Намар

Twitter Print
2019 оны 10-р сар 04-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

Намар ирчихжээ. Сэр сэр үлээх салхи зөөлөн гэхдээ жиндүүхэн. Хааяахан шаралсан навч хөлийн дор хийсэж ирэх нь амьдралд дэндүү яарсан миний хүүхэд насыг санагдуулна. Хэтэрхий яарч, шунасан бүхэн минь тэр үед сэтгэлийг минь булааж, амьсгалыг минь давчидуулж байсан шигээ тийм эрхэмсэг оршиж чадаж байна уу?

Магадгүй ирэх намар бүхэнд би насаа дайж, ухаарал авдаг болохоор тийм гэгэлгэн, догдлонгуй байж чадахаа больчихсон юм болов уу? Үдэж явуулсан намар бүртээ дурсамж, дурдатгалаа шивнэсэн болохоор сэтгэл хоосроод байгаа юм уу? Унасан навч бүр гуниг дуудах нь юуных вэ? Ухаарал хэлхсэн он жилүүдээ эргээд хайх нь яаж байгаа юм бол?

Нарны туниагүйхэн туяа харц гижигдэж тоглох, надаас ухаарал нэхэж, хат асуух аав шиг минь налгархан намар. Нуур, нутаг хоёрт минь хорогдон хорогдовч нэгэнтээ зөрчиж чадахгүй жамаа даган буцах шувууд, ээжийн минь уярч нялхарсан нулимстай намар. Айрганд нь нар согтож жаргахаа мартдаг, амтанд нь сэтгэл согтож харихаа мартдаг, салхинд нь цэцэгс согтож хагдарахаа мартдаг, сар хүртэл шөнийг мартаж хээр хонодог намар...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.