Кентаккийн сунгаанд Хиллари Клинтон хэдхэн хувийн саналаар ялав

Twitter Print
2016 оны 05-р сар 18-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн шөнө Америкийн Кентакки муж улсад явагдсан тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ардчилсан намын нэр дэвшигчид хэдхэн хувийн зөрүүтэй ялалт байгуулсан байна. Энэ сунгаанд гол өрсөлдөгчид болох сенатор Берни Сандерс болон Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар ердөө 46-47 хувийн саналын зөрүүтэй байсныг CNN тэмдэглэсэн байна. Харин эцсийн дүнгээр Клинтон 2000 саналын зөрүүгээр 0,4 хувийн санал илүү авч ялжээ.

Сонгуулийн тойргуудаас ирж байсан дүн мэдээгээр хоёр өрсөлдөгчийн аль нь ялах нь тодорхойгүй, эн тэнцүү өрсөлдөөн болж байжээ.

Америкийн Ардчилсан намынхны хувьд Кентаккид 55 төлөөлөгчийн санал авах шаардлагатай. Харин энэ зун хуралдах тус намын их хурлаас хоёр өрсөлдөгчийн хэн нь тодрохыг шийдвэрлэх үе ирнэ. Тиймээс тэдний нэг 2383 санал цуглуулсан байх ёстой аж.

New York Times сонингоос тооцоолсноор 2240 санал цуглуулаад буй Клинтон одоо ердөө 143 санал авах дутуу байгаа бол Сандерс 1473 төлөөлөгчийн санал аваад байгаа тул өрсөлдөгчөө гүйцэх найдлага алга болжээ.

Гэвч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч ялалт байгуулах нь эргэлзээтэй асуудал болоод байгаа билээ. Учир нь Хиллари Клинтон авлигын хэрэгт холбогдоод байгаа бөгөөд нөхрийнхөө хамтаар Ойрхи-Дорнодын орнуудын удирдагчдаас 100 сая шахам доллар авсан хэрэгт сэжиглэгдэж байна. Эхнэр нөхөр хоёр өөрсдийн Клинтон сангаар дамжуулан хүний эрхийг үл хэрэгсдэг Кувейт, Саудыг Араб, Оман, Катар зэрэг орны тэргүүнүүдээс мөнгө авдаг байсан гэх хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос шалгаж эхлээд байгаа билээ.

Энэ зэрэгцээ Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан ажилдаа хувийн мэйл хаягаа ашиглаж байсан нь тодорхой болж, уг хаягаар нь Хятад, ОХУ зэрэг олон улс орны тагнуулын байгууллагууд нууц мэдээлэл олж авсан байх магадлалтай аж. АНУ-ын холбооны мөрдөх товчооноос энэ хэргийг одоо шалгаж байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.