Баячууд, улстөрчдийг ч балаг тойрохгүй

Twitter Print
2016 оны 05-р сар 21-нд 17:58 цагт
Мэдээний зураг,

Монголдоо цөөхөн үндэсний хөрөнгөтнүүд, улстөрчдийг авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан базаахгүй нэр, хар мөр салахгүй дагаж явна.

Ялангуяа УИХ-ын сонгууль хамар дор нь ирсэн энэ цаг үед янз бүрийн аргаар мөнгөжсөн эрхмүүд үүрэндээ багтахгүй зөгий шиг л дүнгэнэлдэж эхэллээ. Яах аргагүй хөлс хүчээ урсгаж хар зовлогоо зовоож байж овоохон хөрөнгө хураасан нэгэн ч оффшор дансанд нэр овог нэгтэн нь бүртгэлтэйгээс болж хөөрхөн бачимдаж өөрийгөө АТГ-т шалгуулахаар хүсэлтээ гаргаж байна. Тухайлбал  Японы мэргэжлийн сүмод Монголчуудын түүчээ болсон Кёкүшюзан Д.Батбаяртай овог нэр нэгтэй нэгэн оффшор бүсэд данстай байсан нь илэрч шуугиун тарьснаар мань эр “Нэр нэгтийн чих нэг” болсон бололтой юм. Ядаж байхад УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн үед ямар олиг байхав бушуухан өөрөө өөрийгөө АТГ-т барьж өгч байх вэ дээ. Тэрээр оффшор бүсэд дансгүй бол удахгүй нэр нь цэвэршээд л гараад ирнэ.

Үүний өмнө Ерөнхий сайд асан Сү. Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогбаатар нар өөрсдийгөө “оффшор бүсэд дансгүй, гүтгэж байна, нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдээлэл хийж байсан.

Тэгвэл дэлхийн улстөр, эдийн засгийн тэргүүлэх гүрнүүд оффшор бүсэд данстай баячуудтайгаа хатуухан тэмцэнэ гэдгээ мэдэгдэж эхлээд байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч бага багаар нөлөөлж эхлэв бололтой. Тэрээр  “Ардаа улстөрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа гаргаад зугтаалгачихдаг цаг дууссан шүү. Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Ганбат гэдэг хүн АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын иргэн АНУ-ын иргэн давхар байж болдоггүй. Харин АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно” гэж “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатын тухай хатуухан үг унагасан. Энд хэний тухай ярьж байгаа нь тодорхой.

Өөрийгөө АНУ-ын иргэн гэж зарласан Ч.Ганбатыг өнөөдөр интерполоор эрэн сурвалжилж буй. Түүний явуулсан гэх Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдад хаягласан захиаг УИХ-ын гишүүн Х.Баттулга ил болгосон билээ. “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат голчлон төмөр замын бодлого, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор зэрэг төслүүд дээр зөвлөгөө өгч ажиллаж байжээ.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор буюу Монгол Улсын боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг оргилд хүргэх учиртай төслийн ТЭЗҮ, тооцоо судалгааг хийхдээ очиж ч үзэлгүйгээр хогийн цэгт барихаар хийсэн гэдэг. “Сайншанд” аж үйлдвэрийн парк ХК-ийн ТУЗ-ийн даргаар тэрээр ажиллаж байсан төдийгүй Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрт 200 гаруй сая ам.долларын төлбөр авсан хэрэгт унаад байгаа юм. Мэдээж интерполоор долоон сар гаруй эрэн сурвалжлаад үр дүн гарахгүй байгаа тул АНУ-ын иргэний халхавчин дор нуугдсан Ч.Ганбатын араас хууль хүчнийхэн удахгүй хөөцөлдөх нь тодорхой болоод байгаа. Үүнд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхаарал хандуулна гэдгээ ил тод зарлачихсан. Интерполоор хангалттай эрэн сурвалжилсан ч ахиц гарахгүй байгаагаас энэ хэргийн мөрдөн байцаалтад ч сөргөөр нөлөөлж эхэлсэн нь ойлгомжтой. Ч.Ганбатаас гадна  “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ ч энэ хэргийн сургаар гадаад руу оргон зайлчихаад байгаа. П.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт холбогдуулан шалгуулж буй Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн удирдлага дор ажилладаг байжээ.

