Ц.Элбэгдорж: Монголд боловсруулалтыг нь хийчихсэн, хил дээр дарагдсан бүтээгдэхүүнийг шууд оруулдаг болно

Twitter Print
2016 оны 05-р сар 19-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вон Сүнд бараалхав. Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Сөүл хотын дарга Пак Вон Сүн бараалхав

Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Сөүл хотын дарга Пак Вон Сүн бараалхлаа. Уулзалтын үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн хэлэхдээ ”Ноён Ерөнхийлөгч таныг БНСУ-д айлчилж байгаад талархлаа илэрхийлье. Ерөнхийлөгч тантай Улаанбаатар хотноо мөн Давосын чуулга уулзалтын үеэр уулзаж байсан. Өнөөдөр Сөүлд уулзаж байгаадаа маш их баяртай байна. Эрхэм Ерөнхийлөгч таныг ардчилалыг түгээн дэлгэрүүлэх хүний эрхийг хамгаалах чиглэлд амжилттай ажиллаж ирсэнийг бид мэднэ. Монголын ардчилал хүчирхийлэлгүй тайван замаар хөгжиж ирсэнийг онцлон дурдахад таатай байна.

Бидний зүгээс Сөүл хотод сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарч ажилладаг. Сөүл хотын захиргаанаас "Тундэмүн глобал төв"-ийг байгуулж, иргэдэд хуулийн болон  бизнесийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж байна.

Мөн Сөүл хотод амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүд суралцдаг бага дунд сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэх асуудлыг ч анхаарах шаардлага гарч байгаа. Сүүлийн үед яригдаж буй бас нэг чухал асуудал нь худалдааны чиглэлээр хүүхэд залуусыг боловсрол эзэмшүүлж цаашид энэ чиглэлээрээ ажиллаад явах боломжийг бий болгох асуудлыг судлаж байна. Сөүл, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна.  Эрхэм Ерөнхийлөгч Таны айлчлалд өндөр амжилт хүсье.” гэлээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: “Сөүл хотын дарга Пак Вон Сүн болон албаны хүмүүс найрсаг дотно хүлээн авч буйд талархлаа илэрхийлье. Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна.

Сөүл хотын даргын зүгээс Монгол иргэдийн нийгмийн асуудалд анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ирсэнд гүнээ талархаж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол иргэдтэй хийх уулзалтыг Сөүл хотын захиргаанд зохион байгуулж байгаад та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье. Энэхүү уулзалтад Улаанбаатар, Сөүл хотын дарга нар хамтран оролцож байгаа нь манай хоёр орны найрсаг харилцааны илрэл юм.

БНСУ-д манай хамгийн олон иргэн оршин суудгийг харгалзан тэдний хүүхдүүд монгол хэл, соёл зан заншлаас суралцах боломжийг бүрдүүлэх үүднээс Сөүл хотод “Mongolian Weekend school” ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

Хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд Ерөнхийлөгчийн хувиар анхаарал хандуулж, дэмжиж ажиллах болно гэдгийг илэрхийлье.

Сөүл хотын даргад ажилд нь  өндөр амжилт хүсч, хоёр орны нийслэл хот хоорондын хамтын ажиллагаанд хөгжил цэцэглэлтийг ерөөе.” гэлээ.

Гадаад улс орнуудад амьдарч байгаа хүүхдүүд монгол хэл соёлоосоо холдохгүй байгаасай гэж хүсдэг

Мөн БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлсэн үгэндээ:

