Өнөөдөр Крымийн татаар үндэстнүүдийн хэлмэгдүүлэлтийг дурсах өдөр

Twitter Print
2018 оны 05-р сар 19-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Сталины дэглэмээр хэлмэгдсэн ард түмнүүдийн эмгэнэлт хувь тавиланг нэхэн дурсах өдөр. Тухайлан Крымийн татааруудын хувьд.  Тавдугаар сарын 19-ны энэ өдөр гэвч ОХУ-ын он цагийн тэмдэглэлд  дурсагдахгүй. Хаанаас нь ч хайж шүүгээд үзэхэд олдохгүй, зөвхөн Грекийн ард түмнийг Бага Азид хэрхэн хомроголон хөнөөж, тарчлаан зовоож асан түүхийг дурсах өдөр байдаг аж. Гэхдээ Оросууд бус Османы туркуудын 1916-1923 онд үйлдсэн гэмт хэрэг гэнэ. 

“Eurovision 2016” дууны их наадамд "1944" нэртэй дуугаа өргөсөн Украины дуучин Жамала тэргүүн шагнал хүртсэн тухай мэдээ цацагдсан даруй оросууд уурсаж, хараал зүхлээр булж байсан. Яахав, улс төрийн учир холбогдолтой болохоор тэр. Европ дахины дуу хуурын уг наадмыг сурвалжлахаар очсон тайлбарлагч Э.Мацкевичус, Д.Губерниев нарыг ч буруутган тэргүүн байр эзлэсэн дууны утга санааг тайлбарлаж, бодлогогүй хандсан гэсэн зэмлэл хүлээж байсан. Харин тэдний тайлбарласнаар, уг дууны утга агуулга "хавчилга шахалтын дор төрөлх нутаг, орон гэрээ эрхтгүй орхиж, харь газар нутагт цөлөгдөж буй хүмүүсийн аврал эрсэн мөргөлийн дуу" байсан бөгөөд Сталины дэглэм тэднийг өршөөлгүй цээрлүүлж, эх нутгаас нь хөөн зайлуулж байсныг өгүүлсэн байж. 

Энэ хэлмэгдүүлэлт 1945—1946 онд болсон бөгөөд тухайн үед Крымийн олон зуун мянган татаар иргэд, тэр дундаа дайнд цусаа урсгаж явсан 524 офицер, 1392 бага дарга нарыг нутаг заан цөлсөн байна. Төрийн өндөр дээд шагналтай олон хүн тэдний дотор байсан гэдэг бол Германы цэргүүд Крымийг эзлэн авахаас өмнө дүрвэн гарсан татаарууд хүртэл хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдэг байна. Учир нь тэд дүрвэж яваад 1944 оны дөрөв, тавугаар сар гэхэд эргэж ирсэн байсан аж. Тэдний дотор мужийн захиргааны нэгдүгээр нарийн бичгийн даргаасаа авахуулаад бүх удирдлага, ажилтнууд нь хүртэл орсон байна. Учир нь цөллөгийн шинэ газар нутагт мөн удирдах ажилтнууд шаардлагатай гэж үзсэн бөгөөд тэднийг намаас хөөгөөгүй байсан гэдэг.

Улаан арми Крымийг чөлөөлсөний дараа И. В. Сталин 1944 оны тавдугаар сарын 11-ны өдөр татаар үндэстнүүдийг тус хойгийн нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлэх тухай ЗХБНХУ-ын Батлан хамгаалах Хорооны № ГОКО-5859 тоот тогтоолд гарын үсэг зурсан байна. Уг тогтоол «Крымийн олонхи татаар»-уудыг эх орноосоо урвахын хамт Крымийг хамгаалан тулалдаж байсан Улаан армийн анги нэгтгэлээс оргон дайсны талд ороод зогсохгүй,  нацистуудын эмхлэн байгуулсан «татаарын цэргийн сайн дурын анги»-д элсч, тэдний залхаан цээрлүүлэх үйл ажиллагаанд оролцож байсан, «Зөвлөлтийн партизануудыг тамлан зовоож», Германы булаан эзлэгчдэд «Зөвлөлтийн иргэдийг Германы боолчлолд хүчирхийлэн явуулах», Германы түрэмгий цэргүүдэд тал бүрийн туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байсан, Германчуудын тусын тулд “Татаарын үндэсний хороо” байгуулж, Улаан армийн ар талд тагнуул, хорлон сүйтгэгчид хаяхад идэвхийлэн зүтгэж байсан» гэх мэт олон ял тулгасан байжээ. Тогтоолын төслийг Батлан хамгаалах төрийн зөвлөлийн гишүүн, Дотоопд явдлын яамны ардын комиссар Л.П. Берия гаргасан бөгөөд нутаг заан цөлөх ажиллагааг Аюулаас хамгаалах яамны ардын комиссарын газар, дотоод явдлын яамны орлогч Б. З. Кобулов, И.А. Серов нар удирдах үүрэг өгсөн байлаа.

Ингээд татааруудыг цөлөх эхний ажиллагаа 1944 оны тавдугаар сарын 18-ны үүрээр хэлж, 20-ны өдөр 16:00 цагт дууссан байна. Энэ ажиллагаанд Зөвлөлтийн НКВД-ийн  32 мянган цэрэг, офицерууд оролцсон аж. Хэтэрхий харгис, хэрцгий занал дор болсон энэ ажиллагааны үеэр эсэргүүцэл үзүүлсэн, явдал дааж чадахгүй ядарсан, өвчин зовлонтой хэн бүхнийг газар дээр нь шууд буудан хороож, төмөр замын хажуугаар хаяж байсныг нүдээр харсан хүмүүс хожим дурсан ярьж байсан гэдэг.

