Туйлын зугаатай бие даагчид

Twitter Print
2016 оны 05-р сар 18-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс Үндсэн хуульдаа “Аливаа хүн сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасныг амьдрал дээр яруу тодоор нотлохоор энэ удаагийн УИХ-ын сонгуульд Монгол орны өнцөг булан бүрээс 86 орчим бие даагч “Эрийн зориг, эмийн гоо төрх”-өөр  зэвсэглэж аваад СЕХ-нд бичиг баримтаа бүрдүүлэн өгчээ. За “Эрийн зориг, эмийн гоо төрхтөн”-гүүдийн ажил мэргэжил, нас зүсийн хувьд жинхэнэ сонгодог “эрээвэр хураавар”-ын цуглуулга бүрдсэн байна. Аргагүй шүү дээ, тэд чинь бие даасан улс юм чинь. Тэдгээр зоригтнуудын дунд дуучин, жүжигчин, бөө удган, зохиолч, уяач, сайн дурын улстөрийн ажилтан, Ард түмний гавьяат багш, заргалдан тэмцэлдэгч, уртын дууч, бэлтгэл офицер, амьтан сургагч гээд ёстой л “есөн шид нь бүрдэнэ” гээч болтол цугларцгаасан байна лээ.

Одоо жишээ нь Ард түмний гавьяат багш Арго ард түмнийхээ халуун дэмжлэгийг хүлээсээр УИХ-ын дугуй заалны дундах “амьтад”-ын тоог нэгээр нэмж гэмээнэ энэ УИХ-ын дарга З.Энхболд Ц.Нямдорж гишүүний зарим үгийг “орчуулж” байсан шиг дараагийн УИХ-ын дарга нь Ард түмний гавьяат багшийн ихэнх үгийг орчуулах гэж шар махтайгаа хатаж таарна. Дуучин Нара хүүхэн телевизийн камер өөр рүү нь хандахаас өрсөөд зүс царайгаа тольдох гэсээр суутал хэлэлцэж байгаа асуудал нь шуударч, санал хураалт эхэлчихсэн байх жишээний. Тэгвэл хэзээнээсээ алдарт, манлай уяачдаараа алдартай УИХ-д бас нэг Тод манлай уяач ханхайгаад ороод ирвэл эрхэм Тод манлай, алдарт уяачид нийлж аваад юу яасан хуулийн төсөл болж “Тэдний уяан дээр нэг аятайхан шүдлэн харагдаад байна, энэ жил төл сайтай азарганы үнэ байрны үнээс даваад явчихлаа” гээд пижигнэлдэж гарна.

Удахгүй хэрэг мандаж Бөхийн өргөөнд дүүрэн хүн шавуулчихаад түрүүвчээр нь ороолгож зодоод байдаг өнөөх гайхал Сарандаваа авгай УИХ-ын гишүүн хүүхнүүдийг “Хуушуурдах” нэрээр өрөөндөө цуглуулчихаад төд удалгүй өнөөдүүлээ том том түрүүвчээр нь ороолгож хэрэг мандаана. Энэ хойгуур заргалдан тэмцэлдэгч бие даагч зүгээр суухгүй Ерөнхий сайдын өрөөний үүдэн дээр харайлгаж очоод “Намайг оруулаатах. Оюутолгойн далд уурхайн ажлыг яах гэж эхлүүлж байгаа юм. Монгол Улсыг ямар их өрөнд оруулж байгаагаа танай наад Ерөнхий сайд шиг юм чинь мэдэхгүй шүү дээ” гээд цамнаж өгнө.

Харин гэмгүй томоотой уртын дуучин маань гэнэтхэн УИХ-ын гишүүн болчихсон их хувь заяандаа сая л итгэж байсхийгээд л өрөөндөө шуранхай хадааж ордны хамгаалалтынхныг түргэн авахуулна. Амьтан сургагч яах вэ дээ “Урьд нь би гурав дөрөвхөн амьтантай ажиллаад болоод байдагсан. Харин энд чинь 76 амьтан байдгийг мэдээгүй учраас жаахан туршлага дутах шинжтэй” гэсхийгээд толгойгоо илмэр болно. Эрхэм бие даагчдын зугаатай учрал тохиолуудыг яриад байвал цаг цаас хүрэлцэхгүй тул ингэсгээд зогсоё. Харин энд гэж хэлэхэд “Улс төрөөс Нараагаа авчихвал манайх урлагаас Гүндалайгаа татлаа” гэсэн үг хэрэгжиж ирэх УИХ-ын дугуй танхимд өнөөх Л.Гүндалай харагдахгүй байвал хэл ам, хийрхэл галзуурал арай жаахан намжих нь тодорхой. Гэхдээ эрхэм бие даагчид “Мордохын хазгай” гэгчээр УИХ-ын дугуй танхимд 76 “амьтан”-ы нэгээр нэрлэгдэн орж ирэхээсээ өмнө цахим орчинд баахан шуугиулж, фэйсбүүк, твиттерийн орчинд хэдэн лайк цуглуулсан болж, нүүрээ нууж суучихаад фэйсийн нөхдүүдээсээ ирэх “чи мундаг, чадна” гэсэн ёжлож,  шоглосон үгэнд хэтэрхий итгэн хөөрч, төөрснөөсөө болоод УИХ-д орж ирэхээсээ өмнө тараа таниулчихсан нь жаахан тоогүй.   

