Ирэх бямба гарагт Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо

Twitter Print
2016 оны 05-р сар 18-нд 16:01 цагт
Мэдээний зураг,

Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн бурханы хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гээд гурван их үйл давхацдаг энэ өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин үрждэг хэмээн үздэг. Бурхан багшийн их дүйчин өдрийг Монгол улс 26 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бурхны шашинт Азийн бүх улс тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил эрүүл мэндийн байгууллага, хүүхдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсийг олноор зохион байгуулахаар төлөвлөсөн хэмээн Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд онцоллоо. Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж хандивласны адил бусад хот, нийслэлд энэ сарын хугацаанд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг төрийн бус байгууллага, сүсэгтэн олны хандиваар бэлэглэж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохиох юм байна. Мөн мод тарих, цэцэгжүүлэх ажлыг ч хийх юм. 

Бурхан багшийн Их дүйчин өдрийн албан ёсны арга хэмжээ энэ сарын 21-ний өглөөний 05.00 цагаас Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн сахил хүртээх, Сожон өгөх үйл ажиллагаагаар эхэлнэ. Улмаар Бурхан багшид тахил өргөх, ламын чодбын хурал, Ганжуур данжуур судартай гороогоор үргэлжлээд Чингисийн талбайд 11.00-12.00 цагийн хооронд  болох “Гэгээн гэрэл флашмоб”-д 2080 хүн бясалгах аж. Бурхан багшийн Их дүйчин өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин арвиждаг тул буянаа арвижуулахыг хүссэн бүхнийг эдгээр үйл ажиллагаанд урьж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.