“AWESOME” амьдралд

Twitter Print
2016 оны 10-р сар 31-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Амьдрал гэдэг хэзээ ч яг зуун хувь төлөвлөсний дагуу явдаг эд биш ээ. Ирээдүйд таньд ямар аз завшаан, боломж, учрал, эмгэнэл, бэрхшээл тохиолдохыг бид хэлж мэдэхгүй. Магадгүй мэднэ гэвэл Сократ гуай л “Мэдэхгүйгээ мэднэ” байх.

Олоон жилийн өмнө үнэн байсан зүйл өнөөгийн нийгэмд худал болж байна. Магадгүй бидний “шинжлэх ухаанаар батлагдсан” гэх 100% үнэнгүүд ч ирээдүйд үгүйсгэгдэж болох юм. Энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ багахан ч болов урам зориг аваад ирээдүй өөд хэрхэн алхах тухай нэгэн бяцхаан зөвлөгөөг өгөхийг зорилоо.

Олон улсын бэстсэллэр “The Book of Awesome”  номны зохиолч Нэйл Пасрича (Neil Pasricha) гуай нь энгийн л амьдралтай нэгэн байсан боловч түүний амьдралд эхнэр нь  “Би чамд хайртай байхаа больсон” гэж хэлээд орхиж явсан, хамгийн дотны найз нь өөртэй нь уулзсаныхаа маргааш нь амиа егүүтгэсэн гээд ар араасаа давхацсан хүндхэн жилүүд тохиолдсон юм. Тухайн үед тэрээр өөрөөсөө нэг л зүйлийг хүсч байв. Өөрөөсөө амьдралын гэгээлэг, сайн талыг харахыг хүсч байв. Улмаар түүнийгээ харж чадсан юм. Тэрээр амьдралаа “AWESOME” байлгахыг хүсч буй хэн бүхэнд нэгэн бяцхан зөвлөгөө өгсөн юм.  Зөвлөгөө гэхээс илүү зарчим юм уу даа. Энэ бол “Гурван А”-ийн гайхамшигт зарчим юм.

Attitude буюу аливаа зүйлд хандах хандлага. Дээр дурьдсанчилан хүний амьдралд сайн муу зүйлс ээлжилэн тохиолдож байдаг билээ. Уртаа замаар тань явж байхад өндөр уул, нам дор газар, элсэн цөл болон гаталж давшгүй далайтай та тааралдана. Тэр бүх нөхцөл байдалд инээмсэглээд урагшаа алхаж чадвал та дараагийн гайхамшигийг үзэх болно. Аливаа зүйлд хандах хандлага гэж үүнийг хэлээд байгаа юм. Та аливаа бэрхшээл ялалтанд хандах хандлагаа зөвөөр чиглүүлж, түүнээс айлгүй урагшилж чадвал, зохиолчийн хэлж буйгаар та “AWESOME” амьдрах эхний зарчмыг биелүүллээ л гэсэн үг.

book-of-awesome-3d-pic

Аwareness буюу аливаа зүйлд соргог байх (би хувьдаа ингэж орчуулав). Зохиолч хэлэхдээ, энэ шинж чанар нь 3 настангуудад хамгийн өндөр байдаг аж. 3 настангуудад “Мэдээжийн зүйл” гэж байдаггүй юм. Тэдний хувьд амьдралынх нь эргэн тойронд байгаа бүх зүйлс цоо шинэ. Тэдний анхны бороо, анхны цас, зүлгэн дээр анх удаа хөл нүцгэн явах, гулсууран дээр анх удаа гулгах, аавынхаа гарт тэврүүлээд нисэх мэт дээшээ өргүүлэх гэх мэт зүйлсүүд нь тэдэнд хир их аз жаргал, шинэчилэлийг өгдөгийг төсөөлөхөд хэцүү. Гэхдээ тэдний ертөнц “Мэдээжийн” зүйлсээр дүүрэн томчуудын ертөнцөөс лав хавьгүй “AWESOME” гэдгийг төсөөлөхөд бэрх бишээ. Гэхдээ нас биенд гүйцээд үүнийг уншиж байгаа та 3 насыг тойрч биш дайрч өнгөрсөн. Тэр зам уруугаа дахин нэг хараад, эргэн тойронд байгаа зүйлсээ мэдээжийн биш мэт сонирхоод хараад үзээрэй. Таныг мэдэхээс өмнө таны дотор чинь буй 3 настан гараад ирэх вий. Хэлээ гаргасан зургаараа түүхэнд үлдсэн физикч маань “Надад ямар нэг онцгой авьяас байхгүй ээ, би зүгээр л маш сониуч хүн” гэж хэлсэн байдаг билээ. Ингээд та хоёр дахь зарчимаа сурлаа. Эргэн тойрноо анх удаа харж байгаа мэтээр хар, та гайхамшигийг олж харах болно. Ингээд сүүлийн зарчимыг хэлье. Тун сонирхолтой….

