С.Ганбаатарын Фэнг шуй нь нэг л биш дээ

Twitter Print
2016 оны 05-р сар 19-нд 16:47 цагт
Мэдээний зураг,

Англид боловсрол эзэмшиж ирээд  Монголын улстөрийг гаднаас нь баахан ажигласны эцэст “товарищуудтай тэмцэнэ ээ хө” хэмээн “Эрс шинэчлэл” хөдөлгөөн байгуулан гудамжинд долоо, найман жил хоолойгоо цахирттал тэмцсэний эцэст МҮЭ-ийн ерөнхийлөгч, УИХ-ын  гишүүнээр тодорсон нэгэн эрхэм бий.

Гэхдээ тэрхүү “Англид эзэмшсэн боловсрол” тун ч маапаантай дамшиг байсныг ёжтой, хорон үгтэй УИХ-ын дарга З.Энхболд анхлан илчилж “Ганбаатар хуурамч дипломоор ХААН банкинд хоёр жил ажилласан” гэж түмэнд тунхаглаж хөөрхийг хэн ч биш болгох замыг нь засчихсан гэж байгаа юм. Хөөрхий минь мань эр өөрөө ч сүүлдээ “Үнэнээ хэлэх мөч”-д  “Тийм ээ, надад диплом авах цаг зав гараагүй юм” гэж харин ч нэг Фэнг шуйчин эр хүн шиг хүлээчихсэн юмдаг.

Яах вэ дээ, эр хүн 30 нас хүртлээ дандаа секс бодсоор яваад амжаагүй байж болох шүү дээ. Хэний тухай бичээд байгааг найман настай балчраас  наян настай буурлууд  андахгүй гэчихэд үнэнээс хол зөрөхгүй. Нэгэн хэвийн уйтгартай, ямар ч хараа хяналтгүй, тэмцэлгүй  байсан Монголын улстөрд дуу шуутайхан орж ирсэн цагаасаа ард олны итгэлийг хүлээж, монголчуудад ихээхэн хохиролтой Оюу толгойн гэрээний талаар тэр үеийн Сангийн сайд С.Баярцогттой  зоригтой мэтгэлцсэн гавьяа өөр хэнийх ч биш зөвхөн УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хамаарна. Гэхдээ өнөөдөр арай өөр зүйлийн талаар хөндөхийг хүслээ. Тэрбээр гудамжны тэмцлийг сайтар зохион байгуулалтад оруулан удирдсан шигээ Монголд Фэнг шуй гээч Хятадаас гаралтай сэтгэл зүйн философийг анх оруулж ирсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу.

Нэгэнтээ “Барууны их дээд сургуулийн эдийн засгийн ангиудад, ялангуяа  менежментийн ангид фэнг шуйгийн хичээл ордог юм. Би Англид их сургуульд сурч байхдаа фэнг шуйгийн төрөлжсөн сургуульд нь сурч төгссөн. Фэнг шуй бол шинжлэх ухаан биш, шашин бол бүр ч биш, харин амьдралын ухаан юм” хэмээн Монголд дэлгэрүүлсэн шинэхэн философио тайлбарлаж байсан С.Ганбаатар гишүүнээс зайлшгүй асуумаар олон асуудал ар араасаа цуварч гарч ирээд болдоггүй. Монголчууд хэзээний сониуч, итгэмтгий гэнэн, шинэ юманд хошууран дурлахдаа гаргууд хүмүүс. Төрөлхийн нүүдэлчин удмын цусанд нь шингэсэн сонирхон дурлагч, шинэхэн бүхнийг  хошууран дагалдагч зан чанар нь гаднаас орж ирсэн юм бүхнийг сайтар нягтлан шинжилгүйгээр нийтээрээ хүлээн зөвшөөрч, толгой дээрээ өргөмжилдөг муу зуршилтай болгочихсон. Түүний сонгодог жишээ нь 1990-ээд  оны дундуур монголчууд нийтээрээ ядруухан амьдралтай, сэтгэл санаа тавгүй байх үеэр урд зүгээс фэнг шуйгийн гээч улаан эрээн дарцаг, нэг хөлөө өргөсөн муурын баримал, мөнгө зуусан шавар мэлхий, хуванцар эрхи, улаан туузаар гурвалжлан боосон гурван ширхэг зоос тэргүүтэн хэдэн зуун мянгаараа урдаас орж ирсэн билээ.

Өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбарт хууртагдаж байдгаа тавиад туучихсан монголчуудын ихэнх нь ёстой л “дээшээ тэнгэр хол, доош газар хатуу” болж, зэрлэг капитализмтай хов хоосон, улаан нүүрээрээ тулж, хэсэгтээ л яах учраа олохгүй барьц алдацгаасан. Энэ үед Монголын нийгмийг түр зуур ч болтугай сатааруулах, хүмүүсийн сэтгэл зүйг бага ч гэсэн тайвшруулах “ид шид, арга чатга” хэрэгтэй байсан юм. Тухайн үед тодорсон олон “хувилгаан, ид шидтэн”-ий тар нь удалгүй  танигдаж, байж суух газаргүй болоод “дашийн шог” болсон түүхтэй. Харин С.Ганбаатар гишүүний дэлгэрүүлсэн амандаа зоос зуусан шавар мэлхий, улаан туузаар гурвалжлан боосон гурван зоос өнөөдөр ч хэдэн зуун мянгаараа өмнөд хөршөөс орж ирсээр л байгаа.

Нэг хэсэгтээ бурхныхаа өмнө мөнгө зуусан шавар мэлхий тавиагүй айл байхгүй  болж  ганц нэг тийм “бурхан”-гүй айлд орсон зарим нэг нь “Пээ бурхан минь, фэнг шуйгийн мэлхий бушуухан авч хоймроо зал. Үгүйрч, хоосорч модоо барих гээгүй бол яг өнөөдөр авч тавь” гээд их багагүй загнаж, зандраад мөн ч үйл үздэг байж билээ. Үүнийг тэрлэгч л лав ид шид, арга чатганд тэгтлээ  сүжирхээд байдаггүй зангаараа  мөнгө зуусан шавар мэлхий авч хоймроо залаагүйгээсээ болж  найз нөхөд ойр дотныхноосоо зэмлэл сонсож л явлаа. Нэлээн сүүлд ээж минь их л хэрэг зориг болгон ирж, том гэгчийн зоос зуусан мэлхий хойморт маань залчихаад санаа нь  амарснаар манай хувьд  “шавар мэлхий”-ний асуудал хэсэгтээ шийдэгдсэн юм. Гэхдээ нэг удаа зусланд гарах нүүдлийн үеэр өнөөх  “мөнгөний машин” буюу зоос зуусан шавар мэлхий шалан дээр бяц үсэрснээр манай хувьд фэнг шуйгийн асуудал дууссан. Манайх л хувьдаа шавар мэлхийгүй болсноор мөнгө санхүүгийн хүндрэлд орж, сүйд болоогүй юм даг. За тэр ч яах вэ. Гол асуудалдаа оръё. Фэнг шуйгийн зоос зуусан шавар мэлхий үзэгдэх байдлаасаа тэгтлээ хүний өхөөрдөл, хайр татаад байдаггүй ч зуусан зоосонд нь ихээхэн учир байх шиг санагдана. Нэгэн танил эгчид маань өвөрмонгол найз нь “Та нар худам монгол бичгээ сайн мэдэхгүй болохоор фэнг шуйгийн мэлхийний зуусан зоосон дээрх үгийн учрыг сайтар ухаж ойлгож чадахгүй байна. Наад зоосон дээр чинь “Бүү цадаг” гээд биччихсэн байгаа. Энэ нь хятадууд  монголчуудыг  хэзээ ч дээш нь гаргахгүй гэсэн санаа. Чингис, Хубилай хааны цэргийн хөлд сүйрч байсан эрт цагийн өс хонзонгоо авч байгаа  санаа нь тэр. Энэ байтугай юмыг та нар ажиглахгүй юм” гэжээ. Хэзээнээс нанхиад үндэстэн талын нүүдэлчин монголчууд хоёр тэрсэлдсээр ирсэн нь түүхийн үнэн. Их эзэн Чингис хаан ч “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүхэн сануулж бай” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Нүүгээд холдож болдоггүй мөнхийн хөрш, бас мөнхийн дайсан хятадууд саяхан л Чингис хааныг маань гахай хоншоортой болгоод зурчихсан л харагдсан.

Хэдхэн жилийн өмнө Монгол Улсыг бүхлээр нь багтаасан “агуу их Хятад гүрэн” гэсэн газрын зураг хэвлэгдэн гарч л байсан. Угаасаа монголчуудын өв соёл, түүхийг өөрийн болгох, үндэс угсааных нь хувьд булингартуулах манж санаа хэдэн зуунаар үргэлжилсээр өнөөдрийг хүрсэн нь нууц биш. Тэр даажигнал, хорлонтой тохуурхал энэ цаг үед та бидний анзааргагүй, хайнга байдлыг ашиглах замаар монголчуудын амьдралд гүн гүнзгий нэвтэрсээр байгаагийн хамгийн тодорхой жишээ нь фэнг шуйгийн шавар мэлхий, гурвалжлан боосон зоос тэргүүтэн билээ.