“Энд хүрэлцэн ирсэн манай иргэдийн зүгээс бидэнд хандаж хэлэх санал, мөн асуулт байвал албаны хүмүүстэй хамтдаа та бүхний асуулт, санал хүсэлтэд хариулъя гэж бодож байна. Энд би зүгээр товчхон хоёр, гурван зүйлийг мэдээлье гэж бодсон. БНСУ мэдээллийн технологи маш өндөр хөгжсөн улс. Энд ажиллаж байгаа иргэд Монголын тухай мэдээллийг байнга шууд авч байгаа учраас би олон зүйлийг нурших хэрэггүй байх гэж бодож байна. Ер нь гадаад улс оронд ажиллаж байгаа ард иргэдтэй ярилцахад асууж ярилцдаг хэдэн зүйл байдаг. Нэг дэх асуулт бол энд амьдарч байгаа иргэд, ялангуяа хүүхдүүдтэй холбогдсон асуудал байдаг. Саяхан би Монгол Улсын иргэний харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах санал оруулсан байгаа. Энэ бол ялангуяа гадаадад амьдарч байгаа манай иргэдээс гардаг саналыг хуульд тусгахыг хүссэн. Энд бидний барьсан гол бодлого бол иргэдээ алдахгүй байх. Гадагшаа алдахгүй байх бодлогыг барья гэж шийдсэн. Аав, ээж хоёр нь хоёул Монгол Улсын иргэн байсан ч төрсөн хүүхдийг нь бүртгэж авдаг ч үгүй, орхичихдог хууль манайд бий. Одоо аав, ээж хоёр нь хоёул Монгол Улсын иргэн байвал төрсөн хүүхдийг нь шууд бүртгэж авдаг болно. Монголын хүүхдийн төрсний гэрчилгээ олгоно гэж байгаа. Тэгээд аав, ээжтэйгээ хамт Монгол руу ирэх хүсэлт гаргавал Монгол Улсын иргэний гадаад паспорт олгоно. Аав ээжийгээ дагаад хүүхдүүд нь эх орондоо чөлөөтэй ирэх боломжоор хангаж өгнө. Гаднын иргэн шиг хандахгүй. Монгол хүний хувиар хандах болно.

Арав, хориод жилийн өмнө хүүхдүүд нь гадагшаа гараад ажиллаж байгаа, залуучууд нь гараад ажиллаж байгаа тэгээд хүүхэдтэй болсон, Монголд байгаа өвөө, эмээ нь ачаа үзэх юмсан гээд хүлээгээд сууж байгаа олон хүн байдаг. Энэ боломжоор бид хангах ёстой гэж бодож байгаа. Энэ бол манай гадаадад байгаа иргэдийн зүгээс гаргадаг чухал санал хүсэлтийг Монголын төр өөрийнхөө бодлогоор зөв шийдвэрлэж өгөх ёстой гэсэн ийм бодол байгаа юм. Хоёр дахь зүйл бол гадаад улс орнуудад амьдарч байгаа монгол иргэд, ялангуяа хүүхдүүд монгол хэл соёлоосоо холдохгүй байгаасай гэж бид хүсдэг. Сөүл хотын захиргаанд манай иргэд хандаж, тодорхой газар шийдүүлж, Монголын хүүхэд залуучуудад тодорхой хэмжээний боловсрол олгодог монгол сургууль ажиллуулж эхэлсэн мэдээ бид сонссон. Мэдээж маш цөөхөн хүүхэд байгаа, хангалтгүй байгаа. Тийм учраас бид ярьж, монгол иргэд олноороо суурьшдаг газрын дунд сургуулиудад ялангуяа амралтын өдрүүдээр монгол хэл бичиг заадаг болгох талаар ярьж байна. Мөн гадаадад төрсөн монгол хүүхдүүдэд зориулсан тусгай сурах бичиг байдаг. Тэр сурах бичгүүдийг манай БСШУЯ, Засгийн газар хангаж өгч байя гэж ярьж байгаа. Энд байгаа аав, ээж нь хэрэв тийм хичээл заавал тэр аав, ээжид нь тодорхой хэмжээний тэтгэлэг, цалин өгдөг болъё гэж бодож байна. Mongolian weekend school гэж нэрлээд байгаа. Монголын амралтын өдрүүдээр ажилладаг сургууль гэсэн утгатай. Ийм зүйлийг бас энд товчхон хэлье ээ гэж бодож байна.

Монгол Улсын зүгээс БНСУ-д манай иргэд аялж жуулчлах, ирэх очиход визийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог байх хүсэлтийг бид үргэлж тавьж, ярьдаг байсан. Ер нь энэ асуудал бол шат шатаар шийдэгдээд явж байгаа. БНСУ-ын зүгээс энэ асуудалд маш их анхаарч, анхааралтай хандаж, хоёр талаасаа шийдэж ирсэнд бид маш их баяртай байдаг. Энэ визийн аятайхан дэглэм цаашаа үргэлжлэх нь хоёр орны харилцаанд их чухал гэж бид үзэж байгаа.

