Д.Отгонцэцэг: Ангина болон ханиад, томуу хүрсний дараа дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай

Twitter Print
2017 оны 05-р сар 19-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

Бөөрийг дотоод эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх, амьдралын үндэс гэж үздэг. Бөөр бол тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай холбоотой эрхтэн юм. Бөөр муудахад хүний цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтдог.

Бөөр нь хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн бөгөөд биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг өвчилсөн бөөр бүрэн зайлуулж чадахгүй болсноос хамаг өвчний шалтгаан болдог байна. Иймд бид бөөртэй холбоотой өвчин эмгэг яагаад гардаг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх болон өвдсөн тохиолдолд ямар төрлийн эмчилгээ хийж, гам барих талаар "Эрин" эмнэлэгтэй хамтран цуврал зөвлөгөө хүргэж байгаа билээ.

Энэ удаа бид "Эрин" клиник эмнэлэгийн ерөнхий эмч, Дотор, бөөрний ахлах зэрэгтэй эмч Д.Отгонцэцэгийн өгсөн зөвлөгөө болох бөөрний тэвшинцэрийн үрэвсэл болон түүдгэнцэрийн үрэвслийн талаарх мэдээллийг хүргэж байна.  

Бөөр, шээсний замын эмгэгүүдийн үед доорхи үндсэн шинж тэмдгүүд илэрнэ. Бөөрний эмгэг, явц зэргээс хамаарч шинж тэмдэг өөр өөр байна. Бөөр, ууц нуруугаар  өвдөх, ойр ойрхон шээс хүрэх, халуурах, шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх, хавагнах, цусны даралт ихдэх, нүдний хараа муудах, мөн ядрах, дотор муухайрах, хоолонд дургуй болох гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд илэрнэ. Зарим үед өвчин ямар ч шинж  тэмдэг мэдэгдэхгүйгээр эхэлдэг. 

Тэвшинцэрийн үрэвслийн шинж тэмдэг

Пиелонефрит өвчний үед ууц нуруугаар чилж хөшиж өвдөх, хэвлийн доод хэсгээр өвдөх, нүүр зовхиор цэлхэрч хөөнгөтөх, ойр ойрхон шээх, шөнө шээх, шээсний өнгө үнэр өөрчлөгдөх зарим тохиолдолд даралт ихсэх шинжээр илэрдэг. Хүмүүс нуруу ууцаар өвдөх үед бөөр өвдөж байна гэж ойлгодог. 

Гэтэл нурууны зарим эмгэгүүд, эмэгтэйчүүдийн өвчний үед ч дээрх зовиур илэрдэг учраас үүнийг ялган оношилж шинжилгээгээр тодруулах хэрэгтэй. 

Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл нь хурц ба архаг гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. Хурц хэлбэрийн үед 39-40 хүртэл халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, хар хөлс гоожих, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж илэрнэ. Халуурахын зэрэгцээ бүсэлхийн ууц нуруугаар өвдөлт өгнө. Өвдөлт нь битүү, янз бүрийн хүчтэй байж болдог.

Хэрэв бөөрний тэвшинцэрийн үрэвсэл нь шээсний замын чулуужих өвчинтэй хавсарсан бол эхлээд бөөрөөр хүчтэй хатгуулж өвдөж эхэлдэг. Өвчнийг цаг алдалгүй эмчлэхгүй бол архаг хэлбэрт шилжиж эсвэл бөөрөнд буглаа үүсэх хүртэл хүндрэл гарч болно.

Түүдгэнцэрийн үрэвслийн шинж тэмдэг

Хэрэв гүйлсэн булчирхайн үрэвсэл /ангина/, уушгины үрэвсэл хатгаа, вирусын гаралтай ханиад томуугаар болон бусад халдварт өвчин тусаад эдгэрснээс 1-3 долоо хоногийн дараа цустай шээх, шээсний гарц багасах, шээс хөөстэй болох, толгой өвдөх, халуурах, даралт ихсэх зэрэг шинж илэрвэл бөөрний түүдгэнцрийн хурц үрэвсэл явагдаж байх магадлал өндөр гэж үздэг.

Энэ үед бөөрний шингэн шүүлтийн систем гэмтэн бие махбодоос шингэн ердийн горимын дагуу гадагшлахаа байснаас хаван үүсдэг нь зүрхний багтраа, уушигны хавангийн шалтгаан болно.

Мөн бөөрний түүдгэнцрийн хурц үрэвслийн үед шээс ялгаралт багасч, шээс нь мах угаасан ус юм шиг өнгөтэй болох нь цөөнгүй бөгөөд хэвлий, бүсэлхийгээр өвдөхөөс гадна бөөлжүүлж ч болно. Хэрэв эмчилгээ хийлгээгүй тохиолдолд бөөрний хурц дутагдалд орох эсвэл архаг хэлбэрт шилждэг. Хэдэн жилээр үргэлжилдэг архаг гломерулонефритийн үед шинж тэмдэг арай сул байдлаар илэрдэг.

"Эрин" клиник эмнэлэг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 37-2 тоот, Бөхийн өргөөний баруун урд талд

Холбоо барих утас: 463900, 9880-5555, 9999-2456

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.