“Мөнгө даллан дуудаг” хэмээн их багагүй итгэж найдан, түрүүвчиндээ нандигнан хадгалж яваа улаан зуузаар гурвалжлан боосон гурван зоосоо гаргаж ирээд сайтар хараад үзээрэй. “Бүү цадаг” гэсэн хорлонтой үгээр биднийг тохуурхан доромжилж байгаа фэнг шуйг тахин шүтсээр бидний хэд нь газар даахгүй болтол баяжиж, хөлжсөн юм бол.

Хэдэн жилийн өмнө Г.Алтан хатагтайн “Бөмбөгөр” зах шатаж бөөн явдал, чирэгдэл үүсч байв. Тэр захад лангуу түрээсэлж байгаад бүх бараагаа шатаачихсан нэгэн эмэгтэй  бухимдсандаа “Манайхан ихэнх нь Бээжингээс өөрийн биеэр очиж фэнг шуйгийн хамгийн том үнэтэй мэлхийг худалдан авч гэртээ сүр болгон тахисан. Харин тун удалгүй зах шатаж, бид өнөөдөр юу ч үгүй гудамжинд гарцгаалаа. Фэнг шуй гээч нь шал худлаа, хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглосон хэдхэн хүний мөнгө олох хэрэгсэл юм байна” хэмээн зурагтын дэлгэцээр нулимсаа арчин ярьж байсныг санаж байна. Ингэхэд бид чинь бүгдээрээ “Бүү цадаг” гэсэн бичигтэй  зоос амандаа зуусан баахан шавар мэлхий бурхныхаа өмнө аваачаад залцгаачихсан болохоор яаж ч гэдэс цатгалан явцгааж, улс эх орон маань ч хөгжлийн зөв голдрилдоо яаж орох вэ дээ. Ер нь эрхэм УИХ-ын гишүүн С.Ганбаатар та фэнг шуйгийнхаа зоосон дээрх бичгийг уншиж үзсэн үү. “Бүү цадаг” гэсэн зоос зуусан шавар мэлхийнүүд танд ач буянаа нэгэнтээ харамгүй хайрласан байж болох л юм.

Гэхдээ сүүлийн хоёр жил таны өөрийн тань ч фэнг шуй нэг л биш байх шиг. Тасралтгүй доройтсоор л явах шиг санагдах юм. Та саяхан л “сэхээтний” гэгдсэн ХҮН-ын дарга болоод монцойж явав даа. Гэтэл ганц хоёр сар ч бололгүй мулзарсан. Тэр ч байтугай таны харьяалагдаж байсан ХҮН чинь энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх ч эрхгүй болчихлоо. Хэдэн дарга нар нь бие дааж байгаа юмсан уу даа. Ингэхэд таны өөрийн тань байдал ч өнөөдрийн хувьд тун базаахгүй байгаа. Таны нэгэн цагт хамтарч явсан Г.Уянгын нам ч УИХ-ын сонгуульд 100 өрсөлдөх эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Ингэхэд та Монголын улстөрд дөрөвхөн жил оршин тогтноод ор мөргүй алга болох гээгүй л бол ичгүүр дэвсэн байж аль нэгэн улстөрийн намыг бараадахгүй бол таны фэнг шуй аль хэдийнэ хажуугаараа унаад хага үсэрсэн шүү. Ер нь та 30 хүртлээ секс бодож яваад эцэст нь гэнэтхэн сэхээ авч далдын ид шидэнд автагдаж тун буруу фэнг шуй барьж авсан хүн юмаа даа. За тэр яах вэ. Нэгэнт өнгөрсөн дандаа секс боддог 30 нас. Одоо 50 хүрч яваа эр хүн арай өөр шүтээн зална байгаа.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.115.187) 2017-03-26 17:31
      • 0
      • 0

      Бүү цадаг гэсэн даалгаврыг АН, элбэгдорж биелүүлж,Монголын ард түмнийг өлмөн зөлмөн, ядуу тарчиг амьдруулж, харин өөрсдөө төсвийн мөнгийг хоосолж, өөрсдийн амжиргааг сайжруулж байна даа, хулгайч нар

      Хариулах

    • Зочин

      (79.250.213.18) 2016-07-17 16:08
      • 0
      • 0

      Feng shui үүнийг бүү ад үз, учир нь энэ бол хэнд ч хоргүй хүний шүтэх эрх чөлөө юм. Германд бол дорнын ард түмний бас нэг соёл гэж үздэг бөгөөд 80 сая хүмүүнээс хангалттай олон нь шүтэж хэрэглэдэг . Харин монголчууд аливаад хэт туйлширч мэлхий авч гэртээ тавиад зүгээр сууж мөнгө хүлээдэг нь буруу.

      Хариулах

    • Zochin

      (70.210.3.238) 2016-05-23 07:14
      • 0
      • 0

      Eh ornoo gej dugarsan negnee bitgii me reed bai !!! Ulsd ymarch hohirol uchiruulaagyi hyn. Iim hymyys olon garch ireesei.

      Хариулах