Эрхэм бие даагчдын эцсийн зорилго, хүсэл мөрөөдөл нь өмнөх парламентын гишүүн ах эгч нар шигээ дөрөвхөн жилийн дотор дэлхий даахгүй болтол баяжиж, улсаа засах биш гэрээ засах мөрөөдөл нь дөрөвхөн жилийн дотор биелэх боломжтой болсонд нисэх шахан баясна. 

Иргэдийн амьдрал туйлдаа хүртэл ядуурснаас сонгогчид энэ удаа төрөөс төрсөн тэрбумтнууд, хэдэн удаа улиран сонгогдсон гишүүдийг нэг нүдээрээ ч харахаа байсан нь эрхэм бие даагчдад алтан боломж олгон биеэ ч засаж амжаагүй бие даагчид ийнхүү 76 “амьтан”-ы ихэнх болчихно.

УИХ-д олонхи болчихсон эрхэм бие даагчид Засгийн газраа байгуулах гэж шар махтайгаа хатаж “Хэнийгээ Ерөнхий сайд болгох вэ” гэж баахан мунгинасны эцэст “Олон хэл мэддэг юм” гэсхийгээд Арго багшийгаа Ерөнхий сайдад өргөмжилж хэрэг мандаана. Тэгж байтал “Гадаад хэргийн сайд хүн гайгүй зүс царайтай байвал зүгээр” гэцгээсээр Нара хүүхэн Монгол Улсын гадаад бодлогыг атгахаар дүүхэлзэнэ. Харин Сангийн сайдаар өрсөлдөгч байхгүй Сарандаваа авгай тодорч хүн ороолгодог түрүүвч нь шуудайнаас том болоод явчихна. Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын даргаар “Олон түмэндээ хайрлагдсан дуучин” гэсээр Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан ханхайтал тодорно. Ийм л сонин сайхан бие даагчдыг гаргаж ирэх жигтэйхэн цэнгэлтэй сонгууль удахгүй болно доо.   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (108.171.131.171) 2016-06-02 02:42
      • 0
      • 0

      hugiin Ih Hural boloh yum bna daa , shog yum heleh ch ug alga

      Хариулах

    • mng

      (103.10.22.55) 2016-05-19 15:30
      • 0
      • 3

      bugd hereggui ee . odoo bie daagchid demii dee ..! namaa dagaad harin dotor bgaa shine um hiih zaluu sain bolovson huching songoh heregtei ..!

      Хариулах

    • Батхүү

      (103.212.119.217) 2016-05-18 00:42
      • 0
      • 3

      Садар самууныг сурталчилдаг эмэгтэй, эрүүгийн рецидив гэмт хэрэгтэн гэх хүмүүс нь эх орноо худалдаж идсэн луйварчдаас арай дээр юм даа гэж сонгох юм уу хаашаа юм. Оюунлаг ухаантнууд нь бөөлжис нь цутгаад улс төрөөс зугатаад байдаг. Тэгээд ч мөнгийг нь дийлэхгүй намууд айж байхад муусайн эрдэмтэд яалтай ч билээ. Бусармаг тогтолцоо, буруу хуулийн л үр дагавар шүү дээ. Тэнгэр заяат Монгол түмний төрийн алтан цулбуур ингэж алдуурах гэж. Ийм цаг үе үздэг би мөн азгүй хүн ээ. Тэнгэр өршөө бурхан минь

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.132) 2016-05-17 15:51
      • 2
      • 2

      Жавхлангаас Нараа дээр Нараад бодол байхгүй ч бүтээе гэсэн сэтгэл бий

      Хариулах

    • Зочин

      (139.5.219.106) 2016-05-17 10:46
      • 1
      • 3

      Жавхлан бол болж байноо.

      Хариулах

    • гоё

      (202.9.41.51) 2016-05-17 10:36
      • 0
      • 1

      ёстой гоё

      Хариулах

    • гоё

      (202.9.41.51) 2016-05-17 10:36
      • 0
      • 1

      ёстой гоё

      Хариулах

    • zochin

      (103.26.193.85) 2016-05-17 10:31
      • 1
      • 5

      javhlan bol eh ornoo gesen setgeltei hun hiisen yumtai heleh ugtei tiimees bi demjdeg demjihch bno

      Хариулах