Энэ цаг үеэс хойш Крымээс цөлөгдсөн татааруудын тоо хэд дахин хорогдсон байдаг бөгөөд цөллөгөнд хүрэх замд тэднийг тун цөөн удаа хооллож байсны дээр давс ихтэй хоол өгч, уух усны бараа харуулддаггүй байсан аж. Зарим галт тэрэгний цуваанд бүр долоо хоног илүү хоол унд өгөөгүй байсан бөгөөд хоёр дахь долоо хоногт нь өгсөн хоол тэдний хувьд эхний болоод сүүлийн удаагийн хоол болж байжээ. Нас барсан хүмүүсийг төмөр замын даланд булж, яаран сандран оршуулахчаа болж, заримыг нь зүгээр зам дагуу шидэж орхидог байсан гэдэг.

НКВД-ээс Сталинд илгээсэн цахилгаан бичигт 183 155 хүн цөллөгт ачигдсан гэж тэмдэглэсэн байдаг бол албан ёсны тоо баримтаар зам зуур 191 хүн нас барсан гэж заасан байжээ. Харин энэ тоо баримтад  фронт дээр тулалдаж байсан Крымийн татаарууд ороогүй байсан бөгөөд 1945 онд тэднийг цэргээс халагдсаных нь дараа цөллөгөд ачсан байна.

Сүүлд тодруулсан баримтаар бол НКВД-ийн бүртгэлд, цөллөгийн өмнө буюу 1944 оны аравнэгдүгээр сарын байдлаар Крымд 193 865 татаар, тэдгээрээс Узбекистанд 151 136, Марийскийн БНАУ-д— 8 597, ЗСБН Казах улсад — 4286, бусад нь «ажилд ашиглах хүч»  Молотовск (10 555), Кемеровск (6743), Горьковск (5 095), Свердловск (3594), Ивановск(2 800), Ярослав (1059) мужуудад гэж тэмдэглэгдсэн байдаг байна.

ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн 1967 оны есдүгээр сарын 5-нд гарсан № 493 тоот «Крымд амьдарч буй татаар үндэснй иргэдийн тухай» тушаалд «1944 онд Крымийг Нацистийн булаан эзлэгчдээс чөлөөлсөний дараа Германы түрэмгийлэгчдэд идэвхтэй тулалцаа үзүүлж байсан гэж үзсэн Крымийн тодорхой нутаг дэвсгэрийн татаар иргэд болоод татаарын бусад бүх иргэдэд тулгаж байсан ял үндэслэлгүй болно» гэж тэмдэглэсэн байжээ. Харин 1989 оны арваннэгдүгээр сард ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлөөс Крымийн татааруудыг шүүж, нутаг заан цөлсөн явдал хууль бус бөгөөд гэмт хэрэг хэмээн тэмдэглэсэн байдаг бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2014 оны дөрөвдүгээр сарын 21-нд  Крымд явуулсан Сталингийн хэлмэгдүүлэлтэд өртсөн  татаар болон бусад үндэстний иргэдийн эрхийг сэргээх захирамжид гарын үсэг зурсан байна. Тэрчлэн 2015 онд Украины Дээд рада  Крымийн татааруудыг хэлмэгдүүлэн, цөлсөн явдал дарангуйлал байсныг тэмдэглэж, тавдугаар сарын 18-ны өдрийг Крымийн татаар ард түмний хэлмэгдүүлэлтийг дурсах өдөр болгон зарласан байдаг аж.

Гэтэл ОХУ-ын "Россия 1" телевизийн сувгаар татааруудыг нутаг заан цөлсөн явдлыг илүү сайн сайхан амьдрал хайж, нүүдэллэсэн өөрсдийнх нь сонголт гэсэн тайлбар өгсөн асуудал Крымийн болоод нийт татаар ард түмэн, Сталины дэглэмийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бүх улс үндэстнүүдийг доромжилсон явдал гэж Крымийн татаар иргэд үзэж байна. Тэгээд ч "Россия 1" телевизийн энэ цочирдом мэдээлэлтэй холбогдуулан Бүх Оросын төрийн радио телевизийн компанийн (ВГТРК) Ерөнхий захирлаас  олон нийтийн өмнө уучлал гуйх шаардлага хүргүүлжээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Болд

      (59.153.114.251) 2017-11-28 17:08
      • 0
      • 0

      Оросууд Украйнд орос хэл биш украйн хэл заах болсонтой стрестэж, хавчилга шахалт хүчтэй үзүүлэн буруутгаж бөөн сүр хүчийг үзүүлсэн. Харин ОХУ-д зөвхөн орос хэлийг дээдлэн бусад үндэстний хэл, соёлыг шахах бодлого явуулж байгаагаа эргэж харах, харьцуулах бодол тэдэнд огт төрөхгүй байгаа нь гайхалтай байдаг. Алтайн хязгаарын улс гэх "Зүүн гарын" Монголчууд эх хэл, соёлоо мартан цөөн хэдэн хүн орсоор галиглан хувиргасан "Монгол" овог төдийхөнтэй үлдсэн аймшигт гамшиг олон үндэстэнг дайрсан хэдий ч тэд үүнийгээ гэм мэт үзэхгүй харин Украйнтай шаал өөр юм яриад мэтгэлцээд явах юм. Оросууд аа та нар эх түүхээ хэдийд үнэн зөв бичиж, хүндэтгэж явах вэ? Их Монгол улс байгаагүй бол Оросын эзэнт улсын түүх гэх юм хэзээ ч бичигдэхгүй байсныг мэдмээрсэн дээ, иш мухаргүй Оросууд аа.

      Хариулах