“Чингис бонд”-ын мөнгөнд хар гараа лавхан дүрсэн сайд, дарга, даамалуудын дараагийн ээлжийнхний хийсэн хэрэг, гулгуулсан мөнгөний сураг дуулдаж магадгүй болоод явчихтай зэрэгцэн АТГ-ын даргын суудал эзгүйрч өнөөдөр ч томилж дийлэхгүй байгаа. Ер нь монголын хөрөнгөтнүүд, улстөрчид яагаад буруу замаар мөнгө зөөж, буцахдаа ял сонсон шорон руу  ачигдаад  байх болчихвоо.

Миний багад хөвгүүд цэргийн дарга юм уу цагдаа, охид эмч, багш болохыг мөрөөддөг байлаа. Тэгвэл өнөөгийн хүүхдүүдийн ихэнх нь компанийн захирал юм уу, УИХ-ын гишүүн болохыг хүсч, тэмүүлдэг болж. Захын цэцэрлэгт ороод асуухад арван хүүхдийн найм нь ийм мөрөөдөлтэй болсныг түвэггүйхэн мэдэж болно. Үнэндээ өөдөсхөн жаахан нялх үрсийн  буруу гэж юу байх вэ. Мөнгөтэй хүн сайхан амьдардаг гэсэн итгэл үнэмшил тархинд нь гүн бат суулгаж өгсөн томчууд, эцэг эхчүүд бидний алдаа л энд харагдаж байгаа юм. Зурагтаар гарч байгаа Солонгосын олон ангит кинонуудад мөнгөтэй хүн бүгдийг дийлээд байхаар хүүхдүүд тэгж мөрөөдөх нь зүйн хэрэг. Дунд сургууль төгссөн хүүхдүүд элсэлтийн шалгалтын үеэр эрэлттэй гэхээсээ албан тушаалын карьер хөөхөд илүү тохиромжтой мэргэжлийг сонгодог болсоор удаж байна.

Хувийн сургуулийн хүүхдүүдийн дунд баян ядуугийн ялгаа өдөр, шөнө шиг болсон нь тэнд ажилладаг багш нарын хувьд  жинхэнэ толгойны өвчин болоод байгаа. Зайсанд байрлах Американ сургуульд Монголын толгой баячууд, урлаг, спортын одод, сайд дарга нарын хүүхдүүд суралцдаг болоод ч тэр үү өнгө мөнгөний өрсөлдөөн өсвөр насныхны дунд жинхэнэ утгаараа явагддаг юм билээ.
Мөнгийг бурхан шигээ шүтэж, аз жаргалын түлхүүрийг доллар хэмээн эндүүрсэн томчуудын дуулианаас  харахад баян байхын зовлон ядуугаасаа ч их юм шиг.  Жип унаж, хаусанд тухалсан эрх мэдэл, мөнгө төгрөгтэй хүмүүсийн цаана ямар их зовлон, ямар их гуниг, айдас түгшүүр нуугдаж байгааг бид  үнэхээр мэдэхгүй. Цагтаа цалгиж, сая, сая долларыг юман чинээ тоож яваагүй “Жаст”-ын Ш.Батхүү, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Ноёд”-ын Г.Буяндорж, “Анод”-ын Н.Даваа, Л.Энхтөр, АМГын дарга асан Д.Батхуяг, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийнхөн, цаашлаад МИАТ-ынхны хэрэг гээд л. Бүгд л нэг өдөр хамаг бизнесээ алдаж, зарим нь шоронгийн хаалга татаад суллагдсан. Тэдний ард хамгийн их хохирч байгаа нь хүүхдүүд. Тэдний хамгийн тодорхой жишээ нь Г.Буяндоржийн том хүүгийн цахим ертөнцөд тарьж байсан шуугиан билээ.


