Хорт хавдарын вакцин

Twitter Print
2013 оны 10-р сар 19-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

2010 оны 4-р сард түрүү булчирхайн хорт хавдарын вакциныг АНУ-д албан ёсоор эмчилгээнд ашиглаж эхэлсэн тухай зарлав. Одоогийн байдлаар энэ төрлийн эмчилгээ тус улсын 600 гаруй эмнэлэгт хийгдэж өвчлөлийн сүүлийн шатанд орж, найдваргүй гэгдсэн өвтнүүд ч бүрэн эдгэрэх зэрэг эмчилгээний үр дүнг үзүүлж байна. Бусад төрлийн хорт хавдарын вакцин одоогоор судалгааны түвшинд байгаа боловч мэс засал, цацраг туяа, эмийн эмчилгээний дараа орох үр ашигтай эмчилгээний аргад тооцогдож байгаа юм. 

Энэ арга нь хүний биеийн дархлалын системийн боломжид тулгуурлаж хавдарын өсөлтийг зогсоож цаашид бүрэн устгах, нөгөө талаас хорт хавдар тусах эрсдлээс бүрэн хамгаалах ач холбогдолтой юм. Хүний биед хорт хавдарын эсүүд үүсэхэд дархлалын систем түүний эсрэг тэмцэж эхэлдэг байна. Гэвч хавдарын эсүүдийн хуваагдан өсөх чадвар өндөр учир тэдгээрийг бүрэн устгаж амждаггүй. Улмаар хавдарын өсөлтийн сүүлийн шатанд бусад эрхтнүүдэд тархаснаар эмчлэх боломжгүй болж, өвчтөнг үхэлд хүргэдэг. Иймд эрдэмтэд дархлалын эсүүдийн ажиллагааг идэвхжүүлэх замаар хорт хавдарыг ялах аргыг эрж хайсаар иржээ.

Хорт хавдарын эсийг устгахад дархлалын системийн "устгагч Т" эс (killer T буюу cytotoxic T cell) гол үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ механизмыг одоогоос 40 жилийн өмнө Белгийн Лүүвэн католикийн их сургуулийн профессор Тиэри Бүүн (Thierry Boon) санамсаргүйгээр олж нээжээ. Тэрээр туршилтын хүрээнд хорт хавдараар өвчлүүлсэн хулганы биед хорт хавдарын эсийг тарьсан байна. Гэтэл зарим хулганы хавдар бүрэн эдгэсэн сонирхолтой үр дүнг ажиглажээ. Тэрээр судалгааны баг бүрдүүлэн, хавдарын эдгэх механизмийг тодорхойлох судалгааг эхлүүлсэн байна.

Улмаар "устгагч Т" эс голлох үүрэг гүйцэтгэж, эсийн гадаргад байрлах пептид хэмээх уургийн нэгдлээр баримжаалан хавдарын эсийг бусад эрүүл эсээс ялган таньж устгадаг болохыг 1985 онд нээжээ. Мөн хүний арьсны хорт хавдарын эсийн пептидийг 1990 онд илрүүлэн, түүнийг агуулсан вакцин бүтээж туршихад хүний арьсны хорт хавдар бүрэн эдгэсэн тохиолдол ч гарав. Энэ үеэс эхлэн олон орны эрдэмтэд вакцин бүтээх судалгааг эрчимтэй хийж эхлэв. Гэвч хорт хавдарын эсүүд төрөл (элэг, хөх, уушигны хорт хавдар гэх мэт)-өөс хамааран өөр өөр хэлбэрийн пептидүүдийг агуулдаг нь судалгаанд урт удаан хугацаа зарцуулах шалтгаан болжээ.

Мөн нэг төрлийн хорт хавдарын эсүүд олон янзын пептидүүдийг агуулдагаас тэдгээрийн яг аль нь "устгагч Т" эсийн таних баримжаа болж байгааг илрүүлэхэд хүндрэлтэй байжээ. Энэ бүхэн хангалттай үр дүн бүхий вакцин бүтээгдэх цаг хугацааг уртасгаж байв. Гэтэл 2004 онд нэгэн судалгааны өгүүлэл хэвлэгдэв. Тухайн үед бүтээгдээд байсан туршилтын вакцины 500 төрлийг 440 өвчтөнд хийж туршихад эмчилгээний үр дүн дөнгөж 2.6% байв. Энэ өгүүлэл хорт хавдарын вакциныг үр ашиггүй хэмээх ойлголтыг төрүүлж судалгааны ажилд цэг тавих нөхцөл үүсчээ. 

