Өнөөдөр та бидний түүхэн намтрын өдөр

Twitter Print
2016 оны 05-р сар 16-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Хөөрхий бидэн, хүний заяанд төрсөн амьтас. Эрдэнэт хүний мах, цусанд төрөх хутаг заяа олсон ч гэсэн бидний хувь тавилан үнэндээ тун харуусалтай охор бөлгөө. Хүй их орчлонд хүн гэдэг тэгэхээр хумхын өчүүхэн тоос лугаа адил. Тиймээс ихэс дээдсээр тогтохгүй, эгэл барлаг заяанд төрсөн хүмүүн бүхэн мөнхийн ус хүртсэн мэт шидийг олж, нартыг тольдох насаа уртасгахыг бодно. Гэвч санасан бүхэн санаагаар болдоггүй хорвоо хойно яалтай ч билээ. Энэ ч учраас  хүн төрөлхтөн туулсан зам, үзсэн харсан амьдрал ахуй бүхнээ хүүрнэх намтар түүх бүтээж үр хойчдоо өвлүүлэхийг чухалчилдаг гэмээр.

“Нэртэй хүний зүстэй хүү”, “Сайн хүний үр, сүүтэй гүүний унага” гэх зэрэг ам дүүрэн хэлдэг үгс ч намтар түүхээ мэддэг хүний үг гэлтэй. “Нэр хугарахаар яс хугар” хэмээх үг харин амьдралдаа сайн сайхан мөртэй, хийж бүтээхээ хичээж явдаг  хүний үг биз. Гэтэл ахуй, амьдралдаа туулсан зам мөрөө дээдлэх гэсэн хүн хүний эл хичээл зүтгэлийн утга учрыг тусгайлан тэмдэглэдэг дэлхий нийтийн өдөр байдаг аж. Тэр нь өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг  “Түүх намтрын өдөр” (Biographers Day) хэмээн тавдугаар сарын 16-нд тэмдэглэдэг болсон явдал их эртнээс эхтэй аж. Боловсрол мэдлэгтэй, үүх түүхээ мэддэг хүмүүс энэ өдөр Сэмүэл Жонсон (Samuel Johnson, 1709-1784) өөрийн намтар түүхийн бичээч Жеймс Босүэлл (James Boswell, 1740-1795) нарын анх уулзалдсан өдрийг дурсан, ёсорхон тэмдэглэдэг гэж байгаа. Эл хүмүүс тэртээ 1763 оны хавар Лондон хотын нэгэн номын дэлгүүрт анх танилцаж байсан бөгөөд тэдний удаан жилийн нөхөрлөлийн дүнд 1791 онд «Сэмүэл Жонсоны амьдрал, замнал» нэртэй хоёр боть намтар хэвлэгдэн гарч байсан түүхтэй аж.

Сэмүэл Жонсон буюу Доктор Жонсон хэмээн алдаршсан уг эрхэм 18-р зууны хоёрдугаар хагаст хэл бичгийн ухааны аугаа эрдэмтэн, яруу найрагч, алдартай шүүмжлэгч гэдгээрээ нэрд гарч байсан бөгөөд анх удаа «Англи хэлний тайлбар толь» (Dictionary of the English Language) гаргаж байснаараа цуутай нэгэн. Уг бүтээл дээрээ есөн жилийн нөр их хөдөлмөр зарцуулсан түүний амьдрал, замналыг Шотланд гаралтай зохиолч, намтарч Жеймс Босүэлл намтарчлан буулгасан гэдэг. Жеймс он удаан жилийн хугацаанд түүний хэлсэн хурц мэргэн үгс, ончтой шүүмжлэлийг сонсож, яриа хөөрөөн дундаас нь аугаа их түүх намтрыг бүтээж байжээ. Тиймээс ч «Сэмүэл Жонсоны амьдрал замнал» ном англи хэл дээр хэвлэгдсэн гайхамшигтай түүх намтар болсон гэж утга зохиол шүүмжлэгчид өнөө хүртэл онцолдог байна.

Хувь хүний түүх намтрыг бичиглэн буулгах “биографиа” хэмээх нэр томъёо эртний Грекийн “амьдрал” болоод “бичих” гэсэн хоёр үгийн нийлбэрээс үүдэлтэй нэршил аж. Өөрөөр хэлбэл, хүний амьдралын туулсан замыг нэг болоод нилээд хэдэн хүн бичиглэн үлдээснийг биографиа буюу намтар гэдэг байна. Туйлбартай үнэн түүхэн баримт болох энэ намтар, дурсамжийн үр дүнд аль цаг үед алдар гавъяагаа дуурсгасан олон хүний амьдрал замналыг хойч үеийнхэн танин мэдэх болсон билээ. Харин түүхэн тодорхой баримттай тийм намтруудын анхны нэг нь эртний Грекийн гүн ухаанч Плутархынх гэж үздэг байна.