  
Нэг л өдөр хорвоо тэднээс нүүрээ бууруулж, хамаг хөрөнгөө алдахын чинээ санаагүй явсан олон хүнд, мөнгө мөнхийн найз биш гэдгийг амьдрал харуулж эхэлсэн. Ялангуяа мөнгөтэй хүн эрх мэдэлтэй хэтэрхий их найзархахсаны гашуун жишээ нь “Жаст”-ын Ш.Батхүү болоод өнгөрсөн.

Баян хүний зовлонг ядуу хүн ойлгохгүй. Ядуу хүний жаргалыг баян хүн мэдрэхгүй гэдэг. Гэхдээ хэтэрхий өндрөөс унасан хүн өвдөлт их мэдэрдэгийг Монголын зарим баячууд яс махаараа амсссан, амсч байгаа. Тэдний гашуун түүх мөнгийг аз жаргалын түлхүүр, албан тушаал эрх мэдлийн үзүүр гэж итгэсэн олон залууст сургамж болоосой. Бизнес нь ид цэцэглэж, мөнгөөр гулгих нь холгүй байсан Г.Алтан “Бөмбөгөр” худалдааны төв нь шатсанаас хойш ямар байдалд орсон билээ. Мөнгөний төлөө хамаг залуу насаа гадаадад өнгөрөөж, өтөлсөн хойноо өвчний үүр болоод Монголдоо эмнэлгийн үүдийг сахиж байгаа нэгэн хүнийг би сайн танина. Солонгост 14 жил амьдарсан тэр чамгүй хөрөнгө хураасан ч эцэстээ эцгээ эмнэлэгт сахихыг хүсээгүй хүүхдүүдийнх нь гарын салаагаар урсаад өнгөрч байгааг нь харахад өвчин тустлаа ажилласан эцгийг нь өрөвдмөөр санагддаг. Эцэг,эхийнхээ бэлдэж өгсөн байр, машиныг нэг л өдөр мөрийтэй тоглоом, хар тамхинд тавиад туучихсан баян айлын тэнэг залуусын жишээ  цөөдөхгүй. Магадгүй олон аав, ээж үр хүүхэддээ орон орон, унах унааг нь бэлтгэж өгөхийн тулд нойр, хоолоо хасан зүтгэж байна. Тэглээ гээд энэ нь аз жаргалыг бүтээх алтан түлхүүр биш.

Амьдралд мөнгөнөөс илүү чухал зүйл нь сэтгэл ханамж байдгийг бурхан Будда айлдсан. Өөртөө, өнөөдөртөө байгаа бүхэндээ сэтгэл ханаж чадвал түүн шиг аз жаргал үгүй гэсэн. XIV дүгээр Далай лам “Сэтгэлгээгээ цэвэрлээгүй хүн хэрэглээг шүтдэг. Материаллаг үнэт зүйлс баялаг бидний бие махбодод тав тухтай нөхцөл үүсгэх ч гэлээ сэтгэлийн амар амгаланг авчрахгүй. Миний нэг найз бий, саятан, маш баян хүн. Гэвч тэр ганцаардмал, аз жаргалыг мэдэрч чаддаггүй. Бид өөрсдийн итгэл найдварыг материаллаг үнэт зүйлтэй холбож ойлгох нь томоохон эндүүрэл” хэмээн ярилцлага өгсөнөөс харахад мөнгө аз жаргалын түлхүүр яав ч биш ажээ. Аль нэг албан байгууллагын дарга болчихвол сайхан амьдарна хэмээн эндүүрч, өнгө мөнгөний төлөө төрсөн биеэ, эцэг, эхээ ч арилжихаас  буцахааргүй болсон олон залуус Монголд торниж байна. Нам дагаж, хэн нэгэн даргын гутлын тоосыг арчихаас ичихээ байсан залуус оюутны ширээнээс улстөрийн лоозон хэлээд зогсч байгаа нь дэндүү олон болжээ. Зарим нэг нь өнөөдөр хүссэн өндөрлөгтөө хүрч шар завьжилсан бацаанууд Засгийн газрын харьяаны агентлаг удирдаж байгаа жишээ байж л байна. Гэхдээ хөлсөөрөө, хөдөлмөрөөрөө сайхан амьдарч байгаа залуус ч Монголд цөөнгүй бий. Эцсийн эцэст баян хүн гэж хэн юм бэ. Өрөнд баригдсан хэрнээ жип унаж, савсагнаж давхисан нэгнийг хэлэх үү.  Эсвэл үмх махаараа хоол хийчихээд халуун ам бүлээрээ ширээгээ тойроод хооллож суугаа өнөр гэр бүлийг хэлэх үү. Эрх мэдэл, хөрөнгө мөнгийг шүтэн өсч байгаа өнөөгийн залуу үеийнхээ сэтгэлгээг хэрхэн цэвэрлэх вэ. “Халаас хоосон ч надад эрх чөлөө байна. Хамгийн гоё нь би залуу байна” хэмээн дуулах хойч үе минь олон байгаасай. Яагаад гэвэл тэд дэндүү эрх чөлөөтэй бас, агуу их хувь заяатай хүмүүс. Мөнгө бол зөвхөн хэрэглээ шүү дээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (203.169.50.152) 2016-05-20 17:27
      • 0
      • 1