Харин Токио их сургуулийн профессор Накамура Юүскэ дархлалын эст танигдах зөв пептидийг олж илрүүлэх нь вакцины эмчилгээний үр дүнд нөлөөлнө гэж үзээд 1000 гаруй өвчтны хорт хавдарын эсийн дээжийг авч нарийвчлан судлаж эхэлсэн байна. 10-аад жил үргэлжилсэн судалгааны явцад төрөл бүрийн хавдарын хэдэн мянган пептидийг илрүүлж, тэдгээрийг нэг бүрчлэн "устгагч Т" эстэй нийлүүлэн туршив. Эцэст нь 90 орчим төрлийн пептид дархлалын системийн эст танигддагийг тогтоосноор хорт хавдарын вакцины судалгааг шинэ шатанд гаргажээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-д гэхэд л зөвхөн хорт хавдарын вакцин бүтээх зорилготой бүхэл бүтэн судалгааны төв ажиллаж байна. Хэдийгээр эдийн засгийн байдал тийм ч сайн биш байгаа ч тус улсын засгийн газраас вакцины судалгаанд зориулагдах төсвийн хэмжээг бууруулаагүй байна. Мөн эм үйлдвэрлэгч компаниуд бие даасан судалгаа хийж, зарим компани вакцины сүүлийн шатны туршилтыг өмнөд америк, европ, азийн 30 гаруй оронд нэгэн зэрэг эхлүүлээд байна. Энэ нь эмийн бүтээгдэхүүн улс болгонд холбогдох зөвшөөрлийг авч байж эмчилгээнд нэвтэрдэг учир цаг хожих зорилготой юм.

Япон улсад жил бүр 700 мянган хорт хавдараар өвчилдөгөөс хагас нь (хоногт 1000 хүн) нас барж, тус улсын хүн амын нийт үхлийн шалтгааны эхний байрыг хорт хавдар эзэлж байна. Хорт хавдарын судалгаагаар дэлхийд тэргүүлдэг тус улсад нойр булчирхайн хорт хавдарын вакцины туршилт сүүлийн шатанд шилжиж, одоогийн байдлаар 40 эмнэлэгт 300 өвчтөнг хамарч байна. Туршилт 2 жилийн дараа дуусах бөгөөд эмчилгээнд ашиглаж эхлэх хүртэл дахин 2-3 жилийн хугацаа шаардагдах ажээ. Мөн  улаан хоолой, уушиг, элэг, нарийн гэдэс зэрэг 7 төрлийн хорт хавдарын вакцинийг өвчтнүүдэд туршиж эхлээд байна.

Хорт хавдарын вакцин нь дархлалын системийн эст танигдах пептидийг их хэмжээгээр агуулдаг. Түүнийг дархлалын эсүүд төвлөрсөн биеийн хэсэгт тарихад бие махбодид хорт хавдарын эсүүд их хэмжээгээр үүслээ хэмээх дохиолол үүсдэг байна. Үүний улмаас хорт хавдарын эсийг устгах чадвартай "устгагч Т" эсүүд олноор бий болж хавдарыг өсч томрохоос нь өмнө устгадаг байна. Мөн сүүлийн шатандаа орсон хавдарын өсөлтийг зогсоож, улмаар бүрэн устгах, хавдар дахин давтагдахаас сэргийлэх чадвартай юм.

Тухайлбал өсөлт харьцангуй хурдан гэгддэг нойр булчирхайн хорт хавдар бүхий өвчтний хавдарын хэмжээ вакцины туршилтын эмчилгээний үр дүнд 2 жилийн хугацаанд тогтмол хэмжээнд байна. Нойр булчирхай нь ходоод, элэгний ард байрладаг учир хорт хавдарыг илрүүлэхэд хүндрэлтэй, ихэвчлэн өвчлөл хүндэрч 3-4-р шатанд орсон үедээ илэрдэг байна. Тэгвэл ийм төрлийн хавдарын хэмжээ томорч, элгэндээ үсэрхийлэн эмчилгээгүй гэгдсэн өвчтөн шинэ вакцины тусламжтайгаар бүрэн эдгэсэн тохиолдол ч гарчээ.

Мөн давсагны хорт хавдар туссан нэгэн өвчтөн 2 жилийн дотор 5 удаа мэс засал хийлгэж дахин үүссэн хавдараа авхуулж байжээ. Харин вакциний эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш 4 жилийн хугацаанд өвчлөл нэг ч удаа дахин давтагдаагүй байна. Түүнтэй хамт туршилтад оролцсон 134 өвчтний 98-д нь дархлалын системийн идэвхжил ажиглагдсан бол 80 өвчтний биед 2 жилийн хугацаанд хавдар дахин үүсээгүй байна.

Цацраг туяа болон эмийн эмчилгээ нь дотор муухайрч, ядарч сульдахаас авхуулаад үс унах хүртэл хүний биед үзүүлэх сөрөг нөлөө их байдаг. Тэгвэл вакцины эмчилгээ нь ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүйгээрээ давуутай юм. Гэхдээ туршилтын хүрээнд хийгдэж байгаа ийм төрлийн эмчилгээ нэлээд удаан хугацаа шаардаж байна. Эмчилгээг долоо хоногт 1 удаа тарилга хийлгэх маягаар 2-оос дээш жилийн хугацаагаар үргэлжлүүлэн хийх шаардлагатай юм.

Эх сурвалж: robomec.blogspot.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.