Цаашид Монголын эдийн засаг сэргэх, өсөх боломжтой гэж бүрэн итгэж байгаа, би. Манай иргэд ч гэсэн эх нутагтаа ажиллаж, амьдрах боломжоор хангагдана. Эх орондоо ажиллаж, амьдарч, ажлын байраар хангагдах боломж улам нэмэгдэж, сайжирна гэж харж байгаа л даа. Ойрын 2-3 жил энд байгаа монгол иргэдийн тоо нэмэгдсэн байгаа. Энэ нь цаашид нэг их удаан үргэлжлэхгүй байх гэж итгэж байгаа.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагуудын хооронд энэ айлчлалын үеэр санамж бичигт гарын үсэг зурах гэж байна. Манай иргэд их гэрсэг, өөрийнхөө хүнсний бүтээгдэхүүнийг авчрахыг хүсдэг. Тэгээд энэ айлчлалын үеэр нэг зүйл дээр тохирч байна. Монголд боловсруулалтыг нь хийчихсэн, тэгээд хил дээр дарагдсан мэргэжлийн хяналтын байгууллагын тэмдэгтэй тийм бүтээгдэхүүнийг шууд оруулдаг болно. Би ямар бүтээгдэхүүний тухай ярьж байгааг Та бүхэн мэдэж байгаа учраас би энд түүнийг дурдаад яах вэ.

Манай олон иргэн ирж ажилладаг, дээрээс нь эмчлүүлдэг, үнэхээр нутаг усаа хоол ундаа санадаг тохиолдол бий л дээ. Иймэрхүү чиглэлээр бид ярьж байгаа. Мөн БНСУ-аас хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бид ямар ажлууд хийх вэ гэдэг дээр хоёр талаасаа бид тодорхой төслүүдээ тохирч байгаа. Хоёр улсын өнөөдрийн харилцааны түвшинтэй эдийн засгийн харилцааны түвшинг харьцуулбал нэлээд хойно явж байгаа. Ер нь эдийн засгийн харилцаа бол өнөөдрийн хоёр улсын харилцааны түвшинд хүрээгүй гэж бид үзэж байгаа. Энэ нь эдийн засгийн харилцааны салбарт цаашид хоёр тал олон салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллах боломж байна гэж бид харж байгаа. Миний энэ айлчлалын дараа долдугаар сард Монголд Ази, Европын дээд түвшний уулзалт (ASEM) болно. Тэр уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ оролцоно гэж мэдэгдсэн байгаа. Тэр айлчлалын үеэр ч гэсэн бид тодорхой зүйлүүдийг ярилцах боломжтой гэж бодож байгаа.” гэж хэллээ.

Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс өөрсдийн амьдралд тохиолдож буй бэрхшээлтэй асуудлуудаар асуулт асуун хариулт авлаа. Голлон яригдаж буй асуудал гэвэл, төрөөс монголд суралцаж буй оюутнуудад автобусны виза карт, сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг гэх мэтээр олон дэмжлэг, хөнгөлөлт үзүүлдэг. Харин харьд суралцагч бидний хувьд төрөөс ямар ч дэмжлэг ирдэггүй. Тиймээс 70 мянгын тэтгэлгийн үнийн дүнтэй тэнцэх онгоцны тийзний хөнгөлөлтийг оюутнуудад хүртээх боломж бий эсэх талаар мөн БНСУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх асуудлыг оюутнуудын зүгээс тавьж байсан.

Мөн цөөнгүй хүний амьдралд тулгамдсан асуудал болох гэрээгээр ажилладаг хүмүүсийн асуудал уулзалтын үеэр мөн яригдсан. Залуучууд Солонгост гэрээгээр ажиллахаар олноороо ирдэг. Нэг хэсэг нь ардаа үлдсэн гэр бүлээ тэжээж байхад нөгөө хэсэг нь амьдралаа шинээр зохиодог. Гэр бүлийн салалт, тогтворгүй байдлыг өсгөж байгаа энэ хүчин зүйлийн хэрхэн зохицуулах, гэрээгээр ирж байгаа иргэдийн гэр бүлийн гишүүд дагалдан виз авдаг байх, гэр бүлээрээ байж хамтран ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжтой эсэх зэрэг олон асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон албаны хүмүүсээс хариулт авлаа.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Эбэ

      (202.170.80.25) 2016-05-19 09:39
      • 0
      • 0

      Жинхэнэ эцэг, эх дээрээ очсон юм байна л даа :P

      Хариулах