      АРДЧИЛАЛЫН АЛТАН ХАРААЦАЙ ГЭГДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ БАТ-ҮҮЛЭЭС НЬ АВХУУЛААД ШУДАРГА БУСААР АЖИЛЛАЖ МӨНГИЙГ ШҮТЭЖ АМЬДАРЧ БАЙХАД АРДЧИЛАЛЫН ЗАЛГАМЖ ХАЛАА НЬ ШУДАРГА ГЭДГИЙГ ИЙМ ЯНЗААР ОЙЛГОЖ БАЙГАА УЛС ОРНЫГ ИРЭЭДҮЙГ ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ ГЭЖ МӨНГӨ ДАНСЛАЖ ШҮТЭЖ АМЬДАРСААР БАЙНА

      Хариулах

    • Болд

      (64.26.95.14) 2016-05-20 16:32
      • 0
      • 1

      Монголд байгаа бүх л эргэлдэх ёстой валют хөрөнгийг эдгээр МАНАН-гийн олигархууд болон тэдний ард байгаа баячууд оффшор данс нээн гадаад байрлуулж татвараас зайлсхийж чадаж байна шүүдээ. Энэ л сонгуулиар бид иймэрхүү баярчуудыг сонгохгүй байхад л болно. Сонгуулийн хувьсгал хийцгээ?

      Хариулах

    • M

      (180.149.95.150) 2016-05-20 13:49
      • 0
      • 1

      ҮЙЛИЙН ҮР ГЭЖ БАЙДАГ ЮМ ҮР УДАМААРАА ТӨЛӨӨСӨӨ ТӨЛНӨӨ

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-05-20 13:46
      • 0
      • 1

      Зүгээр л өдөрт хүүхэддээ хорь гучаар нь мөнгө өгөөд явуулдаг хүмүүс байна. Ийм нөхцалд өссөн хүүхэд мөнгөний үнэ цэнийг яаж мэдэх вэ.

      Хариулах

    • Soongo

      (122.201.22.241) 2016-05-20 08:01
      • 0
      • 2

      Гоё бичсэн байна шүү, баян хүн гэж мөнгөтэй хүн болгоныг хэлэхгүй л дээ, манайханы баян гэж өөрсдийгөө хэлээд байгаа хүмүүс дандаа хуль бусаар муухай аргаар мөнгөтэй болсон болохоор үнэхээр үр хүүхэд нь сайн сайхан явахгүй ээ, яагаад гэвэл эцэг эх өөрсдөө муухай аргаар мөнгөтэй болсон болохоор хүүхдүүдээ бас яг тэр ухамсараараа хүмүүжүүлж байгаад хамаг учир байна даа, жинхэнэ чадлаараа хөрөнгө чинээтэй болсон хүн дэлхийд зөндөө байна, тэд хүүхдээ мөнгөнөөс хол байлгадаг, сайн бод

      Хариулах