Authenticity буюу “өөрийнхөө, оригиналаараа л бай”. Зохиолч Нэйл нэгэн жишээг ярьж өгсөн бөгөөд илүү сайныг нь олоод нийтлэлдээ оруулах гэсэн ч олсонгүй. 1960-д оны үеэр ид оргилдоо явж байсан Америкийн хөлбөмбөгийн домогт хамгаалагч Роүси Гриер (Rosey Grier) гэгч том биетэй зэрлэг залуу байжээ. Түүнийг талбай дээр байхад тоглогчид довтлохоос хүртэл дотроо эмээдэг байж. Харин манай тамирчин маань спортоосоо гадна бас нэгэн зүйлд маш их хайртай байжээ. Тэрээр чөлөөт цагаараа “хатгамал” оёх дуртай байж. Тэтгэвэрт гарсныхаа дараа хоббиндоо илүү их цаг зарцуулах болсон бөгөөд  “Эрчүүдэд зориулсан хатгамал” хэмээх ном хүртэл гаргажээ. Роүси бол маш оригиналаараа хүн гэдгийг та харж буй биз. Өөрийнхөөрөө бөгөөд өөртөө итгэлтэй нэгний тод жишээ бол Роүси юм. Хэрвээ та “AWESOME” амьдрахыг хүсч байгаа бол гаднаасаа хэрхэн харагдах, хүмүүс таныг юу гэж бодох нь чухал зүйл бишээ, яг та ХЭН БЭ гэдэг чинь л чухал. Өөрийгөө сонс, өөрийнхөөрөө байх боломжийг өөртөө олго. Та гайхамшигийг мэдрэх болно.

Ерөнхийдөө зохиолч, блогчин Нэйл Пасрича-гийн 3 зарчмыг дээр өгүүллээ. Та туршаад л үз. Хүн туршиж, хийж үзэж байж л мэднэ. Бас таны дотор нуугдаж буй авъяас, нөөц бололцоог нээж гаргаж ирж чадна. Зохиолчийн хэлж буйгаар “Таньд гайхаад баршгүй гайхамшигтай энэ ертөнцөд байх хугацаа нийтдээ 100 хүрэхгүй жил л юм. Цаг хугацаа нисэх мэт өнгөрсөөр л байна. Та хэзээ ч одоо байгаа шигээ залуу байхгүй ээ. Тийм учраас л та өмнөө буй бэрхшээлийн дундуур зоригтой алхлан, эргэн тойронд буй зүйлсээ яг л 3 настай мэт соргогоор олж харан, өөрийнхөөрөө, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй” юм. “Амьдрал гэдэг бороо орж дуусахыг хүлээн нөмөрт орж зогсох бус бороо дунд юу ч бодолгүй бүжиглэхийг хэлж байгаа юм” хэмээн нэгэн ухаантны хэлсэн үгийг уншиж байсан юм. Та бүхэнд боломж бий, түүнийгээ ашиглаарай. УРАГШАА!!!

animals_hdwallpaper_road-to-success_73607

М.Эрдэнэ-Очир

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.