УИХ-ын дугуй заалны “амьтад”…

Twitter Print
2016 оны 05-р сар 17-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Монголын улстөрч нэртэй дөрвөөс 12, за тэгээд зарим нэг нь 26 жил УИХ гээч хошин шогийн теарт алиалагч хийцгээж, хажуугаар нь ард түмнийхээ баялгаас ахиухан хулгайлж, гадаадад гарган “булах” сонирхол нь бүр солиорол болчихсон үнэхээр гайхан балмагдаж, гайгүй сайн гөвшмөөр этгээдүүд байх юм. С.Баярцогт, Ц.Нямдорж, Н.Батбаяр, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нар Монголын парламент гээчийг хамгийн олон жил зайдагнаж суугаа “настан”-гууд. Хүний амьдралаар бол 25 жил гэдэг амьдралаа аль эрт төвхнүүлчихсэн, алдаж оносон бол түүнийгээ ухаарч засч залруулаад зөв замдаа орчихсон байдаг үе билээ. Гэтэл өнгөрсөн 26 жилд буг болж суусан эдгээр товаришууд чухам ямар ажил амжуулж, Монголын ард түмэнд өгөөжтэй, хожмын үрсэд маань тус нэмэртэй ямар хууль батлан гаргасан гэхээр үнэндээ үзээд өгье гэсэн ч байхгүй.

Харин ханцуй дотроо наймаалцаж, ажлын цагаа эвшээлгэж дуусгангуутаа Улаанбаатарын аль үнэтэй тансаг, хүний хөл хөдөлгөөн багатай ресторан, бааруудад хэд гурваараа хэлхэлдэн орж “Хөгшин чинь Сангийн сайд болмоор байна. Танай бүлгээс хоёр гуравхан гишүүний санал л хэрэгтэй байна. Тооцоог ямраар ч хийж болно гэх юм уу Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын цаана ямар янзтай унац байгааг та нар нэг сайн бодоод үз л дээ” хэмээн наймаалцаж явсныг нь тохой залган суухдаа хэн нь хэнтэй хэрхэн тохиролцон наймаалцаж явдгийг “хар дэвтэр”-тээ буулгаж суудаг нэгний ам алдсан үг юм шүү. “Моод Монголоор дуусдаг” хэмээх тааруухан үг байдаг. Монголчууд гадны юмыг хуулбарлан дуурайхдаа муу хэлдэг хятадуудаасаа нэг их хол дутахгүй. Түүний баталгаа нь 1990 оны хувьсгалын дараа парламентын засаглал гэгч Англи, АНУ, Франц зэрэг барууны ертөнцөд 200 гаруй жил оршин тогтноод одоо ч гүйцэд төлөвшиж амжаагүй засаглалын хэлбэрийг тэр чигээр “туугаад” оруулаад ирсэн. Одоо эргээд Монголын улстөрийн өнгөрсөн 26 жилийн алдаа, оноог тунгаагаад үзвэл Монгол Улсад парламентын засаглал яагаад ч төлөвшиж чадсангүй. Төлөвших байтугай жилээс жилд мухардалд орж, өнөөдөр гэвэл Монгол Улс эдийн засгийн болон улстөрийн ужигарсан хямралд автчихаад дороо дэвхцэж байна.

Өнгөрсөн 26 жилд Монгол Улс тогтвортой хөгжлийн бодлого байтугай, аль салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, төр засгаас ямар бодлого шийдвэрээр хэлбэрэлтгүй дэмжин ажиллах талаар ч нэгдсэн цэгцтэй бодлого чиглэл гарган ажиллаж чадсангүй.

Дөрвөн жил болоод л ард түмнийхээ итгэл сэтгэлээр тоглосоор гарч ирцгээдэг УИХ-ын гишүүд хэмээх дугуй танхимын “амьтад” 20-иод жил хэмлэлдсээр дөнгөж саяхан буюу 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэгч хуулийг баталсан болсон ч тэр нь бол зүгээр л нэг цаас юм. Яагаад гэвэл одоо ирэх сонгуулиар Монголын улстөр, ер нь Монгол оронд ямар хачин жигтэйхэн юм болохыг өнөөдөр баримжаалах арга байхгүй.

Магадгүй дуучин Нара тэргүүтэй Арго багш, өнөөх Сарандаваа авгай, араас нь залгаад Гүндалай мэтийнхэн пижигнэлдэж гарч ирээд “Дан бие даагчдаас бүрдсэн олонхийг УИХ-д байгуулж, Засгийн газрын тэргүүнээр Л.Гүндалайг томилно” гээд дайрчихвал юу яасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-тай л үлдэнэ. Гэхдээ 26 жил УИХ-ын дугуй заалын “амьтад”-д хууртагдаж цөхөрсөн Монголчууд арай ч тийм баларсан сонголт хийчихгүй болов уу гэж найднам.