Харамсалтай нь, түүх болгон гуйвуулж мушгилгүйгээр, үнэн бодитоороо өнөөдрийг хүрч ирсэн нь ховор байдаг бөгөөд  олон ч алдартнуудын амьдрал намтар өдгөө бүрхэг, цагаан толбо болон үлдсэнийг хэлж барахгүй. Тухайлбал манайд гэхэд их зохиолч Д.Нацагдоржийн түүхэн зам мөр тун “будлиантай”, энэ нь нэг талаас коммунист үзэл суртлын хэлмэгдүүлэлт, нөгөө талаас шинэ тутам байгуулагдсан тулгар төр улсын алдаа завхралтай холбоотой. Энэ мэт жишээ баримт аль ч улс оронд байдаг учир цаад учигт үзүүрт нь янз янзын алдаа эндэгдэл оршиж байдаг гэлтэй. Тэгээд ч энэ тэмдэглэлт өдөр алдар гавъяа, аугаа их нэр төрийн сүүдэрт үлдэж хоцордог намтар түүх туурвигчдын хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэх ёстой өдөр.

Магадлалын  хуулиар үзвэл, түүх гэдэг  хэзээ ч ор мөргүй устаж алга болохгүй баримт. Түүх, соёлын дурсгалд бичигдэж үлдээгүй байлаа ч гэсэн ам дамсан олны яриа хөөрөө, домог туульс дунд үнэ бодит түүх  намтрын улбаа хөвөрсөөр байдаг билээ. Энэ ч үндсэн дээр түүх намтар хэрвээ бичиг соёлын дурсгал дээр буусан л цагт  уншиж судлах хүн хэзээд олдоно гэдэг үг бас бий.

Нэн орчин үеийн гэхэд болох ийм нэгэн сонирхолтой явдал хүн төрөлхтний түүхэнд үлдэж хоцорчээ. Энэ нь яах аргагүй нэгэн хувь хүний амьдрал тэмцлийн намтар. Өөрийнх үр хойчис,  хүн төрөлхтөнд дурсагдахаар сонирхолтой түүх юм. Чухам тэр түүхийг өгүүлвээс, Их Британийн уугуул иргэн Брэндон Гримшоу сонины редакторын ажил хийдэг байжээ. Тэрээр нэгэн удаа ажлын шугамаар Африк руу явсан аж. Тэнд, Сейшелийн арлуудын бүрэлдхүүнд ордог нэгэн жижгэвтэр арлыг худалдаж авахыг түүнд санал болгосон байна.

Энэ үйл явдал тэртээх 1960 онд болсон бөгөөд тухайн үед Брэндонд 8000 фунт стерлингээр арлыг худалдаж авахыг санал болгосон нь түүний хувьд тийм ч их мөнгө биш байлаа.

Энэтхэгийн далайд орших энэхүү бяцхан газрын нэрийг Мойенн /Moyenne/ гэдэг байсан бөгөөд хожим Гэгээн Аннагийн арал болон өөрчлөгдсөн билээ.

Уг саналыг сонсоод ноён Гримшоу “Яагаад болохгүй гэж?” хэмээн бодон, тэрхүү өвөрмөц наймааг хийсэн байна. Энэ өдөр алсдаа түүний амьдралыг насан туршид нь өөрчлөх юм гэдгийг тэрээр хэрхэн мэдэх билээ.

Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрсний дараа буюу 1973 онд сэтгүүлч эр Англиас яван, өөрийн худалдаж авсан арал дээрээ очин суурьшжээ. Тэрээр өөрийн дуртай ажлаа орхин, амьдралаа ахин цоо шинээр эхлүүлэх хүсэл эрмэлзлэлтэйгээр арлыг зорьсон байна. Ингээд хүсэл мөрөөдлөөсөө өөр юу ч үгүйгээр арал дээр буусан аж.

Европ эрийн зорьж очсон арал аль хэдийн орхигдсон газар болсон бөгөөд бүхий л газар нутаг нь зэрлэг ургамлаар бүрхэгдэн, явахад ч түвэгтэй болсон байв. Гэвч энэ бүхэн Брэндоны эрч хүчийг мохоосонгүй.

Эхний үед тэрээр арлын нэг захаас нөгөө рүү сэлэх маягаар хүрэлцэн очиж байжээ. Энэ үеэс тэрээр өөрийн эдлэн газраа тордохоор шийдэн, зам харгуй гарган, мод суулгаж эхэлсэн байна.

Тэр арал дээрээ яг л Робинзон Крузо шиг ганцаараа амьдарч байв. Харин энэхүү “цагаан Робинзон” мөн өөрийн гэсэн “Баасан”-тай болсон байна. Түүнийг Рене Антуан Лафортен гэдэг байсан бөгөөд Маэгийн оршин суугч байсан аж. Тэрээр Мойеннед байнга байдаггүй, ноён Гримшоуд туслахын тулд хааяа ирж, очдог байжээ. Тэд хамтдаа байшин барьцгаан, байгаль орчноо тордож эхэлсэн байна.