Сонгуулийн сурталчилгаа явуулах телевизийн тоог нэмэгдүүллээ

Twitter Print
2016 оны 05-р сар 17-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдсэн байна. Хуулиараа сонгууль болохоос 14 хоногийн өмнөөс нэр дэвшигчид сурталчилгаа явуулах эрхтэй. Тэгвэл энэ жил хөдөө орон нутагт цацагддаг өргөн нэвтрүүлгийн тоотой хэдэн ТВ-үүдэд сонгуулийн сурталчилгаа явуулах эрх олгохоор журамд заасныг сувгийн телевизүүд эсэргүүцэж, улмаар 50 гаруй телевизийн төлөөлөл СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон ШӨХТГ-т өнгөрсөн долоо хоногт шаардлага хүргүүлсэн байна.

Тус шаардлагад "Сонгуулийн тухай хуулинд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг телевиз, радио сонгуулийн сурталчилгаанд оролцох ёстой. Гэтэл СЕХ-оос гаргасан журамд 16 телевизээс бусад кабелийн телевизүүдийг сонгуулийн талаархи мэдээ, мэдээлэл, сурталчилгаа явуулахгүй байхаар журамласан нь иргэдийн үнэн бодит мэдээ, мэдээлэл авах эрхийг боогдуулсан шийдвэр болж байна" хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.. 

Сонгууль жижиг мажоритар 76 тойргоор явагдахаар тогтчихсон. Их хуралд л гэхэд хамгийн багаар бодоход 11 нам эвсэл, бие даагч нийлээд 1000 гаруй хүн өрсөлдөнө. Орон нутагт ч мөн ялгаагүй энэ тооны хүн өрсөлдөнө гэж тооцоолохоор тэр 16 телевиз 20 хоног ч хүрэхгүй хугацаанд гишүүдийг танилцуулж чадахгүй талаар "Медиа Порт" телевизүүдийн консорциумын тэргүүн Ч.Батцэнгэл хэлж байсан. Тэрбээр "Сонгуулийн тухай хуулинд нэг телевиз өдөрт 60 минутын нэвтрүүлэг гаргана. Үүний 15 минут нь нэг нам, эвслийн тухай буюу нэг хүний талаарх мэдээллийг хүргэнэ гээд заачихсан. Ингээд бодохоор яагаад ч амжихгүй. Энэ нь иргэдийн үнэн зөв сонголт хийх эрхтэй харшлаад байна. Хуулиндаа болно гэчихээд журмаараа болохгүй гээд байгаа нь хачирхалтай байна. Мэдээж энэ 16 телевизийн ард улс төрчид бий. Энэ нь өөрсөддөө боломж олгож бусдад боломж олгохгүй байна гэдэг хардлагыг төрүүлж байна" гэсэн. Тэдний үзэж байгаагаар энэ шаардлага нь хууль ёсны шаардлага бөгөөд хэрэв хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд авсан.

Тэгвэл ирэх сард болох УИХ-ын сонгуулийн үеэр мэдээ мэдээлэл, сурталчилгаа явуулах телевизийн тоог нэмэгдүүлж, өргөн нэвтрүүлгийн 16 телевиз дээр нэмж доорхи нэр бүхий телевизүүдэд эрх олгосон байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.