Хамгийн гол нь сар гаруйхны дараа УИХ-ын дугуй зааланд ямар ямар “амьтад”-ыг сонгож оруулан дэвхцүүлж, харайлгах вэ гэхээр үнэхээр үзчихээд буцаагаад өгье гэсэн ч олигтой сонголтгүй болчихоод байгаад л Монголчуудын гол эмгэнэл, өнөөдрийн харуусал оршиж байгаа юм. Тухайлбал өнөөх Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Д.Тэрбишдагва, Ч.Улаан зэрэг насны болон улстөрийн зөнөглөл хосолсон этгээдүүдээс юу хүсч, юу горьдож дахин сонгож дөрвөн жил дугуй зааланд нь торжигнуулах хэрэг вэ. Түүнчлэн С.Баярцогт, Н.Батбаяр, Ё.Отгонбаяр, Г.Баярсайхан, Х.Болорчулуун, Б.Гарамгайбаатар, Б.Чойжилсүрэн, Г.Батхүү, Х.Баттулга, С.Ганбаатар, Д.Ганхуяг нарын зэрэг товаришуудыг ямар тендер будилуулж, хэдэн хуулийг өөрсдийн болон тойрон хүрээлэгчдийнхээ эрх ашигт нийцүүлэн гаргаж, түүнийхээ төлбөрт авсан хэдэн арван тэрбум болон хэдэн сая ам.долларыг оффшор дансанд байршуулж, Монголын татвар, гааль, ард түмнийг хууран мэхэл гэж сонгох ёстой вэ.

Энэ удаа УИХ-ын дугуй зааланд ямар ч үнээр хамаагүй дахин болон шинээр орж ирэхээр ёстой л “хүн алж, хүрээ талах”-аас бусдыг нь хийж яваа олон  “амьтан” бий. Тэдний дунд талийгаач ахынхаа нэр нүүрээр 2000 оноос хойш УИХ-ын дугуй зааланд тормолзож суугаа нэгнээс авахуулаад өнгөрсөн сонгуулиар Дарханчуудыг задартал нь молигодсоор дүүлээд ороод ирсэн нэг нөхөр бас бий. Тэр хоёрын хувьд өнөөдөр ёстой л “Оготны нүхэнд шургаж” байгаад ч хамаагүй УИХ-д орж ирэхээр АН, МАН, МАХН-д хадаг барьж магадгүй л байдалтай яваа. За тэгээд Монголын сүүлийн 26 жилийн улстөрд ямар урвагч шинэ ч зүйл биш дээ. Урвагчид УИХ-ын дугуй заалаар дүүрэн пижигнэлдэж байгаа.

Тэгтэл УИХ-ын дугуй зааланд энэ удаагийн сонгуулиар тун жигтэй сонин амьтад дүүлээд орж ирж магадгүй болоод байгаа. Саяхан л ХҮН гээчийн дарга боллоо хэмээгдэж тамга тэмдэг атгаад сүйд болж байсан нэг нөхөр удалгүй өнөөх ХҮН-аа бутаргаж хаячихаад сураг тасарсан. Сураг сонсохнээ АН-ын томчуудад хадаг яндар барьж гүйгээд хачин жигтэй тохиролцоо хийж амжсан л дуулдана. Тэгж байтал зургаан мандаттай Баянзүрх, Сонгинохайрхан, дөрвөн мандаттай Чингэлтэй дүүргүүдээс өнөөдөр УИХ-ын дугуй зааланд хөлхөлдөж, дүүлэлдэж байгаа “амьтад”-аас хамаагүй хачин жигтэй, сэжиглэж дургүйцмээр “амьтад” үсэрч дэвхцээд орж ирж ч тун болзошгүй.

Монголчууд бид сар гаруйхны дараа дөрвөн жил болоод л дэвхцүүлдэг УИХ-ын дугуй заалны “амьтад”-ыг хүссэн хүсээгүй сонгох л байх.

Хөгшин залуугүй уугаад л 
Хөдөө гадаагүй суугаад л 
Зон олон маань нэг л 
Зовсон шинжтэй байх юм 

Ажлын бүтээл багадаад л 
Арын хаалга ихсээд л 
Улс орон маань нэг л 
Унасан шинжтэй байх юм.

Энэ сайхан Монгол орны минь маргаашийг чухам юу хүлээнэ вэ. Хамаг сайхан ажлын чадвартай залуус нь УИХ-ын дугуй заалны “амьтад”-ыг харахаас дургүй нь хүрээд дахиад л гадагшаа дайжиж эхэллээ. Хэдэн таяг тулсан эмгэд хөгшид л өнөөх 76 амьтны төлөө ёстой албан хүчээр саналаа өгөх үлдэж байна. Өнөөдрийн бодит үнэн, УИХ-ын дугуй зааланд дөрвөн жилийн зайтай үсэрч сүлжилдэн орж ирдэг 76 “амьтан”-ы талаар өгүүлэхэд ч ийм л байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.