүнд сонголт, хуваарилалтууд хийгдэж байгаа нь ч тодорхой. Хэдийгээр УИХ-ын сонгуульд албан ёсны нэр дэвшигчдээ ирэх 27-ны баасан гарагт болох МАН-ын Бага хурлаас тодруулах хэдий ч М.Энхболдын өрөөний үүдэнд дугаарлагсад жинхэнэ асуудал болж байгааг МАН-ын хэвлэл мэдээллийнхэн цухасхан дамжуулсан юм.

Магадгүй өмнөх зургаан сонгуулиас сүр дуулиан, далайцаараа давж гарах 2016 оны УИХ-ын сонгуульд эрх баригч АН, сөрөг хүчин МАН-ыг удирдаж орох хоёр Энхболдын өнөөдрийн байр байдлын тухай өгүүлэхэд нэг иймэрхүү. Одоогоор МАН-ын М.Энхболд тоймтой үг хэлээгүй л яваад байгаа. Харин хоёуланд нь энэ удаагийн сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулах гэсэн тун ч их хүсэл, шунал чухам энэ өдрүүдэд оволзож байгаа нь яалт ч үгүй тэднийг ижилсүүлэх ганц зүйл билээ.    

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Adonica

      (188.143.232.32) 2016-12-21 13:46
      • 0
      • 0

      I am not sure where you’re getting your info, but good topic. I needs to spend some time learning much more or unadtsrending more. Thanks for wonderful info I was looking for this information for my mission.

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.219) 2016-05-23 19:27
      • 1
      • 0

      Алтанхуягийг огцоруулахад тусалсан гэж Баярцогтод сайдын суудлыг Элбэгдорж дэмжчихээд хуцаад байх юм

      Хариулах